Friday, December 30, 2016

Бидний мэдэх пингвиний Шинэ Зеланд

Цэнгэлдэхэд баярын нээлт эхэлж байхад наадмын бөх маапаантай, АСЕМ аягүй гоё болохыг төсөөлөх ч үгүй дэлхий дэлэгнэсэн Монголоос Шинэ Зеландын цас мөсгүй өвлийг зорин нисэв ээ.
Хонгконгоор дамжсан нислэг баруун өмнөд Номхон далайг чиглэхдээ шөнө дунд таарсаныг хэлэх үү автобуснаас долоон дор сэгсчих онгоц түшгүүртэй. Олон цаг онгоцоор нисэх үнэндээ оюутан байхдаа өч төчнөөн явсан Алтайн тэндрийн автобуснаас  нэг их дээргүй санагдана.  
Харин Шинэ Зеланд  надад үлгэрт гардаг хэзээд мөнх ногооноороо байдаг бурхан бумын орон шиг санагдав. Өвөл нь нов ногоон, намдуу тайван аж. “Зун ирсэн бол бүр гоё” гэх танилын үг ойлгомжтой.  

Окланд хот онгоцны цонхоор зах хязгаар нь үл харагдах их далайн дунд үзэгдэнэ. Төвдөө өндөр байшин барилгууд,  зах хэсгээрээ намхан хаусууд эзэлсэн ногоон арал. Статистик мэдээнээс харвал манайхтай зарим зүйлээрээ төстэй. Энэ улс 4 сая гаруй хүн амтай, 40 сая гаруй малтай. Хөдөө аж ахуйн орон гэдэг имижтэй ч орчин цагт технологийн хөгжлөөрөө тэргүүлж буй орон юм. 
Үзэсгэлэнт байгаль, таатай уур амьсгалтай учир жуулчлахад тааламжтай байдлаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Байгалийн хоёр улиралтай энэ улс зуны 12 дугаар сардаа жуулчдын хөлд дарагддаг байна. Гэхдээ манайх шиг үзэсгэлэнт байгаль, үзүүштэй зүйлс нь хамаг юмнаасаа хол, хөдөө хээр байдаггүй байна. Хот суурин нь жуулчдыг татах үзэсгэлэнт газраа дагаад хөгжсөн тул нэн таатай гэсэн үг. Их Британий колони байсан энэ улсын албан ёсны хэл нь англи бас маори. Тийм учир хаягийг хоёр хэлээрээ зэрэг бичнэ. Энэ улсын нийслэл нь Веллингтон боловч  хамгийн том хот нь Окланд юм. Мөн л манай нийслэлийн дайтай хүн ам оршин сууна.

Хоноглох буудал маань хотын зүрхэнд байсан тул автобуснаас буугаад хэд алхахдаа “Энэ хэний улс вэ” гэж гайхан бодов. Хар шар, Ази, Европ, Араб энэ тэр. Хүн ам нь голдуу Европ гаралтай гэсэн яалаа? Уугуул маоричууд нь аль юм бол гэсэн шүү юм бодов. Дараа нь бодохнээ Окландын технологийн их сургууль нь хотын төвдөө байрладаг учир тэнд суралцдаг 4000 орчим гадаад оюутан олон өнгөөр хөлхөлдөж байсан нь тэр юмсанж.
Энэ улсын үндэсний бэлэг тэмдэг бол зөвхөн Шинэ Зеланд улсад байдаг киви шувуу. Байгалиасаа далавчгүй энэ шувуу нь урт хошуутай, хошууныхаа төгсгөлд хамартай бөгөөд үргэлж юм хайж явдаг өвөрмөц амьтан юм. Шинэ зеландчуудыг кивичүүд гэнэ. Хотын гудамжаараа хар өвөл тэдний зарим нь хөл нүцгэн алхаж явах юм.
Өндөр хөгжилтэй орон учир өртөг өндөр. Тэнд шоппинг хийхэд тохиромжтой биш. Ойролцоо орших Австралийн брэнд агг буюу бидний мэддэг “UGG” гутлыг харин хямд авч болно.
Оршин суугчдын тооноос үзэхэд л том хот биш гэдэг нь мэдэгдэнэ. Төвөөсөө хэд алхаад л хамаг юмандаа хүрчихнэ. Sky цамхаг, Harbour гүүр, Silo парк гэх алдартай газрууд хоорондоо тун ойрхон учир төдөлгүй хүрчихнэ.
Энэ хотод Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс болно. Хурлын тов 1895 онд үндэслэгдсэн Окландын технологийн их сургууль дээр 2016 оны 7 дугаар сарын  14-16-нд  гэж зарлагдсан юм. Энэ сургууль 30 мянга орчим оюутантай. Түүнээс 4000 нь дэлхийн 90 гаруй орноос ирсэн гадаад оюутнууд. 16 сургуулиас бүрдэх энэ их сургууль эрэмбээрээ дэлхийн топ 500 сургуулийн нэгт багтдаг бол Шинэ Зеландад хоёрдугаар байрт жагсдаг.

