Monday, December 30, 2013

Хувь заяаг ололцсон он жилүүд

Тэмдэглэл 



Мэргэжил сонгож, их, дээд сургуульд элсэн суралцахыг хувь заяаны сонголт гэж би боддог. Хүмүүс ямарваа зүйлийг хийх гээд хүч хүрэхгүй, эсвэл шантарч буцахдаа амь биш, заяа биш гэлцдэг. Тэгвэл дунд сургуулиа дүүргээд мэргэжлээ сонгох нь амь биш ч заяа юм. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй санагддаг.  10 зун дараалан орон нутагт элсэлтийн ажил хийхдээ ойлгосон зүйл энэ.

Багш зунжин амардаг. Зүгээр суух дургүй, бас  хөдөө гадаа тэнэх дуртай миний анхаарлыг Монголын их дээдд сургуулиудын консорциум \МИДСК\-аас орон нутагт зохион байгуулдаг оюутан  элсүүлэх ажил ихээхэн татаж байв.  2003 оны хавар захиралдаа орон нутагт явуулахыг хүсэхэд “энэ жил доктороо хамгаал, дараа жилээс болно биз” гэлээ. Захирлын хэлсэн дагуу л бүгд болж, дараа жил нь Баян-Өлгий аймагт томилогдов.

Эхний жил комиссын нарийн бичгийн даргаар сонгогдож билээ. Нисч явсан онгоцонд эвдрэл гарч замдаа Тосонцэнгэлд Идэр голын эрэг дээр Хөвсгөлийн онгоц засварчин, сэлбэг авчрахыг хүлээж өдөржин байгаад үдээс хойхно нисэв. “Та нар азтай хүмүүс”  гэж орон нутгийн нисэх буудлынхны хэлсэн үг настай даргын даралтыг ихэсгэсэн тул анхны жилээ даргын үүрэг гүйцэтгэгч хийсэн юм. "Улаан" Баян-Өлгийд ардчилсан намынхан анх удаа ялалтаа тэмдэглэж байсан тэртээ он жилүүдээс хойш 9 жил комисс ахалжээ.

Эхний үед элсэлтийн шалгалтыг орон нутагт авдаг байсан учир шалгалтаа авч, сурагчдыг дүнгээр нь эрэмбэлээд хуваариа олгоход 10 орчим хоног ажилладаг байв. Дийлэнх өдөр нь нойргүй явна. Хар дагуулсан хүнд хүчир ажил болохоор хүмүүс халгах, эсвэл нэг, хоёр удаа яваад дахин явах эрхгүй болох тохиолдол ч бий. Харин МИДСК надад 10 жил итгэл хүлээлгэснийг араасаа айхтар хэл ам дагуулж, яршиг түвэг хаа хаанаа удсангүй өдий хүрсэн болохоор тэгээ биз гэж боддог. 



