Wednesday, January 23, 2013

Ардчилал, шинэчлэлийн үеийн Монголын сэтгүүл зүйн боловсролын асуудалд



 2011-11-11

Өдгөө гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Орчин үеийн Монголд уул уурхайн мэргэжилтэн, сэтгүүлч гэсэн хоёр мэргэжил хамгийн их эрэлттэй байгаа гэхэд хилсдүүлэг болохгүй буйзаа. Зах зээл дээр ХМ-ийн зүгээс сайн боловсон хүчний эрэлт байнга байсаар ирсэн бол нөгөө талаас төгсөгчид ажлын байрны хомсдолтой байсан тийм цаг үе өнөөдөр боловсон хүчний сайн муу гэсэн ангилалгүй эрэлтээр солигджээ. Энэ байдал ойрын жилүүдэд өөрчлөгдөхгүй. Учир нь хууль хэрэгждэггүй, мэдээллийн хэрэгслүүд нь хэн нэгний нөлөөлөлд үйл ажиллагаа явуулж байгаа энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурахгүй харин ч нэмэгдэнэ. 2008 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан жижиг телевизүүд хаагдана гэсэн судлаачдын таамаглал биелсэнгүй харин ч эсрэгээрээ өрнөсөн билээ. Энэ системээрээ хямарсан үйл явц голдиролдоо орж бизнесмэн, улс төрчид өөрийгөө хамгаалах хэрэгсэл шаардлагагүй болох үед байдал өөрчлөгдөх боломжтой юм. Ирэх жил сонгууль болох учир дахин шинээр телевиз, сонин, сэтгүүл байгуулагдахаар бэлтгэл ажлаа эхэлжээ. Интернэт сайтын тоо бүр олноор өсөх хандлага байна. Үүнийг дагаад чадварлаг боловсон хүчний асуудал зайлшгүй сөхөгдөнө.
Түүхийг сөхвөл, бичиж туурвих авьяастай, өөр мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан Монголын сэтгүүл зүйд 1960-аад оны эхэн үеэс ЗХУ, Болгар, ХБНГУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн сэтгүүлчид ажиллах болжээ. 1960-1961 оны хичээлийн жилээс МУИС-ийн хэл бичгийн факультетийн дэргэд сэтгүүлч мэргэжлээр  анх удаа оюутан элсүүлж, 1962-1963 оны хичээлийн жилд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлсэн байна. Тус тэнхмийг 1967-1977 онуудад МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд шилжүүлж тэнд 6 удаа төгсөлт хийсэн юм.  Мөн 1971-1987 онд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургуульд сэтгүүлчийг бэлтгэж  нийт 370 гаруй хүнийг төгсгөжээ. 2000 оны байдлаар буюу өнгөрсөн 40 жилийн хугацаанд гадаад дотоодын их, дээд сургуулиар нийт 1230 шахам сэтгүүлч бэлтгэжээ.   
1990 оноос хойш улсын болон хувийн их, дээд сургуулиуд сэтгүүлч мэргэжлээр сургалт явуулж 2006 оны байдлаар 22 их, дээд сургууль сэтгүүлч бэлтгэж байв. Олон сургууль байгаа нь өрсөлдөөн гүнзгийрч сургуулийн чанарт нөлөөлөх сайн талтай боловч нөгөө талаасаа сургалтын үндсэн баримт бичгүүд  бүрэн боловсроогүй, материаллаг бааз хангалтгүй, зайлшгүй үзэх мэргэжлийн хичээлүүдийг ор нэр төдий заадаг, багшлах боловсон хүчин дутмаг зэрэг дутагдал байв. Энэ байдалд дүн шинжилгээ хийж 1999 оноос МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмээс Соросын сангийн  ивээлээр “Их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн сургалтын агуулгыг сайжруулах” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлсэн юм.
            Үүний дараа 2003 оны “Сэтгүүл зүй” чиглэлийн бакалаврын боловсролын стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталж улсын хэмжээнд мөрдүүлэх стандарттай болсон юм. Энэ бол 1990-ээд оноос хойш сэтгүүл зүйн сургалтын хүрээнд хийгдсэн томоохон дэвшлүүд байсан юм. Учир нь сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй их, дээд сургуулиуд дээрх төсөл, стандартын ачаар мэргэжлийн тодорхойлолт, сургалтын агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөрүүдээ шинэчилснээр сургалтын чанарт ахиц гарч эхэлсэн юм. 
            Өнөөдрийн байдлаар сэтгүүлч бэлтгэдэг 18 сургууль байна. Эдгээр сургуулиудад өнөөдрийн байддаар 1500 орчим оюутан суралцаж байна.
1.    МУБИС
2.    СУИС-ийн харьяа Радио, телевизийн сургууль
3.    Хүмүүнлэгийн ухаан их сургууль
4.    “Отгонтэнгэр” ИС
5.    “Идэр” ДС
6.    “Зохиомж” ДС
7.    “Их Монгол” ДС
8.    “Улаанбаатар-Эрдэм-Оюу” ДС
9.    Их Засаг ИС-ийн харьяа Монголын Рояль академи, харьяа “Харцага” сургууль
10. ”Номун далай” ДС
11. “Сэтгүүлч” коллеж
12. “Орхон” ИС
13. Олон улс судлалын ДС
14. “Соёл”эрдэм” ДС
15. “Түгээмэл” коллеж
16. Утга зохиол, нийгмийн ажилтны ДС
17. Кино урлагийн ДС
 
