Monday, November 9, 2015

Гурав нь хэзээ бол, Gonchig Undarmaa?


“Single ladies2” киноны нээлтийн урилгыг хүлээж аваад хэвлэл мэдээллээр харсанчлан киноныхоо өмнө уран бүтээлчид нь улаан хивсэн дээгүүр алхаж тайзан дээр очоод эгнэж зогсож байгаад уран бүтээлийн танилцуулга хийж киногоо үзүүлдэг гэсэн ойлголттой би “Гэгээнтэн” рүү очив. Цэцэг барьсан намайг чухал хүн гэж ойлгосон бололтой “Соронз” сэтгүүл папарацидаж орхиж. Эндээс би оюутнуудынхөө өмнө “гэрэлд гарч”,
- Танай ангийн Ундармаа ямархуу охин байсан бэ гэсэн сониуч асуулттай тулав.
- Манай нутаг ус муутай, говийн нар дээсээ уначихдаг халуун газар байсан болохоор багадаа цагаан царайтай болох л хүсэлтэй байсан юм. “Цагаан” гэдэг ойлголт бол хөөрхөн гэсэн ойлголттой дүйнэ. Хамар ам, нүд шүд ямар байхыг нэг их хэлэлцдэггүй байж. Цагаан царайтай байх л гол үзүүлэлт байсан юм. Хөөрхөн болох тухайгаа ярихдаа цагаан болох тухай л ярьдаг байсан гэсэн үг. Зуны халуунд цагаан царайтай болох гээд нүүр амаа битүү баглачихсан хүүхэн хонио хариулаад явж байсан нь ч тод үлджээ. Харин Ундармаа үеийнхэн дундаа Цагаан Ундармаа гэж алдартай хөөрхөн охин байсан тухай тэдэнд дараа хуучилснаа энд өгүүлэв.
Харин миний төсөөлсөнчлөн сингл бүсгүйчүүд энд эгнэн зогссонгүй. Бархүү бид хоёроос өөр цэцэг барьсан хүн үзэгдсэнгүйд баахан гайхсан би олныг дагаад дөрөвдүгээр танхимд руу орж явлаа. Коктэйл амталсан шиг, Nestle-ийн хар шоколад хүлхсэн шиг суугаад киногоо үзэв. 
Сайхан бүсгүйчүүд, сүүлийн үеийн трэнд болсон фашион, гайхалтай сайхан мэйкап /makeup/, чадварлаг жүжиглэлт, өөлөх юмгүй найруулга. Нүд баясгаж, сэтгэл бадраах тод өнгө, далдхан гуниглах ч жаргалтай харагдах ганц бие эмэгтэйчүүдийн ертөнц.
Хугацаа яаж өнгөрснийг ч үл гаж тэрбумтаны бие зарсхийлгэм хэсэг дээр киноны ертөнцөөс хэсэг тасарч бодит байдлаа мэдрэх тэр эгшинд “дуусчих вий дээ” гэсэн бяцхан харуусал төрөөд л адал явдал руугаа оржээ. Найруулга гайхалтай гэдгээ давтах нь илүүц биз. 
Хоёр жилийн дараа хоёрдугаар ангиа үзэгчдэдээ өргөн барьж байгаа кино гэдгээрээ энэ бас шинэлэг санагдана. Киног зорин очихдоо би хэдийнээ хоёрдугаар ангийн зохиолоо “биччихсэн” очсон юм. Сарангуа салж, Аринусанаагийн хайр сэтгэл бүтэлгүйтэж, синглчүүд дахин манаргахыг харахаар очсон юм. Тэрнээс наана би киноны тод өнгө, гэгээлэг хэсэгт бас татагдсан билээ. Гэтэл энэ миний “зохиолоос” харь хол аж. Тэгэлгүй дээ. Бүх л хүмүүс надархүү сэтгэжээ. Биднийхээр болчихдог бол киног хийсний хэрэг юу байхав дээ гэж дараа нь өөрийгөө шоолсон юм.