Нутгийн аялгуу

ХИС-ийн буянаар Монгол орныг бараг тойрчээ. Аз болоход өмнө үзсэн аймгууд руу томилогдоогүй учир бүгдэд шахуу очжээ. Аймаг бүрийн аяз аялгуу өөрийн гэсэн хэмнэлтэй. Баруун аймгийнхан огцом түргэн ааштай, их өндөр дуутай, шаламгай хүмүүс байдаг бол харин зүүн аймгийнхан намдуу тайван. Дархан-Уул, Орхоныхон хот газрын хүмүүсийн хэт сэргэлэн, залирхаг ааш гаргана. Хөвсгөлийнхөн Дэлгэрдалай, Гүнмөрөн гэсэн усны нэртэй бол Сүхбаатар аймгийнхан Цагаан, Улаан, Бор гэсэн өнгөний нэртэй. Нэг удаа   Бор эгчийн  гуйлтыг биелүүлж,  “Шар ахаа, таныг Бор эгч дуудаж байна” гэж хэлэхэд өөрийн эрхгүй л инээд хүрч билээ.
 Орон нутгийн ХМХ-ийн үйл ажиллагааг өөрийн эрхгүй анхаарна. Зарим аймгийнхан юмны туханд хүрэлгүй камер, микрофон барьж дайрч орж ирнэ. Мэргэжлийн хүн учир сэтгүүлчдээс жийрхэх тал гарахгүй. Тэд харин камераас айхгүй намайг гайхна. Хүнтэй зөв мэндэлж, олигтой асуулт асууж чадахгүй байж  сэтгүүлч нэрэндээ хэтэрхий итгэж хөмсгөө зангидан чухал царайлах залуусыг харах тоолондоо намар нөгөө хэддээ энэ тухай орой руу нь ортол хэлж өгөх юмсан гэж бодно.   
2009 онд Хөвсгөлд ажиллаж явахад тэнд амарч явсан нагац ах маань залгаж,
-          Чи энэ Хөвсгөлийн телевизээр гарч байх шиг байх юм. Гэтэл чамайг Д.Даваадорж гээд л гаргаж байна гэж билээ.
Нэрийн хуудсыг минь ядаж монгол талаар нь эргүүлж харалгүй овог нэр хоёрыг андуурсан нь тэр. Мэдлэггүй гэхэд хаашаа, шуурхай гэхэд хаашаа. Тэгээд л хичээлд хэрэглэгдэх жишээ болон үлдэж.
2010 онд Говь-Алтай аймагт очиход аймгийн Тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн ”Зэрэглээт Алтай” телевиз ру утасдаж,
-Хотоос Элсэлтийн комисс иржээ. Танай телевиз ярилцлага хийж хүмүүст мэдээлэл хүргээч гэв. Гэтэл өмнөөс нь
-          35000 төгрөг гэх дуулдана
-          Тэгвэл ярилцлагаа больё, багахаан мэдээлэл өгье гэхэд цаанаас нь,
-          Тэгсэн ч гэсэн 35000 гэв
Орон нутгийг ХМХ ийм мэдээллийг үнэгүй цацах ёстой. Хуваарь олгох ажиллагаа бол яг энэ цагт аймаг оронд болж байгаа чухал явдлуудын нэг. 18 сумаас эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн, хэзээ, хаана, хэрхэн болохыг мэдэхийг хүсч байдаг.
Надад хэлэх үг олдсонгүй. Элсэлт болох сургуулийг хүүхдүүд мэдэж байгаа юм чинь мэдээллээ цонхон дээрээ сайн наая л гэлээ. Энэ бол Монголын ХМХ-ийн хэвшмэл болсон дүр төрх. Орон нутагт зах зээл бага, рекламын захиалагч цөөн тул тэдний санхүүгийн байдал хүнд л дээ. Гэхдээ л би хэд хэдэн аймгаар явахдаа ийм байдалтай нүүр тулж байгаагүй юм. Тэр бүү хэл Хөвсгөлийн телевиз бол элсэлтийн явцыг шууд дамжуулна. 


