Сэтгүүлч О.Сэлэнгийн “Ерөнхийлөгчийн эрх мэдлээс давсан
харийнхны түрэмгийлэл” нийтлэл нь Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай, тэнд
ажиллаж буй ажилчдын нөхцөл байдал, эх орныхоо нутаг дэвсгэр дээр эрхээ эдэлж
чадахгүй байгаа ард түмэн, хууль дүрмээ барьдаггүй төр засаг, Монголын баялагт
улайран шунаж буй гадаадынхны тухай өгүүлжээ. Сэтгүүлчид зүй ард түмний эрх
ашгийн үүднээс эрх баригчдын үйл ажиллагааг хянаж, хоточ нохойн үүрэг гүйцэтгэж
байдаг бөгөөд энэ дагуу Хөшөөтийн уурхайн үнэн төрхийг нүдээр үзэж, баримтаар
харсаар байж өнөөг хүртэл төр засгаас уурхайн талаар ямар нэгэн арга хэмжээ
авахгүй байгаа нь сэтгүүлчийг энэ нийтлэлээ бичихэд хүргэжээ. Нийтлэл бүхэлдээ
шүүмжлэлийн өнгө аястай бөгөөд сэтгүүлчийн “Гэвч бодит байдал дээр Хөшөөтийн
уурхайд БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийн хятад ноёд эдийн засгийн ноёрхлоо
тогтоож, нутаг орон, байгаль орчныг нь лиценз гэх алга дарам цаасаар түрий
барин сүйтгэж, сүйрүүлсээр долоон жилийг ардаа орхижээ” харин Хөшөөтийн уурхайн
ажилчдыг “Тэд ардчилсан нийгмийн хөрсөнд жинхэнэ утгаараа боолын хөдөлмөр
эрхэлж сууна” гэсэн өгүүлбэрээс тодорхой харагдана.
Асуудлыг шүүмжлэлт өнцгөөс харж буй сэтгүүлч жишээ
баримтаар сайтар нотлох шаардлага байдаг. Тэгвэл сэтгүүлч манай газрын хэвлий
дэх баялагийг зөөх гэж 200 сая ам.доллараар авто зам тавьсан, Цэцэг сумын төвд
гэхэд л Соёлын ордон барихад нь зориулж 120 сая төгрөг өгөх ёстойгоос 30 саяыг
өгсөн, Мөст сумын засаг дарга тус компанид усны хайгуул хийхийг зөвшөөрсний
төлөө сумын хөгжилд дэмжлэг үзүүлэхийг хүсэж 80 сая төгрөг үзэглэсэн ч мөн л
луу унжин 40 саяыг бэлнээр өгсөн, уурхайн нүүрсний хэмжээ 87,5 сая тонноор
тогтоогдоод байгаагаас 40 тонн нь коксжон нүүрс байх магадлалтай гэж эрдэмтэд
хэлсэн, тус орд газар үйл ажиллагаагаа муу явуулж байна гэсэн дүгнэлтийг Улсын
мэргэжлийн хяналтын газраас гаргаж, үүдийг нь барьсан гэх зэргээр баримтыг
хангалттай оруулжээ. Эдгээр баримт нотолгоо нь
эх орны минь баялагаас зөөж буй гадаадынхны эсрэг төр засаг маань нэг юм
хийх цаг болсон юм бишүү гэсэн санааг хэлж нутгийн иргэд хэрхэн хохирч, ямар
хэцүү нөхцөлд аж төрж буйг харуулж чадсан байна. Сэтгүүлч эдгээр тоо баримтыг хуурай
тоочоод өнгөрсөнгүй харин аль болох уншигчид ойлгомжтой байхаар боловсруулжээ.
Тухайлбал, “Учир нь энэ онд тус компани орон
нутгийн орлогын нийт хувийн 3.1 хувийг Хөшөөтөөс олох ёстой байсан. Тодруулбал,
нэг тэрбум 400 сая төгрөгийг Ховд аймгийн хөгжил цэцэглэлтийн хөрөнгөд оруулна
гэсэн үг. Харамсалтай нь нэг ч төгрөг аймгийн дансанд хийж чадаагүй байна”
гэсэн өгүүлбэр орон нутгийн орлогын 3,1 хувь гэдэг тоог уншигчид илүү
ойлгомжтой болгохыг тулд мөнгөн дүнгээр хэлсэн оновчтой болжээ.
Сэтгүүлч олон ч эх сурвалжыг ашиглаж, асуудалтай
холбогдох олон хүнтэй уулзаж асуудлыг тодруулжээ. Уурхайн ажилчид, нутгийн иргэдтэй
уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонссоноос гадна нутаг орны аж байдалтай
танилцсанаа дурьдсан нь энэхүү нийтлэлийг үнэн бодит амьд болгож чадсан байна.
Сэтгүүлч О.Сэлэнгийн нийтлэл уншууртай, уншигчийн
сонирхлыг алдахгүй барьж байдаг сайн сэтгүүлчийн туршлагаар бичигджээ. Үүний
нууц нь сэтгүүлч олж цуглуулсан тоо баримтыг сайтар боловсруулж, уншигчдад
ойлгомжтой, сэтгэлд ойр буухуйцаар энгүүн сайхан монгол хэлээр бичсэнд оршино.