- Тэд зохиолоо яаж үргэлжлүүлж гэж үү? 
- Бас чиний ч “зохиолоос” өөр гэж хариулмаар байна. Намайг худлаа хэлж байнаа гэж бодож байвал та өөрийн нүдээр үзэх нь зөв. Уншигч таныг тийм хоёрдугаар ангийг бүтээсэн гэдэгт би нэг л ИТГЭХГҮЙ л байна.
Хоёр ангийг шимтэн үзсэн үзэгчийн хувьд хэлэхэд энэ кинонд гуравдугаар анги бий. Хоёр ангиа гуравдугаар ангиараа зангидаж, ганц бие эмэгтэйчүүдийн асуудлыг олон нийтэд бүрнээр хүргэж, синглчүүдээ дабль болгож ертөнцийн жамыг олонд хэлэх нь гарцаагүй. Харин хэзээ бол? 
Киноны дараа нь Шангрилад болсон нээлтийн үйл ажиллагаанд зориулсан ёслолын ажиллагааг хүлээн авалт, архи дарс гэж бас л андуурсан би гэр рүүгээ буцсан юм. Гэтэл тэнд киноны жинхэнэ нээлтийн ажиллагаа болжээ. Киноны уран бүтээлчдээ танилцуулж, хамтран ажилласан Dyrberg/kern, Art of Fashion of брэндийн загваруудыг алдартай загвар өмсөгчид, бас киноны дүрүүд маань өмсөж сонирхуулсан ажил хэрэгч ёслол тэнд болжээ. Урьд өмнө нь Монголын киноны уран бүтээлчдийн хийж байгаагүй ийм сонирхолтой, нүсэр нээлтийг хийсэн, сайхан уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэж чадсан ангийн охин Г.Ундармаагийн цараагаар бахархав. Нийгэмд танигдсан, хүндлэл хүлээсэн тэрээр Монголын 80 гаруй жилийн түүхтэй кино урлагт бас нэгэн шинэ алхам хийж чаджээ. 
-Цэцгээ яасан гэж үү?
-Бариад харьсан. Найз руугаа харин баяр хүргэсэн мессэжийн хамт зургийг нь илгээчихсэн. Өгсөнд тооцсон, өөрийгөө. 
Хөдөөнөөс холын хамаатан, ангийн найзууд ирээд, Чамтай уулзъя гээд нутгаасаа гарсан юм. Хэдэн ааруул бариад явсан танай Хүмүүнлэгийн сургуулийг ч олохгүй юм гэж мунгинасаар буцсан хөдөөний хүнтэй өөрийгөө зүйрлэлээ. Зүйрлэлээ ч гэж дээ. Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн.
"Хүн сайхан зүйл үзэж нүдээ баясгаж байх ёстой" гэж нүдний эмч нар зөвлөдөг гэж нүдний эмч эгчээсээ сонссон юм. Нүд баясаж, сэтгэл бадарна гэдэг үгийг би ингэж л ойлгосон хэрэг. Тиймдээ ч нүд баясгасан зүйлийг үзэх харах дуртай би Single Ladies 2 ихэд ойшоосон билээ.