Хүүхэд эцэг эхийнхээ нурууг харж өсдөг

Ийм Япон ардын үг байдгийг саяхан сонслоо. Эцэг эхээс хүүхдийн хувь заяа, амьдрал шалтгаалдаг гэдгийг би жил ирэх тусам ойлгодог.
Аймаг орондоо өндөр алба хашдаг хүмүүс андашгүй. Хүүхдүүд нь ихэнхдээ сайн суралцаж, ЭМШУИС, СЭЗДС, МУИС-ийн эдийн засгийн анги сонгоно.  Аав ээж нь аятайхан цэвэрхэн хэрнээ ихэд тохируулж хувцасласан байдал, цэгцтэй яриа хөөрөө, өнгөлөг царай зүс гээд түүний нийгмийн байдлыг илэрхийлэх зүйлс дээр сурлагатай, сайн хуваарь сонгож байгаа  өөртөө итгэлтэй хүүхэд нь түүний  имижийг тодотгодог. Харин тааруухан сурлагатай, доожоо муутай хүүхдийн эцэг эх мөн тийм л байна, ихэнхдээ.
Гэхдээ эцэг эх ядруу айлын хүүхэд бүр муу бишээ. Олон бүлгүүдийн эхний тавд жагсдаг хөдөөний хөөрхөн бор хүүхдүүд бий. Бүлэг бүрийн эхэнд дуудахад татгалзаж байгаа хэлээд ихэмсэгдүү гарч одно.  Узелиэр аль олон зарлагдаж байгаа хүүхэд хуваарь олголтын хэдэн өдрөөр барахгүй, тэр төгсөгчдийн дунд од болон насаараа яригддаг.
Хэдэн жилийн өмнө Дорнод аймгийн Баян-Уул сумын дунд суруулийг төгссөн хүүгийн тухай яриа одоо хэр нь хуучраагүй байна лээ.  Өсгий нь элэгдээд бараг газар хүрчихсэн 1500 төгрөгийн үнэтэй резинэн углааш өмссөн ээжийгээ дагуулж орж ирсэн хүү 800 оноо авч бүлгийн нэгд зогсож байсан учир МУИС-ийн хуваарь авахад ээж нь дургүйцэж сургалтын төлбөрийн мөнгө байхгүй гээд хуваарийг болиулжээ. Тэр үед Баян-Уул сумын сургуулийн захирал Энхбарс байж таараад, “Энэ сумын дарга миний шавь юм. Би түүнд хэлж чамайг сургуульд  явуулна. Хуваариа ав” гэж хэлээд сургуульд явуулсан түүхийг Дорнод аймгийн Боловсролын салбарынхан бахархан ярьж байна билээ. 
Үнэндээ ч ард түмний амьдрал хэцүүхэн гэдгийг хөдөө очоод л мэдэрдэг. Сургууль сонгохдоо төлбөрийг асуух хүмүүс цөөнгүй. Зарим нь төлбөрөөс хамаарч хуваарь сонголт хийдэг гэсэн үг.
Элсэгчид аав ээжийгээ, ах дүүгээ, багшаа, найз нараа дагуулан ирж хуваариа сонгодог.  Ээжийн эсвэл аавын залуужуулсан хувилбар  орж ирнэ. Насны зөрүүтэй хоёр ижилхэн хүн орж ирэх их сонин. Надад сайхан, дулаан мэдрэмж төрүүлдэг болохоор  хуваариа сонгоод гаран гартал нь дагуулан хардаг.
Дийлэнхдээ ээжүүд л хүүхдээ дагуулан орж ирнэ. Тэгсэн хэрнээ аав руу нь ямар хуваарь сонгохыг утсаар асуудаг ч олигтой хариулт өгч сонсогддоггүй юм. Бодоход ээж завгүй аав завтай баймаар.
Ээжээрээ овоглосон хүүхдүүд олон. Ээж охин хоёр ямар мэргэжил сонгохоо шивнэлдэж ярилцана. Ийм хүүхдүүд цаанаа  л нэг итгэлгүй, насандаа баймгүй хэрсүү, бусдаас дутуу гэдгээ  үргэлж мэдэрч, хамгаалж өмгөөлөх аавгүй болохоор харц дальдирах нь цаанаа л өрөвдөлтэй.    Харин элэг бүтэн хүүхдүүд онгироо, аархуу, хэний ч өмнө бардам зогсдог.
Хуваарь сонгоход багш их үүрэгтэй. Багш нарыг хоёр ангилж болмоор. Эхнийх нь үнэхээр мэдлэгтэй, орчин цагийн мэдээлэл сайтай багш нар байна. Тэд шавь нартаа сайн зөвлөдөг. Харин хоёр дахь ангилалын багш нар их мэдэмхий. Тэд мэргэжлийн талаар төдий сайн мэдлэггүй ч ямар хуваарь сонгохыг нь зөвлөдөгггүй, харин зааж өгнө. Өмнөөс нь харамсах үе ч гарна. Гэхдээ тэд надад биш, багшдаа итгэхийг нь мэдэж байгаа учир дуугүй байсан нь дээр байдаг юм.
