Monday, January 7, 2013

Сэтгэлд дотно Солонгос орон





Инчоны нэгдүгээр сар чийглэг зөөлөн салхитай агаад нар нь хаврынх шиг сүрхий ээх ажээ. Ясанд янгинасан хүйтэн, битүү утаанаас цэлмэг тэнгэр, цэвэр агаартай ийм газар буух нь бидэнд  нэн таатай байсан учир Immigration room-д баахан саатаж бухимдсанаа мартаж орхиж. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орон гэхэд утаа алга. Би бас Солонгос орныг тэнгэр баганадсан өндөр байшингуудаар төсөөлж байлаа. Гэтэл Солонгос орон  харин уулан дундах улс бололтой.
Өнгөрөгч нэгдүгээр сард ХИС, БНСУ-ын Гунжугийн Хэвлэл мэдээллийн коллежтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ОУСС-ын захирал Т.Төрбат, БУ-ийн тэнхмийн эрхлэгч С.Батхуяг бид гуравт сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлагын сургалтын туршлага судлах завшаан тохиосон юм. Анх тус  хоёр сургууль 2003 онд  анхны хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж байсан бол 2006 онд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хоёр сургуулийн болоод хоёр улсын хоорондын харилцааг тууштай хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд гэрээгээ  шинэчлэн баталжээ.  Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх олон ажлууд дотор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны  тодорхой чиглэлүүдээр хөдөлгөөнт багууд солилцох, хоёр сургууль кредит харилцан шилжүүлж, хос мэргэжил эзэмшүүлэх хөдөлгөөнт хөтөлбөр,  төсөл хэрэгжүүлэх зэрэг заалтууд бий.
Хэвлэл мэдээллийн коллеж маань Гунжу хотод байрладаг аж. Өөрийн танилцуулгадаа хотоо улсынхаа төвд, Сөүлээс 90 минут, Тэжон  хотоос 40 минут машинаар явах газарт газар зүйн нэн тааламжтай байрлалтай болохыг тэмдэглэн хэлжээ.   Бидний очих Тэжон хот Инчоны нисэх буудлаас нэлээд зайтай юм. Хэдий хэр хол вэ гэсэн асуултад маань 3 цаг гаруй явна гэсэн хариу өглөө. Тэнд газрын хол ойрыг километрээр хэмждэггүй харин цагаар хэмждэг ажээ. Хурдны замаар машин 120, 130 км/цагийн хурдаар давхина. Сийрэгхэн модтой уул, уулын хажууг нуралтаас хамгаалсан ногоон голдуу бүтээлэг, замын дагуу намхан байшингууд эсвэл будааны талбай, уулыг нүхэлсэн тунэл, дахиад л сүрдэм өндөр уул, уулын аман дахь цөөн хэдэн байшин, дахиад түнэл энэ бүгд эвээ олоод зохицоод цаанаа л нэг амгалан тайван. Байгаль нь үнэхээр гайхалтай сайхан юм, зун өнгөө засахаар улам ч үзэсгэлэнтэй болдог биз. 
Бидэнд хэлмэрчлэхээр угтаж авсан Ч.Батзул маань өнгөрсөн жил ХИС-ийн Солонгос хэлний орчуулагчийн дөрөвдүгээр ангийг зайнаас суралцаж төгсчээ. Хавар нэг оюутан Солонгосоос төгсөлтийн шалгалт өгч байсныг би тодхон санаж байсан бөгөөд тэр нь Зулаа байсан аж. Тэрээр гуравдугаар ангиа төгсөх жилээ Гунжугийн Хэвлэл мэдээллийн коллеж, ХИС хоёр оюутан солилцох хөтөлбөрийн дагуу энд иржээ. Тэгээд зайнаас суралцдаг жилээ Гунжугийн коллежид аялал жуулчлал, нисэхийн чиглэлээр  давхар суралцаж одоо хоёрдугаар ангийн оюутан болжээ. Биднийг очих үеэр сургууль амарсан үе таарсан тул сургууль нь түүнийг хэлмэрчээр томилсон гэнэ. Зан ааш сайтай, жинхэнэ хэлмэрч хүнд байх зан чанаруудыг шингээсэн тэр охин солонгосоор үнэхээр сайн ярина. Амжилттай суралцаж буй оюутнууддаа ийм боломж, бололцоо гаргаж өгөхийг л ХИС-ийн удирдлага хичээж буй бөгөөд эхнээсээ биелэлээ олсныг харахад сэтгэлд таатай.  
Бид Тэжон хотод тухалж, маргааш өглөө нь тэндээсээ 30 минут яваад л уулын амыг бүхэлд эзэлсэн Гунжугийн коллежид очлоо. Тэр уулын аманд тэр сургуулийн хичээлийн байр, оюутны байр, оюутан зориулсан үйлчилгаа гээд оюутанд хэрэгтэй бүхэн тэнд цогцолжээ. Манайхаар ХААИС-ийн маягтай юмуу даа.
Солонгос улсын сургуулиуд гурван сар хичээллээд мөн төдий хугацаанд амардаг байна. Сургууль хотоос жаахан зайдуу, бас хот руу орох хэрдээ  үнэтэй тэгээд ч тэнд  оюутнуудад хэрэгтэй үйлчилгээ бүгд бий учир тэд элдэв зүйл анхаарал хандуулах зүйлгүй зөвхөн сурч мэдэхийг эрхэм болгодог гэж хэлмэрч Зулаа минь бидэнд сонирхуулсан юм. Харин биднийг очдог үеэр сургууль эзгүй, улирлын ээлжийн амралт таарсан бөгөөд монгол оюутнууд маань ажил олж хийхээр Сөүл хот руу явцгаасан байлаа. Тэд өөрсдөдөө хэрэглэх ойр зуурын мөнгөтэй болохоос гадна цагаан сараар аав ээждээ хэрэглэх ойр зуурын  мөнгө явуулах хэрэгтэй байгаа гэсэн.