Friday, October 23, 2015

Сэтгүүл зүйн боловсролын шинэ хандлага, боломж бололцоо

Монголд сэтгүүл зүйн академик боловсрол олгодог  төрийн болон хувийн их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн сургалт уламжлалт хэлбэрийг дагасан хэвээр байгаа юм. АНУ болон барууны сургалтын арга барил, хөтөлбөрийг нутагшуулсан гэх боловч бүрэн утгаараа биш юм. Нийгэм, технологийн хөгжил, түүнийг дагаад хүмүүсийн мэдээлэлд хандах хандлага өөрчлөгдөж байгаагийн хэрээр Сэтгүүл зүй болон олон нийтийн харилцааны боловсрол хувьсан шинэчлэгдэх нь зайлшгүй болов. ХМХ өөрөө огцом өөрчлөлтийн дунд  байдаг бөгөөд судлаачид, багш нар, салбарын мэргэжилтнүүд  энэ  өөрчлөлтийг мэдэрч сургалтыг шинэчлэх арга замыг эрэлхийлэн байдаг.
“Нью Йорк таймс”-ийн нийтлэлч Frank Bruni “сэтгүүл зүй болон хэвлэл мэдээлэл хямралын үедээ явж байна.  Энэ бол тун ач холбогдолтой хямрал” гэв  Тэрээр уг хямралын хүчтэй илэрч буй шинжийг хэсэг улс төрийн зүтгэлтнүүдийн олон нийтийн сүлжээн дэх дүрс бичлэгүүдийн хэрэглээг хянан шинжлээд, сэтгүүл зүй ба хэвлэл мэдээллийн уламжлалт үүрэг үгүй болсноор тайлбарлажээ.  Тэрээр “Бахманн, Майнер, Клинтоны бичлэгүүд түүний онцгой жишээ болно гэжээ.”
Уламжлалт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн асуудал гүн гүнзгий түвшинд хүрээд байна. “Times”-д “Сонин хэвлэлд гэрэл зурагчин хэрэгтэй юу?” хэмээн нийтлэл хэвлэгдэж байв. 2013 оны 5 дугаар сарын 30-нд ”Chicago Sun-Times“ 28 гэрэл зурагчнаа тэр хотыг бүхэлд нь мэдэрч чадах мэдлэг туршлагынх нь хамт ажлаас халж орхисон юм.  Ашиг орлогын хямрал, хэвлэл мэдээллийн хэлбэр төрхийн өөрчлөлтийн улмаас сонины эрхлэгчид зургаа чөлөөт сэтгүүлч, уран бүтээлчид, иргэн сэтгүүлчээс эсвэл газар сайгүй байх хяналтын камераас  авахыг илүүд үзэх болжээ.  Энэхүү бэрх шийдвэр зөв байсан бөгөөд үүнийг Рaidcontent.org “Сонины хэвлэлийн зардлын бүтэц хэтэрхий өндөр, бас олон нийтийн эх үүсвэрээр сайн ажиллаж байна” гэжээ.
Тэгэхээр бидэнд тулгарч байгаа асуудал бол  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагуудыг хэрхэн бэлтгэх тухай болоод байна. Хэрвээ тэдэнд ажил байхгүй бол, ядаж нэг зуунд оршин тогтнох ажлын байр байхгүй бол мэргэжлийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролын үүрэг юу болох вэ? Ямар арга зам байна?
Уг арга замыг Forbes.com-д тавигдсан нийтлэлд өгүүлжээ. Энэхүү нийтлэлд дөчөөс доош настай 29 тэрбумтаны тухай нийтлэгдсэн байна. Үйлдвэрлэлийн чиглэлийн залуу тэрбумтныг тоолбол гайхалтай их тоо харагдах болно. 12 буюу 41 хувь нь санхүүгийн ноёрхлоо хэвлэл  мэдээллийн ертөнцөд бүрдүүлж байна. Ихэнх нь тоон технологийн мэдээллийн хэрэгслээс бүрдүүлдэг. Энэ нь дөчин тэрбумтнаас дөнгөж 4 буюу 14 хувийг бүрдүүлж байгаа бусад үйлдвэрлэл, банкны ажиллагаа, хөрөнгө оруулалтаас ч илүү хол давсан үзүүлэлттэй байна. Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд 29 тэрбумтны нийт баялагийн дийлэнх хэсгийг бий болгожээ.  Тоон технологийн хэмжээ нь 40-өөс  доош насны дэлхийн 29 тэрбумтаны нийт 119 тэрбум доллар цэвэр хөрөнгийн 65 хувь буюу 75 тэрбум долларыг цуглуулдаг. Тоон технологийн мэдээллийн хэрэгслийн шинэчлэлт, бизнес эрхлэлт нь сүүлийн үеийн дэлхий даяарх эд баялагийн жолоодогч гэдгийг ойлгон ухаарахад гэнэтийн зүйл биш байх биз ээ.