      Дээрх сургуулиудын сэтгүүл зүйн тэнхмийн багш нарын дунд Монголын сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, стандартын хэрэглээ, материаллаг бааз, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зорилгоор 2011 оны 4-р сард  ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмээс “Сэтгүүл зүйн сургалтын асуудалд” судалгааг явуулсан юм. Харин мөн оны 5-р сард их, дээд сургуулиудын сургалтын орчин, сургалтын чанарын талаар сэтгүүлч мэргэжлээр суралцдаг нийт оюутны сэтгэл ханамжийг тодорхойлох, цаашид сургуулийн захиргаа болон мэргэжлийн тэнхимийн зүгээс оюутны суралцах нөхцөл бололцоо, сургалтын чанарыг сайжруулахын тулд хийх ажлын санал гаргах зорилгоор судалгаа хийлээ. Судалгаанд “Номун далай” дээд сургуулиас бусад 17 их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн 271 оюутан хамрагдсан бөгөөд анкетийн аргаар  мэдээллийг авсан юм. Хүйсийн хувьд 72 эрэгтэй, 199 эмэгтэй оюутан байсан бөгөөд курсын хувьд авч үзвэл 15.9% буюу 43 нэгдүгээр курсын оюутан, 41.3% буюу 112 хоёрдугаар курсын оюутан, 27.5% буюу 69 гуравдугаар курсын оюутан, 15.3% буюу 47 дөрөвдүгээр курсын оюутан байв.
Дээрх сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр авч үзвэл сэтгүүлч мэргэжлээр 12, олон улсын сэтгүүлч мэргэжлээр 6, орчуулагч-сэтгүүлч мэргэжлээр 5, орчуулагч-олон улсын сэтгүүлч мэргэжлээр 1, сэтгүүлч, утга зохиолын ажилтан 1, радио телевизийн сэтгүүлч 1 сургууль сургалтаа явуулдаг байна. Тэд бусад сургуулиас ялгарах давуу талаа практик давамгайлсан сургалттай, гадаад хэлийг түлхүү үздэг гэсэн байдлаар тодорхойлж  байна.  
Сэтгүүл зүйн сургуулиудад нэн шаардлагатай байдаг радио, теле студитэй эсэхийг тодруулахад теле студитэй 7, радио-теле студитэй 4 сургууль байгаа бол 7 сургууль нь огт мэргэжлийн студигүй байна. 
Харин сэтгүүлчийн ангийн оюутнууд  сургуульдаа сэтгэл дундуур байдгийн шалтгаанаа хэлэхдээ /давхардсан тоогоор/ номын сан, түүний  үйлчилгээ /55,2%/, мэргэжлийн студи, лабораторигүй байдал /51,2%/,  сургуулийн гаднах талбай, тохижилтын /49.6%/ асуудалд хамгийн их сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн бол спорт заал /28.8%/, интернет үйлчилгээ /34.4%/, сургалтын албаны ажилчдын харьцаа /30.4%/ бас түүнээс ч дутуугүй бухимдуулдаг гэжээ. Техник технологийн зуунд сэтгүүлч мэргэжлийг шохой, самбараар заах хангалтгүй гэдэг нь  ойлгомжтой хэрэг юм.  
Асуултыг дэлгэрүүлж сэтгүүл зүйн ангид суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг уу гэсэн асуултад дараах байдлаар хариулсан байна.


Дээрх хариултаас үгүй, дунд зэрэг, мэдэхгүй, мөн тийм хэмээн хариулсан оюутнууд сэтгэл дундуур байгаагийнхаа шалтгааныг ийнхүү хариулжээ.  
      

Сэтгүүл зүйн багш нар сэтгүүл зүйн стандарт цаг үеийн шаардлагыг төдлийлөн хангахаа больж хуучирсан учир ягштал баримтлахад түвэгтэй гэсэн хариултыг өгсөн бол оюутнууд ч мөн нийгмийн хөгжил, хэвлэл мэдээллийн зах зээлээ дагаад сургалтын хөтөлбөрт компьютер график дизайн, хөтлөгчийн ур чадвар, сэтгүүлчийн ур чадвар,  дадлага давамгайлсан хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулах хүсчээ.
 