“Хүмүүнлэгийн Ухааны  их сургуулийн төлөөлөгчид тавтай морил” гэсэн бичиг үүдэндээ хаджээ. Сургуулийн удирдлага биднийг тун найрсгаар хүлээн авч сургуулиа танилцуулсан юм.  Тэнд зүс үзсэн хүмүүс харагдана. Тэр нь ч аргагүй юм. Манай хоёр сургууль хамтран ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа болохоор тэдний сургуулийн удирдлага, багш, ажилтнууд Монголд бас хэд хэд ирээд амжжээ. Хамгийн сүүлд гэхэд л бидэнд сүүлийн үеийн технологи бүхий телевизийн студийг өнгөрсөн зун авчирч бэлэглэж байсныг санаж байна. Сургуулийн ерөнхийлөгч Kim Soo-Ryang, дэд ерөнхийлөгч Yoo, Jae Man  нар Монголын үзэсгэлэнт байгаль, морины тухай үе үе яриа дэлгэх нь  тэдэнд илүүтэй таалагдсаных аж.
Энэ сургууль аялал жуулчлал менежер, нисэх, цагдаа, зураглаач гээд олон мэргэжилтэн бэлтгэдгээс телевизийн сайн зураглаач төгсгөн гаргадаг гэдгээрээ Солонгос улс даяараа алдартай гэнэ. Сургуулийн лого нь камераар зураг авч буй хүүгийн дүрс  байхыг харахад үүнд эргэлзэх зүйлгүй. Тэд давуу талаа логондоо тусгажээ.  Хоёр давхар байшинг тэр чигт нь телевизийн студи, эвлүүлгийн өрөө, лаборатори телевизийн нэвтрүүлэг хийхэд шаардлагатай бүхий л зүйл эзэлсэн байна билээ. Биднийг очиход оюутан охин фото аппарат барьж, харин нэг оюутан залуу камераар бичлэг хийж байсан юм. Харин дахин очиход минь бид гуравт  нөгөө бичиж байсан бичлэгээ эвлүүлэн бидний сургуультай танилцсан аялалыг DVD дээр буулгаж амжаад бэлэглэж байх юм.
Дэлхий ертөнц өөрчлөгдөн хувьсаж түнийгээ дагаад  нийгэм маань мэргэжилтнүүддээ тавих шаардлагаа хүртэл өөрчилжээ. Сэтгүүлч мэргэжлийн хүмүүс зөвхөн бичиж чаддаг байхаас гадна технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй болж байна. Үүнээс үүдээд манай сэтгүүлчийн ангийн оюутнуудын солонгос хэлний мэдлэгийг зохих түвшинд аваачиж чадвал Конжугийн сургуульд оператор, шинэ технологийн талаар  мэдлэг эзэмшиж хоёр диплом өвөрлөсөн чадварлаг сэтгүүлч гарч болох юм.
Бид бас албан бус хөтөлбөрөөр өдөржин явж Солонгос улсын өмнөд хэсэгт очиж анх удаа  далай үзсэн юм. Тэр  өдөр  тэнгэр бүрхэг, далай тэнгэрийн хаяа хоёр нийлээд төдий л  ялгарах зүйл үгүй алсарч далай уйтгартай нь аргагүй  давалгаалан замгаа эрэг рүүгээ  түржээ. Өнгөрсөн жил Солонгосын далайд  ихээхэн нефть асгарч далай бохирдсон тухай манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Харин солонгосчууд далайгаа цэвэрлэхээр хэн хүнгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлж  иргэд хуучин хувцасаа тийш илгээж далайн чулууг арчиж байгаа тухай яриа чих дэлссэн нь  сэтгэлийн гүнээс бахдам  зүйл байлаа.