  Хэвлэл мэдээллийн ирээдүйн холбоосыг үргэлжүүлэхэд мэдээллийг дамжуулах суваг үүсэн бий болж эхлэх хэрэгтэй. Careercast.com мэдээллийн сүлжээнээс гарсан хамгийн сүүлийн судалгаагаар Америкийн хамгийн шилдэг болон хамгийн муу ажил мэргэжлийг тодорхойлжээ. Хамгийн муу мэргэжлийн хоёдугаарт мод бэлтгэгч орсон байна. Энэ нь нэлээдгүй аюултай ажлаар зогсохгүй, цалин хөлсний үнэлгээ муутай ба салбартаа өсөн дэвжих боломж хязгаарлагдмал байдаг.  Хамгийн муу ажлаар сонины сурвалжлагч /үүнд телевизийн сурвалжлагч эсвэл аль ч уламжлалт хэвлэл мэдээллийн  сурвалжлагч багтана/ гэж нэрлэгджээ. Мод бэлтгэгчийн хувьд үнэхээр хүнд, аюултай ажил. 2012 онд ажил үүргийнхээ дагуу халуун цэгт амиа алдсан 70 сэтгүүлчдийг Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо бүртгэсэн байна. Түүнчлэн, олон мэдээний ажлын байрны хөлс маш доогуур, ажлын боломж нөхцөл муу, Засгийн газар,  албан тушаалтнууд дарамт шахалт үзүүлдэг гэжээ. Гэхдээ энэ судалгаанд цэцэглэн хөгжиж буй тоон технологи бизнесийн талбар болж байгаа асуудал орхигджээ. Харин Forbes.com-ийн нийтлэлийн агуулгаас харвал дижитал хэвлэл мэдээллинй салбар аль ч салбараас шилдэг нь болжээ.  Энэ бол сүлжээнд холбогдсон, гар утасжсан дижитал  эрин үед зориулсан мэргэжлийн боловсролыг бүтээх зайлшгүй хэрэгцээ бий болж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм.
Шинэчлэлт ба дижитал мэдээллийн хэрэгслийн бизнес нь энэ мэргэжлийн ирээдүйг тодорхойлж, мөн оюутнуудын ажлын карьерыг хайж олох түлхүүрийн нэг болж байгааг тод томруун харуулж байна. “The New York Times”-ийн нийлэлч Томас Л.Фрийдманы хамгийн сүүлд “хэрвээ танд ажил хэрэгтэй бол түүнийгээ өөрөө бүтээ” гэжээ.  Энэ нь сэтгүүл зүй болон олон нийтийн харилцааны боловсрол  олгогчдын анхаарах ёстой гол асуудал болоод байна. Иймд сэтгүүл зүйн багш нар   сургалтын хөтөлбөрт бизнес эрхлэлтийн зарчим, дадлага, туршлагыг болон  бүтээлч ажлын агуулга, ёс зүйг хамтад нь шингээх хэрэгтэй.
Туршлагатай ч ажлаасаа  халагдсан олон сэтгүүлч аль хэдийнээ өөрсдийн ажлын хэв маягаа олчихсон байна.  Уламжлалт мэдээллийн хэрэгслийг орхин дижитал бизнесийн салбарт шилжин орж байгаа сэтгүүлчдийн тоо маш олноор нэмэгдэж байна хэмээн 2013 оны 5 дугаар сард BuzzFeed мэдээлжээ. Зүй тогтол нь “хуучирч хэрэггүй болсныг орхин, хэвлэл мэдээллийн ертөнцийг илүү өгөөжтэй, илүү сэтгэл хөдөлгөсөн гарааны бизнесийн хөрсөнд ямар нэг аргаар суулгах. Хуучин мэдээллийн хэрэгсэл хүчгүйдэж, ямар нэг зүйлийг бүтээн босгох  нэг боломж”. Эдгээр шилжилт өөрчлөлтийг бүтээгчдийн дундаас Тайм мөн Фортун  сэтгүүлийн ажилтан байсан Josh Quittner нь Flipboard редакцийн захирал болжээ. Mark LuckieWashington Post”-ыг орхин Твитерийн сэтгүүл зүй, мэдээний менежерээр ажиллах болов. Blackbook-ийн Chris Mohney болон Newsweek-ийн Jessica Bennet нар уламжлалт мэдээллийн хэрэгслийн ажлын байраа орхиж олон нийтийн сүлжээ Tumblr-ийн ерөнхий редактор болон хяналтын редактораар ажиллахаар гарын үсэг зуржээ. Ройтерсийн олон нийтийн сүлжээ сайтын эрхлэгч Anthony De Rosa “утсан дээр суурилагдсан шуурхай мэдээний залуу аппликэйшн”-ий Circa-д нэгдсэн байна.