“Сормуусан дээрээ тоосонцор тогтоож, чихнийхээ угалзанд тортог хунгарлуулсан
эгэл ард бол Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн ажилчид” гэсэн эхний өгүүлбэр
уурхайн ажилчид, тэр орчим аж төрж буй
иргэдийн бодит байдлыг нүдэнд харагдтал
дүрсэлсэн бол цааш “Уурхайн туслах ажилчид ямар хэцүү нөхцөлд өглөөнөөс үдшийн
бүрий хүртэл мал нохой мэт зүтгээд сард 200-300 мянган төгрөгийн цалин
авч, ажлын голыг нугалах уулын ажилчид
800 мянга хүрэхтэй үгүйг авдаг байна. Мөн нутгийн ард иргэд нь эртний сайхан
цагт ааруул идээгээ нар салхинд тавьж хатаадаг байсан цаг улиран өнгөрөөд
долоон жилийн нүүр үзэж буйгаа хуулчилсан нь монгол ёс заншил маань алдагдаж
буйг харуулж байна. Өглөө гэр дээрээ хатаахаар тавьсан ааруул нь орой гэхэд
нүүрснээс өөрцгүй болдог гэсэн нь энэ жишээний нэгэн илрэл болж чаджээ.Уул
уурхайн тортогийн хажуугаар урд хөршийг зорих хүнд даацын ачааны машинуудын дуу
чимээ хэрээс хэтэрчээ. Өдрийн цагаар цэцэрлэгийн багачууд унтлагын цаг бус “Хэн
тэвчээртэй вэ” тэмцээн явуулдаг талаар эл салбарынхан ам уралдуулан ярьж байсан”
гэсэн өгүүлбэрүүдээс харагдана.
Сэтгүүлч нийгэмд
хөндөх шаардлагатай сэдвийг сонгон авч, түүнийг тал бүрээс нь системтэй авч
үзэж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд асуудлаа даацтай боловсруулах
шаардлага гардаг. Тэгвэл сэтгүүлч О.Сэлэнгэ Хөшөөтийн уурхайд экологийн
тэнцвэрт байдал алдагдаж Монгол хүн бүрийн өрийг өвтгөсөн буй байдал, ард
түмний эрх ашиг харийнхны уланд гишгэгдэж байгаа явдлыг илчилж төр засгаас
дорвитойхон арга хэмжээ авахыг анхааруулсан юм. Ингэхдээ Монголын төр засаг энэ
асуудлыг шийдэхийг хүссэн царай гаргаж байгаа хэрнээ хийхийг хүсэхгүй байгаа гэдгийг “Ерөнхийлөгчийн
эрх мэдлээс давсан харийнхны түрэмгийлэл” гэсэн гарчгаараа илэрхийлээд
зогсохгүй “Монголын тал нутгийн баруун
хязгаарт орших Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын заагт байрлалтай тус уурхайн
ажил байдалтай өнгөрсөн 5-р сарын 26-28 ны өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
УИX-ын гишүүн С.Эрдэнэ, Ц. Шинэбаяр нар танилцсан. Мөн МАН-ын "Ард түмнээ
сонсох" аяны хүрээнд нэр бүхий гишүүд уурхайн аж байдлыг газар дээр нь
очиж нүдээр үзсэн. Түүнчлэн тус орд газар үйл ажиллагаагаа муу явуулж байна
гэсэн дүгнэлтийг Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргаж үүдийг нь
барьсан.гэвч өнөөдөр " Мо Эн Ко "компанийхан Монгол Улсын хууль
цаазыг уландаа гишгэж, аль хэдийн үйл ажиллагаагаа өдөр шөнөгүй явуулж байна”
гэж хурцаар шүүмжилжээ. Монголын хууль гадаадынханд үйлчилдэггүй гэсэн дам яриа
байдаг нь ор үндэсгүй зуйл биш гэдгийг сэтгүүлч О. Сэлэнгийн энэ нийтлэлээс
харж болохоор байна. Учир нь уул уурхайн аж байдалтай танилцаж, эх нутагт нь
эзэн суусан харийнхныг хөөж гаргах талаар ам мөчиг өгөөд буцдаг ч Монголын
хууль гурав хоног гэгчээр нэг хэсэгтээ үйл ажиллагааг нь зогсоохоос
хэтэрдэггүй. Нүдээр харж, биеэр таннилцаад явсан манай төрийн өндөрлүүд өдий
хүртэл юу ч хийхгүй байгаад байна вэ? гэсэн асуудал хөндөж Хөшөөтийн уурхайн
гадаад эзнээс тэд авилгал авсан уу гэсэн хардлагыг уншигчдад төрүүлжээ
Нийтлэлд зарим нэг анхаарууштай зүйл байна. Сэтгүүл зүйд
эх сурвалжийг аль болох тодорхой дурьдах шаардлага тавигддаг. Энэ нь эргээд
нийтлэл итгэл үнэмшилтэй байх гэсэн санаан дээр зангиддагддаг билээ. Тэгвэл
сэтгүүлч О.Сэлэнгэ энэ нийтлэлдээ “Мо Эн
Ко” компанийн Ховд аймаг дахь төлөөлөгч
Х.Наранцэцэгээс өөр тодорхой эх сурвалж дурдсангүй. Харин нутгийн иргэд
хуучилж байсан, эл салбарынхан ам уралдуулан ярьж байсан, уурхайн ажилчид дуу
нэгтэй хэлж байсан зэргээр тодорхойгүй эх сурвалжуудыг өгүүлжээ.
Сэтгүүлч О.Сэлэнгэ хүн бүрийн анхаарлын төвд оршиж буй
уул уурхайн сэдвийг шүүмжлэлт байр
сууринаас авч үзэн төр засгийн анхааралд хүргээд зогсохгүй энэхүү нийтлэлээрээ эх орныхоо баялаг, газар шороонд
санаа зовинох сэтгэлийг уншигчид төрүүлж чадаж байгаагаар нийтлэлийн үнэ цэнэ
тодорхойлогдож байна.
Улаанбаатар хот 2011 он
Улаанбаатар хот 2011 он
No comments:
Post a Comment