Солонгос орон дулаан орон гэдэг нь бүсгүчүүдийн хувцаслалтаас мэдэгдэнэ. Чийглэг орон тул оройдоо зэврүү хүйтэндүү байна. Гэсэн ч ид хүйтэн улирал нь гэсэн хэрнээ солонгос бүсгүйчүүд туфль өмсөж богино шорт өмссөн явах юм. Харин зарим нь урт түрийтэй гутал,  зузаан хүрэм өмсөөд малгайг нь дарчихаад даарсан аятай алхаж явах юм.  Учир нь олдохгүй. Гэхдээ  шөнө гадаа суугаад халуун рашаанд хөлөө дүрсэн суух хөгшид, үйлчилгээний газрууд дулааныхаа асуудлыг аргацаасан байдлаар шийдсэнээс харахад дулаан гэдэг нь мэдэгдэнэ. Харин залуучуудын хувцаслалтын тухайд манайхтай төстэй ганган  хүмүүс байцгаах юм. Харин моодны хувьд манайхаас арай нэг жилийн өмнө яваа юм уу даа. Манайд  моодонд байгаа том цүнх гэхэд л ноднин моодноос гарсан гэнэ. Харин цамц, платье нь мэдэгдэхгүй урт зүйлсээр дэлгүүрээ дүүргэчихэж. Харин гадуур хувцас нь богинохон, Маддонна маягийн дэрэвгэр ханцуй, хормойтой байх аж. Харин  нарийн жинсэн өмдийг “хөл хамаарахгүйгээр” бүх охид өмсчээ.
            Солонгост харин гадаад машин их цөөн явах нь эрхгүй анхаарал татаж байлаа. Голдуу саарал өнгөтэй Солонгос машинууд л давхина. Гадаад машинд өндөр татвар ногдуулдаг гэнэ. Харин Сөүлд бидний буудалласан дүүрэгт хамгийн сүүлийн үеийн загварын BMW, бензүүд нэлээд харагдлаа.  Учир нь хөгжил дэвшил, эв нэгдлийг сайн мэдээний элч шаазгай шувуугаар билэгдсэн Кангнам дүүрэг нь Солонгосын үнэтэй дүүрэг гэлцэнэ. Энэ  дүүргийн дэлгүүрээс юм авахдаа тооны ардах тэгийг нь сайн хараарай гэдэг үгтэй гэж энэ орныг сайн мэдэх найз минь хэлсэн юм.
Орой голдуу гудамжинд  хөл дор хөглөрөх том том тоо бичсэн рекламны хуудасны учрыг лавлавал архи уусан жолооч нар үйлчлүүлдэг дуудлагын үйлчилгээ гэнэ. Энэ санааг нэлээд олзуурхвал Монголд аль хэдийнээ “Сайн сервис” гэгч энэ үйлчилгээг нэвтрүүлээд, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болчихсон гэнэ. Харин гаднах рекламын тухайд гэрэлтэй, хөдөлгөөнт рекламуудыг голлосныг үзвэхэд манайхаас арай  хэдэн алхамын өмнө яваа нь түвэггүй харагдана  
Дэлхийд алдартай Лотте парк, Сөүл  цамхаг, Хааны ордон, Үндэсний  парк гээд үзэж харах юм ихтэй. Тэнд хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд, анги хамт олноороо явах хүүхэд залуучууд, хөтлөлцөн хосуудыг харж болно.  Солонгос олон ангит киноны нөлөө дэлхийн улс орнуудад тэлж байгаа  болохоор  кино  зураг авалт хийх газраа тусгайлан байгуулаад дараа нь түүнийгээ үзмэрийн газар болгосон байх юм. Бидний сайн мэдэх “Өвлийн хайрын дууль” кино зураг авалт хийсэн газраар аялах аялалын тусгай маршрут хүртэл бий. Ер нь Солонгос орны бүхий л зүйл хүний төлөө чиглэгдсэнийг харж болно. Хаана ч тух алдахгүй.
Дэлхий ертөнц улам бүр нээлттэй болж байгаа болохоор монголчууд Сөүл рүү дуртай үедээ ирж очиж байх цагийг тун удахгүй ирнэ гэсэн итгэлийг өвөрлөн энэ орноос хөөрлөө. Баяртай, дүүрэн дурсамж үлдээсэн Солонгос орон минь.
Улаанбаатар-Тэжон -Конжу -Сөүл-Улаанбаатар  2008-01-22







2 comments:

  1. сайхан аян замын тэмдэглэл байна, багш аа. гоё юм унших сайхан шүү. Яг нь нүдэнд харагдаж байна. Гүүглээс юм хайж яваад санаандгүй олж уншлаа. Найман жилийн өмнөх яг энэ өдөр нийтэлсэн байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. 2016.01.22-ны 11.17 цагт. Энэ даанч өдөр цаг солигдож гараад байлаа. (тодруулга хийв)

      Delete