Салбар хоорондын боломжууд. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсрол салбар хоорондын харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй өөрийн мөн чанараараа салбар хооронд хөрвөх талбар гэж үгүй юм. Хэвлэл мэдээлэл бүх сэдвээр өгүүлдэг.  Өгүүлэх аргууд байнга өөрчлөгдөж ирсэн юм. Жишээ нь, уламжлалт сэтгүүл зүйд хүүрнэл зохиолын хэв загвар,  шог ярианы хэлбэрийг чухалчилж байсан. Харин дижитал эрин нийтлэлчдэд  нөхцөл байдлыг хангаж чадах боломж, арга хэрэгсэл, өгөдлийг өгч байна. Өөрөөр хэлбэл, аливаа сэдвийг олон нийтэд хүргэхдээ нөхцөл байдалд тулгуурлан асуудлын мөн чанарыг бүрэн гүйцэд зураглан гаргаж чадах  мультмедиа болон мэдээллийн өгөгдөлд  тулгуурлан, үүнийгээ уламжлалт бичлэгийн аргатай хослуулж хэрэглэх боллоо.
Хэвлэл мэдээллийн боловсролын салбарын  хамгийн түрүүнд гүнзгий холбоо тогтоох салбар нь  мэдээлэл технологийн болон компьютерийн шинжлэх байх юм. Энэ талбар тоон технологийн хувьд зөвхөн ур чадвар болон  шүүмжлэлт сэтгэлгээг чухалчлах биш  мэдлэгийн менежмент, дизайныг чухалчлан үзнэ.  Тэгэхээр энэ салбар хоорондын цахим  \computational\ сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл гэсэн сургалтын хөтөлбөрийг бий болгох боломжтой. Зарим сургуулиуд аль хэдийнээ авч хэрэгжүүлж амжилтанд хүрээд байна. Мөн эрүүл мэнд, бизнес эсвэл бусад олон тооны салбарт хамтын ажиллагаа явуулж боломжит боловсролын хөтөлбөрийг бүтээж салбар хоорондын боломж бололцоо улам тэлсээр байна.
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааы боловсролын цаашдын зам мөр энгийн нэг шинэ сургалтын  хөтөлбөр нэмэх, курс санал болгосноор, эсвэл салбар хоорондын ажил хэргээр илэрхийлэгдэхгүй.  Хэд хэдэн сургууль гар утас, олон нийтийн сүлжээ мөн даяарчлалаас шалтгаалан шинэ санаачилгыг танилцуулсаар байна. Эдгээр нь Харвардын Clayton M.Christensen-ийн тогтвортой шинэчлэлийн жишээ юм. Тогтвортой шинэчлэл нь дахин бүтээн босгох  биш ахиц дэвшил авчирдаг урт хугацааны өөрчлөлт юм. Харин сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролд  шинэчлэлтийн өөр нэг төрөл болох “сүйрлийн шинэчлэлт” хэрэгтэй юм.  Энэ нь зах зээлийн талбарыг бүхлээр нь хувиргах  өөрчлөлтийг багтаана. Ингэснээр зах зээлийн талбарыг өргөжүүлэн, системийн үнэлгээг нэмэгдүүлнэ. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн уналтыг зогсоож эсвэл хязгаарлаж чадна. Ирэх арван жилд  дэлхий даяар ойролцоогоор 6 тэрбум хүн гар утас ашиглан, Америкчуудын дийлэнх нь ухалаг гар утас хэрэглэж, 5 тэрбум хүн интернэт сүлжээнд холбогдож, үүнээс ихэнх нь гар утсаа ашиглан интернэт ашиглана. Эдгээрт хүмүүст үйлчлэх хэвлэл мэдээллийн бизнесийг  бий болгох оюутнуудыг бэлтгэх хэрэгтэй болж байна. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролд Стив Жобсын хөгжмийн үйлдвэрлэлд  хийсэн шиг бүрэн төгс сэргээн босголт шаардагдаж байна.Боловсрол олгогчид хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн мөн чанар, ажил албанаас эхлээд агуулга, байгууллагын түвшинд болон хэвлэл мэдээллийн санхүүгийн бүтэц, мөн тэдний олон нийтийн харилцаа харилцаа холбоо зэрэг бүх түвшинд хэвлэл мэдээллийн боловсролыг өөрчлөн хувиргах шаардлагатай.
2013 оны 5 дугаар сарын 31-д NetNewCheck-ийн мэдээлснээр Google компани  37,9 тэрбум ам, долларын ашиг орлогоор  дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн компаниар  зарлагджээ.  Энэ нь өрсөлдөгч Direct TV \27,2 тэрбум\ группээс болон гуравдагч өрсөлдөгч болох NewsCorp \26,4 тэрбум\ зэргээс 39 хувиар илүү байв. Дэлхийн шилдэг 30 жагсаалтад багтсан Advance Publication Inc. жагсаалтын 13 дугаарт 6,6 тэрбумын орлоготойгоор,  мөн The Gannet Co жагсаалтын 16 дугаарт 5 тэрбум ам.долларын орлоготойгоор орсон  ба бусад сонин хэвлэл, мэдээллийн байгууллагуудад Google -ийн орлого  ашиг саад болсон хэвээр байгаа юм. Google мэтийн компаниудад хэвлэл мэдээллийн салбарыг дагуулан  явах сорилт тулгарч байна. Google News эх үүсвэрийн маш өргөн цар хүрээнээс мэдээ цуглуулахын тулд компьютерийн алгоритм  ашиглаж “эгэл жирийн түүхүүдийг хамтатган  уншигч бүрийн сонирхолд нийцүүлэн дэлгэцнээ харуулдаг”.