Олон жилийн туршлага заримдаа тааруухан хуваарь сонгохыг болиулж дөнгөнө. Өнөөх хүүхэд өөрийнхөө хүссэн ангиа сонгоод талархах  хамгийн гоё. Нүд нь гялалзаад л баярласнаа илэрхийлдэг. Энэ өдрүүдээс авдаг хамгийн сайхан мэдрэмж тэр.
Аймаг харгалзахгүй байдаг нэг сонин үзэгдэл Монголчуудын үндсэн зан аашийг илтгэдэг. Хуваарь сонгуулж буй зааланд хүүхдүүд онооны дарааллаар ар араасаа зогсдог юм. Энэ жил Дорнод аймагт 16 дугаар бүлгээс хуваарь сонгох гэж буй нэг охин хуваариа сонгож чадахгүй эргэлзэж байх үед арын хүүхдийн ээж,
-          Ашгүй, миний охины мөрөөддөг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  Сэтгүүлчийн ангийн хуваарь байж байна гэтэл өнөөх хуваариа сонгож чадахгүй байсан охин
-          Би энэ сэтгүүлчийн ангийг авъя гэв
Арын охин уйлж, би ч харамссан юм.
-          Чи итгэлтэй байна уу? Чи сэтгүүлч болох юмуу гэж намайг асуухад, ялсан баатрын дүрээр
-          Би чадна гээд инээмсэглэж билээ.
Ийм сонголттой би бараг зуун удаа таарч байгаа юм. Тийм учир арын хүүхдүүдийг чимээгүй байхыг байнга анхааруулдаг. Хүний юм амттай байдаг юм, манайханд
Зарим охид хувь заяагаа сэтгэл хөдлөлөөрөө л шийдэж орхино. МУБИС-ын бага ангийн багш, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн хуваарь олон байдаг учир эхэнд тийм хуваарь сонгосон охин ангийнхаа охиныг
-          Зулаа чи энэ хуваарийг авчих.  Хоёулаа нэг ангид сурья гэхэд нөгөөх нь хөөрөөд л сонгох орхино. Ингээд л тухайн мөчийн сэтгэл хөөрлөөр хувь заяагаа шийдчих нь тэр.
Увс аймагт хуваарь сонгуулж байхад тавдугаар бүлгээс хуваарь сонгож байсан нэг хүү ШУТИС-ийн үлдсэн есөн хуваарийг дээрээс эхлэн  хоёр удаа тоолов. Чи хуваариа сонгохгүй юуг нь тоолоод байдаг юм гэсэнд
-          Эгчээ одоохон. Би бингодож байгаа юмаа. 28 гэсэн тоо таарсан хуваарийг авах гэж байгаа юм гэж билээ.
Үлдсэн хуваарьт түүний сонгосон хуваарь байгаагүй, Тэгээд ч  Гидромеханик инженер, Дулааны процессын автоматжуулалт, Инженерийн процесын загварчлал,  Метал судлал, технологи, Хүнсний биотехнологи гэсэн хэдэн ангид элсэн хэн болохоо мэдэхгүй, дагаж яваад зөвлөх ээж аав ч байхгүй болохоор нээрээ ч мэргэн сонголт ч байсан байж мэдэхээр байв, дараа бодоход.
Хүүхдүүд хүссэн хуваариаа авч чадахгүй үедээ үйлна, уурлана. Янз янзын л авир гаргана. Тэр бүхэнд эцэг, эх хүүхдийнхээ өмнө гэмшингүй царай гаргаж аргадна. Энэ хавар Дорнод аймагт түүхийн хичээл дээр 473 оноо авсан хүүхэд СУИС-ийн Түүх, музейн арга зүйн ангийг аваад ээжийгээ цохиж аваад баахан уйлж билээ. 
 - Миний дүү хичээлээ давтахгүй дээ гэтэл ээж нь охиноо өмөөрч
- Уг нь хичээлдээ сайн хүүхэд байгаа юмаа. Шалгалтан дээрээ л азгүйтчихсэн юм гэлээ.
Нээрээ азгүйтээ юу гэтэл бусад оноонууд ч барагхан юм харагдав. Эхийн сэтгэл гэж.