Сургалтын агуулга гэдэг зүйл заавал цаг хугацаагаар хэмжигддэг гэж энд хэлж байгаа хэрэг биш юм. Харин шинжлэх ухаан технологийн хөгжил, хүмүүсийн оюуны хэрэгцээ шаардлага дээр үндэслэгдээд сэтгүүл зүйн сургалтын ажилд ч мөн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг өгүүлж байна. Учир нь өнөөгийн сэтгүүл зүйн хандлага телевизийн сэтгүүл зүй болон онлайн сэтгүүл зүйгээр тодорхойлогдож байна. Ийм нөхцөлд бэлтгэн гаргаж буй сэтгүүлчдийг техник, болон өөрчлөгдөн хөгжиж буй технологийн дэвшилтэй танилцуулах, улмаар түүнд сургах шаардлага урган гарч байна. Учир нь орчин үеийн сэтгүүл зүйг интернэт, компьютергүйгээр төсөөлөхөд түвэгтэй болсон юм.  Үүнийг дараах хариултаас харж болно. Сэтгүүлчээр одоо суралцаж байгаа оюутнуудын дийлэнх нь  телевизэд ажиллах сонирхолтой байдаг.
 



           

Төгссөн мэргэжилтний тоог нарийвчлан гаргах оролдлого хийсэн боловч амжилттай болсонгүй. Учир нь сургуулиуд төгсөгчдийн судалгааг нарийвчлан хийдэггүй ба төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлийн ажлаа хийдэг гэсэн хариултыг  өгчээ.
Нэгэн үе сэтгүүлчдийг өндөр шалгуураар ажилд авдаг байсан бол өнөөдрийн байдлаар томоохон өдөр тутмын хэвлэлүүд хүртэл ямар нэгэн цензургүйгээр өөрийн давтан сургалтдаа хамруулан ажилтнаар авах тухайгаа сонины хариуцлагатай албан тушаалтнууд нь хэлж байна. Гэхдээ бүх ХМХ ийм байгаа гэж ойлгож болохгүй юм.  Телевизүүдэд ажиллах сонирхолтой төгсөгчдөөс үүдээд радио, сонин, сэтгүүл, цахим хуудсууд ажиллах хүчний сонголт, шалгаруулалт байхгүй болоход хүрчээ.
Харин сэтгүүл зүйн ангийнхан сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах эсэх тухайгаа доорх байдлаар хариулжээ.


Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?
 


Үгүй хэмээн хариулагсад мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн шалтгаанаа дийлэнх нь сэтгүүлчийн цаг наргүй ажлаас бэрхшээсэн гэсэн бол 20 хувь нь үргэлжлүүлэн суралцана хэмээн хариулсан байна.  
 



Дээрх асуулттай холбоотойгоор сэтгүүл зүйн сургалт муу хэмээн ХМХ-ийн эздийн зүгээс ирдэг шүүмжлэлийн шалтгааныг сэтгүүл зүйн багш төгсөгчдийн чанартай холбожээ.
 

Харин судалгааны дүнг үзвэл 77.1% нь мэргэжлийн багш нартаа, 18.8% англи хэлний багш нартаа, 15.1% нь ерөнхий суурь хичээлийн багш нартаа сэтгэл хангалуун байдаг гэжээ. Дээрх үзүүлэлтүүдээс харахад сэтгүүл зүйн мэргэжлийн багш нартаа оюутнууд сэтгэл хангалуун байдаг ба багшлах ур чадварыг сайн хэмээн тодорхойлсон байна. Гэвч зарим багш нарын хувьд оюутнуудыг шударгаар дүгнэдэггүй, зан харьцаа муу, заах арга зүй тааруу, хувь хүнийхээ хувьд таалагддаггүй гэжээ.
Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд мэргэжилтний чанараа  өөр дээрээ хүлээдэггүй /элсэгчдийн чанар муу 50%/ харин өөрсдөд нь тохож байгаа нь анхаарал татаж байна.  Гэвч суралцагчдаас авсан судалгаа, бас ХМХ-ийн эздийн санал бодол үүнээс эсрэгээрээ буюу  сургалтын орчин тааруу, сургалтын чанар муу гэж дүгнэж байна. Хувийн сургуулиуд элсэгчдэдээ ямар нэгэн шаардлага тавьдаггүй нь төгсөгчдийн чанарт нөлөөлж байгаа нь үнэн боловч 18 их, дээд сургуулийн  40 хувь нь студигүй, мөн  өнөөгийн Монголын  сэтгүүл зүйн төрх байдал дээрх дүгнэлтийг нотолж буй учир сэтгүүл зүйн сургалт эрхэлж буй байгууллагууд тодорхой хэмжээнд  хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна

Дээрх судалгаанаас дүгнэхэд сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд сургалтын материаллаг баазыг сайжруулах, практик давамгайлсан сургалтыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг практикт ойр болгох, сэтгүүл зүйн багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, стандартыг дахин шинэчлэх, элсэгчдийг чанаржуулах зэрэг асуудлыг сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал хэмээн тодорхойлж байна. 


Abstract

Issues on Mongolian journalistic education in the  era of democracy and reformation

Today 18 college and university are preparing journalists and about 1500 students are studying in there. Currently, there are over 400 mass media. Within this year many will be added. With given environment and market demand, need for skilled human resource for mass media industry. Students need on hands practical knowledge, and improvement of skills. Deparment of Journalism and Mediatechnology, University of the Humanities conducted   sociological  survey of lecturer on journalism and students, who studied by journalism  in  April and May, 2011.  The vital issue of Mongolian journalism are update journalism standart, upgrade the quality of training, improve the quality of university entrant and improve the resource bases 


 

No comments:

Post a Comment