 Мэдээжийн хэрэг тэдний ноёрхол нь чөлөөт, нээлттэй, шүүмжлэлт, олон нийтийн хэрэгслийн хувийн тогтолцооны ёс зүйн зарчим, гол үнэ цэнийг алдагдуулна гэсэн утга биш юм. Зарим хэвлэл мэдэлэлийн байгууллагууд  чанартай сэтгүүл зүйн зарчимтай шинэчлэлийг хослуулах зорилгоор аль хэдийнээ Googl -тэй хамтран ажиллах  гэрээ байгуулжээ. Жишээ нь, The Associated Press агентлаг AP-Google Сэтгүүл зүй, болон Технологийн тэтгэлэгт хөтөлбөр”- тэй болжээ. The Online News-ийн мэдээлж байгаагаар  уг хорин мянган долларын тэтгэлэг нь дижитал эринд шинэ сэтгүүлч болох оюутнуудад олгогддог байна. Google мөн сэтгүүл зүйн шинэчлэлтэд зориулж  The Global Editor’s Network –ийн санаачилга, Editor’s Lab-ын ивээн тэтгэгч болдог. Уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллага өнгөрсөн рүү ихээхэн анхаардаг. Харин  дижитал хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ сайт, хэрэглэгчийн боловсруулсан контент бидний ирээдүй байх болно
Дэлхийн сэтгүүл зүйн  боловсролын түүхийг Үүсэл хөгжлийн үе /1860-1940/,  Төлөвшил ба  шинэчлэлийн үе  /1940-2000/,   Дижитал хувьслын үе  /2000-2012/ гэсэн 3 үед ангилан үзэж байна. Харин манай  их, дээд сургуулиудын сургалтын агуулгыг үзвэл бид дэлхийн сэтгүүл зүйн боловсролын хандлага шинэчлэлтээс хугацааны хувьд арав гаруй жилээр хоцрогдож дижитал хувьслын үед хүрээгүй явна.   Судлаач миний бие 2011 оноос хойш Монголын сэтгүүл зүйн сургалт, сургалтын хөтөлбөр, шинэчлэлийн асуудлыг судалсан юм.  Түүний үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийж байна. Манайд хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, шинэчлэлт, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага зэргийг мэдэрсэн сургалт хомс, бусад нөөц хангалтгүй. Сургалтын гол агуулгыг илтгэх хөтөлбөрийн сонголт хязгаарлагдмал, агуулга чанарын ойлголт нэгдмэл бус.  Сургууль тус бүр өөрийн онцлогтоо тохируулан хийдэг зарим нэг өөрчлөлтийг эс тооцвол сургалтын хөтөлбөрийг дорвитой өөрчлөх цаг болжээ. Ингэснээр өдөр ирэх бүр өөрчлөгдөж буй сэтгүүл зүй болон шинэ хэвлэл мэдээллүүдийг мэдэж, суралцах болно. Багш нар ч дахин суралцах шаардлага гарч байна. Мөн суралцагчид орчин цагийн сэтгүүлчийн ажил эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх буюу орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилттай уялдсан өөрчлөлтийг хийх шаардлага бодитой болжээ.
Ашигласан бүтээлийн жагсаалт
1.      Careercast.com “Jobs Rated 2013: Ranking 200 Jobs From Best To Worst” April, 2013, http://www.careercast.com/jobs-rated/best-worst-jobs-2013
2.      Frank Bruni, “Who Needs Repoters” The New York Times, June 1, 2013
3.      Bill Solomon, “The Worlds’ Youngest Billionaires: 29 under 40,” Forbes.com March 4, 2013, http://www.forbes.com/sites/briansolomon/2013/03/04/the-worlds-youngest-billionaires-23-under-40/
4.      Charlie Warzel “The Journalist’s New Escape Plan: Starts-Ups,” BuzzFeed, June 3, 2013
5.      Columbia university, “Dual MS in Jounalism and Computer  Sciense,” http://www.cs.columbia.edu/education/ms/journalism