Хүний сайн нь

“Аливаа зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулбал тэр зүйл үр дүнд хүрэх нь гарцаагүй” гэдэгт би итгэдэг. Энэ 10 жилийн хугацаанд жилийн 15-20 хоногийг энэ ажилд зарцуулжээ. Мэдээж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан болохоор олон хүнтэй танилцаж, олон зүйлд суралцаж, тэр хэрээр ухаан сууж, юмны наадах цаадахыг эргэцүүлж амьдралаас авах ёстойгоо авсан байж таараа.
Энэ ажлын хамгийн халгамаар зүйл нь шинэ хүмүүстэй танилцах. Тэдний ааш аягийг олж ажлаа аятайхан амжуулах. Бараа зүсийг  нь хараагүй, зан аашийг нь мэдэхгүй хүмүүстэй богино хугацаанд хамтарч ажиллах хэцүү. Жинхэнэ хүний ая эвийг олох хэрэг гарна. Ямар ч хүнтэй зөөлөн, аяар нь харьцахад арга нь олдоно. Энэ хэдэн жил ийм л тактик барьж ирж. Арайхийж хүнийхээ түлхүүрийг олоход ажил дуусч байдаг сан. Энэ миний амьдралдаа олж авсан хамгийн сайн туршлага.
Зарим аймгийн Боловсролын газрынхан хотын комиссыг хөөж туусан, хамтарч ажиллахгүй гээд тамга тэмдгээ аваад зугтсан гэж дуулддаг. Эл явдал ихэнхдээ биднээс л болно. 
2006 онд Хөвсгөл аймагт хамтран ажилласан Төмөрбаатар даргатай Боловсролын газрынхан үнэхээр сайхан хамт олон байж билээ. Ховд, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн дарга нарын голч төв байдлаас их зүйл сурсан. Хөвсгөлийн Мэргэжлийн хяналтын байцаагч Оюун-Эрдэнэ эгчтэй хоёр удаа хамтран ажиллахад их түшиг болж билээ. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Ч.Биндэръяа, 14 дүгээр сургуулийн захирал А.Сэлэнгэбаатар, Дархан-Уул аймгийн байцаагч Амарсанаа гээд донжтой, мэдрэмжтэй сайхан хувцасладаг, эмэгтэй хүний намба төрх ийм л байдаг байх гэж харсан хүн бүхэн бодмоор тийм эмэгтэйчүүдтэй таарснаа аз хэмээн найз хүүхнүүддээ сайрхан ярьдаг.
Би бушуу туулай. Гэрээсээ гарангуут хурдхан харих юмсан гэж бодно. Бас жаргалын удаан, зовлонгийн түргэн нь гэж хэл ам ихтэй ажлыг хурдхан дуусгахыг л хүснэ. Бас хүүхдүүдийн догдолсон сэтгэл, тэднээс ч илүү ирээдүйд нь санаа зовон байгаа эцэг эхчүүд нүдэнд харагддаг. Өөрөө хөдөөнийх ч болоод тэр үү, хөдөөний хүмүүст арай л элгэмсүү.  Хүүхдээ аятайхан сургуулийн бараа харуулчих санаатай  хөдөөнөө мал ахуй, сүү саалиа орхиод хамаатан садныдаа ирсэн эцэг эхчүүд хэд хоног халуун халж, бороонд шавшуулан узель чагнан өглөө найман цагаас шөнө дөл хүртэл гадаа зогсдог. Аймгийн төвд байх айлгүй хүмүүс нь буудалд байцгаана.  Хөдөөнийхний амьдрал ахуй юу билээ дээ. Ингээд л хүний өмнөөс санаа зовох өвчтэй болохоороо нэг хоногийн өмнө ч дуусгах юмсан эж бас бодно.
МИДСК намайг олон жилийн туршлагатай хэмээн олон хүүхэдтэй том аймагт томилно. Ховд, Увс, Дархан, Орхон, Дорнод гэсэн аймгуудийг хоёр өдөр хагастай л “дуудна”.  Нийцтэй сайхан аашгүй болохоороо олон хүн ажиллуулах дургүй. Зарим комиссыхныг харахад орон нутгаас олон хүн дайчилж, хэтэрхий олон хоног ажиллаж байгаа харагддаг. Хүний олноор биш,   сайн зохион байгуулахаас хамаарах юм шиг санагддаг ч тайландаа энэ тухай бичихээс залхуурсаар өдий хүрчээ. Элсэлтийн шалгалт дууссаны дараа аймаг болгон “Чи их хурдан ажиллах юм. Ноднингийн комисс тэд хоног, уржнангийн комисс төд хоног ажилласан юм” гэдэг үгийг ёс юм шиг хэлдэг.   Би ч сонсох дуртай байдаг юм.

 Баян-Өлгий - Сүхбаатар - Хөвсгөл - Ховд - Увс - Хөвсгөл - Говь-Алтай - Орхон - Дархан-Уул - Дорнод