Thursday, July 16, 2015

Шагнал


Би хэзээ, бас яагаад сэтгүүлч мэргэжилтэй болохоор шийдсэнээ тодорхой санадаггүй юм. Лав надад одоогийн охид шиг телевизийн од болох, аль нэг сэтгүүлч шиг болох амбиц байгаагүй юм. Харин газар сайгүй явдаг хөдөлгөөнтэй ажил учир таалагдаж байсан санагдана. 

Аравдугаар анги төгсдөг хаврын нэг өдөр Пау \Пионерийн ахлах удирдагч\ Сэлэнгэ  намайг багш нарын өрөөнд дуудаж аймгийн радиогийн сурвалжлагчид ярилцлага өгүүлсэн юм. Нүүрэн дээрээ ангалзуур, аальгүй хэрнээ олонд нээлттэй байж  багш нараасаа аятайхан “коко” авч чаддаггүй,  юм юмнаас хоцорч явдаг, гайгүй сурдаг байж “Найрамдал” зуслан  ч явчихаж чадаагүй намайг яаж тоож дуудсаныг би бас одоо хэр нь гайхдаг. 

Монголын радиогийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Д.Лхагвасүрэнд нэг л асуултандаа бүдэрсэнийг эс тооцвол хаа очиж хэвлүүхэн ярилцлага өгсөн юмдаг.  
-                            - Арван жил ямар дүнтэй сурч байна?
-                            -   ...
 Сэтгүүлч таг дуугүй болсон намайг жаахан гайхаж хараад диктафоноо унтраав.
-                       \- Би наймдугаар ангидаа монгол хэлний хичээл дээр сайн дүнтэй гарсан.  10 жил онц сурсан гэхээр худлаа хэлсэн болчих гээд байна. Сайн сурдаг гэхээр бас  ч олон жил ангийн онц сурлагатан байсан болохоор хэлж болдоггүй, яахав?
-                         -Аан тиймүү? 10 жил онцсайн дүнтэй сурч байна гэж хэлээрэй
Сэтгүүлч диктофоноо асаав.
-                         -Арван жил ямар дүнтэй сурч байна?
-                         -Онцсайн суралцаж байна
-                         - Удахгүй сургуулиа төгслөө. Мэргэжлээ сонгосон байх. Ямар мэргэжилтэй болох вэ?
-                         -Би сэтгүүлч болно


Энэ ярилцлагаа л сайн санадаг юм.  Эндээс хүний асуултад хэрхэн ухаалаг хариулахыг суралцаж, нэг үгнээс мянган утга цацарч болохыг бас ойлгосон юмдаг.

Хаврын хаварт хүүхдүүд ямар бүлгээр шалгалт өгөхөө шийдэж ядан, гайгүй сурдаг хүүхдүүдийг аль бүлэгт өрсөлдөхийг битүүхэн тандана. Тэд ч бас нохойтож хэддүгээр бүлгээр, ямар хуваарьт өрсөлдөхөө зарлахгүй. Харин би тэр хавар радиогийн "ачаар" хамгийн эрт хэн болохоо зарласнаар битүү морь байхаа больж, сэтгүүлч болох хүсэлтэй хүмүүсийн аазгайг хөдөлгөсөн юм.

Конкурс дөхчихсөн, тэр үед дээд сургуулийн хуваарийн тоо цөөн, өрсөлдөөн ширүүн байсан юм. Өгөх шалгалтаар нийт хуваарийг бүлэгт хувааж, сурагч зөвхөн тэр хуваарьтаа л, тэр бүлэгтээ л өрсөлдөх ёстой. Хэдий өндөр оноо аваад хуваарьгүй хоцорсон ч өөр бүлгээс хуваарь сонгох эрх байхгүй шууд л “гэрийн дээд”-д  орно. 

Тэр хавар МУИС-ийн сэтгүүлчийн ганц анги манай аймагт хуваарилагджээ. Нэг хуваарь дээр гуч гаруй хүүхэд өрсөлдсөн юм. Хамгийн эхний шалгалт сэтгүүлчийн ур чадварын нэмэлт шалгалт. Мэдээ, зохион бичлэг бичүүлж, монгол хэлний найруулга шалгадаг эхний шалгалтаас хорин хэдүүлээ туналаа. Монгол хэлний шалгалт, дараа нь нийгмийн  судлалын шалгалт. Аятайхан давлаа.

Шалгалт өгч буй  тэр хэдэн хоногт хорин хэдүүлээ өөриймсөн танилцаж, хэдийгээр өрсөлдөгчид ч гэсэн хүүхэд л болсон хойно шалгалтын дараа дотно  аргагүй нь тойрч суугаад элдвийг ярьцгаана. Харин би ганцаараа ангийн буланд чимээгүйхэн сууна. Угаасаа би тийм зантай. Миний хамгийн ширүүн өрсөлдөгч охин надад хандан гэмгүйхэн царайгаар,

       -Юм мэдэхгүй хүн дуугай сууж байх нь дээр байдаг юм гэж хор малтана. Харин би сонсоогүй дүр үзүүлж байсан ч, гайгүй ээ би хуваариа аваад чамд юм мэддэг мэддэггүйгээ харуулнаа гэж дотроо  шаралхаж билээ.

Хамгийн сүүлийн шалгалт Орос хэлнийх байсан санагдана.  10 дугаар ангидаа "Болор цом"-д оролцож байсан, дээд ангийн монцгор охин  миний өрсөлдөгч. Тэр орос хэлний гүнзгий ангид байсан. Гэтэл би наймдугаар анги хүртлээ орос хэл үзээд  хятад хэлний сонгон гэж харайгаад ни хаогоос халиагүй юм.  Энэ өдрүүд  хамгийн түгшүүртэй, урт,  хэцүү  байсансан.

Ганц хуваариасаа мултарвал гэртээ бүтэн жил сууна гэж бодохоор аймшигтай санагдана.  Аймагт сурлагаараа гуравт жагссан нөгөө онц сурлагатан хуваарьгүй үлдэнэ гэдэг үгээр хэлэмгүй шившигтэй санагдана. Гэтэл дотроо өөрийгөө бас нэгд орсонд тооцоод  мини юбкээ өмсөөд толгойгоо хаялан баахан алхсан билээ.  Учир нь аймагт нэгд жагссан сумын онц сурлагатан конкурстээ уначихсан, тэгээд ч  надад дээш доош татах багш аав, ээж байсангүй өөрийнхөө хүчээр явсан тул нэгд орсон гэж өөрийгөө хөөргөхөд буруудах юмгүй санагдаж байсан юм. 

Гуравхан жилийн өмнө аймагт сурлагаараа эхний гуравт жагссан хүүхдүүд гадаадын дээд сургуульд ямар нэгэн уралдаант шалгалт өгөлгүй шууд элсдэг байлаа.  Гэтэл нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж гадаадын дээд сургуульд аравдугаар анги төгссөн хүүхэд явахаа больсон бид азгүй үеийнхэн. Дунд сургуулийн миний ганц мөрөөдөл гадаадын дээд сургуульд л сурах байсан юм.

Сүүлийн шалгалтаа өгөхөөр анги руу оров. Гэтэл өрсөлдөгч маань миний хажууд сууна гэж хянагч багшид хэлээ. Айхтар нүүрэмгий охины хэлснээр болов.

Шалгалтын дүн гарчээ. Нөгөөх өрсөлдөгч гуравт, харин Тайшир сумын намдуухан дуутай нэг ах хоёрт жагсчээ. 

Алтайн Нэгдүгээр 10 жилийн сургуулийн  гадаах цементэн талбай дээр оюутан эгчийнхээ туфлиэр гангарчихсан  топ топ  алхаж,   миний мэддэг мэддэггүйг хэлээд байсан нөгөө охины хажуугаар толгой хаялан гарч байсан мөч зүйрлэшгүй таашаалтай байсан билээ.  Ялан дийлсний бахархал, мөрөөдөлдөө хүрэх нэг алхамаа  амжилттай хийсний баяр хөөр сэтгэл дотор минь оволзож  өөрөөрөө бахдан байсан юм. Ийн басаж болдоггүй хорвоо гэж энэ дээ гэсэн шүү юм бодоод цээж тэнэгэр алхаж байсан минь санаанд тод үлджээ. 

Том ах маань өвлийнхөө амралтаар ирээд,

-Чи хичээлээ сайн давт. Хичээлээ хийхгүй ч гэсэн хийж байгаа юм шиг л ширээн дээрээ суугаад бай. Бурхан чамайг хичээнгүй хүн байна гээд заавал шагнана гэж хэлсэн билээ.

Хичээлийн ширээний ард суусан хүн зүгээр суухгүйг мэддэг ахын санаа УХААН байлаа.

Ээж хот руу явах болж,

- Би хоёр  хүүхдээ бэлдүүлж дээд сургууль оруулсан, чи эрх охиныгоо яахаа мэд хэмээн аавд даалгавар өгсөн юм. 

Шалгалтын өдрүүдэд аав санаа тавьж, оюутан эгч надад тэмээний махан нуугисан амттай хуушуур хийж өгснийг би сайн санадаг. Учир нь би тийм амттай хуушуурыг одоо болтол идэхсэн гэж боддог ч чадаагүй л явна. Тэмээний мах гэж ийм амттай байдаг юм байх даа гэж бодож байсан ч тэр амт махандаа байсангүй, харин тэр буцалсан өдрүүдэд байж. Хичээл хийж байгаа намайг тордсон аавын минь хөдөлмөр бас талаар өнгөрсөнгүй билээ. 
Миний арван жилийн их хөдөлмөрийг сайшаан шагнасан бурханд би бас дандаа талархаж явдаг юм.  Ийн би хувь заяагаа олж МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон билээ.  Мэргэжил, сургууль сонгохыг би хувь заяаны сонголт хэмээн боддог. Их сургууль, багш нар, энэ мэргэжлийн буянаар өдий зэрэгтэй яваадаа талархан ханцуйндаа залбирч  явдаг юм.

Харин ахын минь хэлсэн “Хөдөлмөрлө, бурхан чамайг заавал шагнана” энэ үг миний амьдралын гол философи болсон билээ.  

                                                                                                                                       2015-05-06