Хурал албан ёсоор powhiri  ёслолоор Окландын технологийн их сургуулийн Paul Reeves-ийн нэрэмжит байранд эхлэв. Энэ сургуулийн ажилтан, оюутнууд ийн маори үндэсний бүжиг, дуугаар зочдодоо мэндчилсэн юм. Нүцгэн шахуу,  бүдүүн маори эр  гартаа жадархуу зүйл барин чанга дуугаар хашхиран эвсэлтэй нь аргагүй бүжнэ.

Хуралд 43 орны 220 гаруй төлөөлөгч ирж гурван өдрийн турш сэтгүүл зүйн боловсрол болон даяаршсан хэвлэл мэдээллийн анхаарал татаж, эргэлзээ төрүүлсэн түвэгтэй асуудлыг хэлэлцэж, өөрсдийн судалгаагаа танилцуулж, залуу сэтгүүлчдэд зааж буй  арга туршлагаа  хуваалцав. 4-р конгресст 16 панел, 10 синдикат хэлэлцүүлэг, 46 салбар илтгэлийн хуралдаан, 4 постер илтгэл, 2 семинар болон сэтгүүл зүй, сэтгүүл зүйн боловсролын асуудлаар арга хэмжээнүүд болов.  Зохион байгуулагчдын зүгээс алс хол Монгол болон Африкийн Гана улсын төлөөлөгч ирж илтгэл тавьж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ жилийн хурлын сэдэв бол “Сэтгүүл зүйн боловсрол дахь адил төстэй тал ба нэгдмэл байдал”. Өдгөө цагт сэтгүүл зүй уламжлалт хэрэгслээс мультимедиа сторителлин руу шилжиж, их сургуулиуд ч академик  шинэчлэлтийн дагуу сэтгүүл зүйн хөтөлбөрүүдээ өөрчилж буй түүхэн үйл явц өрнөж байна. Ийм цагт судлаачид  сэтгүүл зүйн сургалтын хамгийн сайн туршлагуудаа туйлын дээд академик орчинд хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцэв.
Дижитал платформ нь сэтгүүл зүйн мэдээлэл боловсруулах, түгээх үйл ажиллагааг өөрчилж байна. Технологийн маш хурдтай өөрчлөлт сэтгүүл зүйн сургуулиудад шахалт үзүүлж, тэднийг сургалтын арга барилаа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Тухайлбал, сэтгүүл зүйн багш нар оюутнууддаа гар утсаар мэдээлэл түгээх, түүнд зориулж мэдээлэл цуглуулах, боловсруулах  талаар заах хэрэгтэй байна. Энэ зорилгодоо  хүрэхийн тулд агуулгаа нийцүүлэх, улмаар заах арга барил, сургалтын хөтөлбөрөө үр ашигтайгаар шинэчлэх хэрэгтэй байгааг судлаачид онцлож байлаа.   


Сошиал медиагийн уугуул иргэд болох энэ цагийн залуус багш нараасаа ч илүү мэдлэгтэй учир оюутнуудад сошиал медиаг мэдээлэл цуглуулах, түгээхэд хэрхэн ашиглах талаар заах нь их сургуулиудын өмнө томоохон асуудал болоод байна.  Тэд нарт хэрхэн үр ашигтай сайн заах талаар болоод өрсөлдөөн ихтэй дижитал эринд баримтыг шалгах, эх сурвалжыг хамгаалах, сэтгүүл зүйн зайны сургалтыг явуулах, XXI зууны сэтгүүл зүйн ёс зүйн асуудал гээд бүхий л асуудлыг хэлэлцэж байсан юм.                
Судлаачид, сэтгүүл зүйн багш нар хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд  оруулж буй хувь нэмрээ үргэлжлүүлэх мэссэжтэйгээр хурлыг өндөрлөв. “Энэ бол хүний эрхийн үндэс гэдгийг хэзээд батлах хэрэгтэй юм” хэмээн  Европын сэтгүүл зүйн сургалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор  Nico Drok хуралд оролцогчдод захиж хэлсэн юм.

Дараагийн 5 дахь хурал 2019 онд Францын Paris-Dauphine Их сургууль дээр болно. Тус сургуулийн захирал Pascal Guenee  оролцогчдыг англи, франц, араб зэрэг өөр хэлээр илтгэх боломж олгоход хүчин чармайлт гаргана гэв. Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс сэтгүүл зүйн ирээдүйг тун өөдрөгөөр харж хурлаа өндөрлөлөө.

Монголчуудын толгойд пингвин л гэж буудаг Шинэ Зеланд орон шинэ туршлага, шинэ соёл, шинэ танил, шинэ дурсамжийг надад өгөв. Харин намайг пингвин үзүүлэх гээд байсан хүмүүсийн "хүслийг" л биелүүлж чадсангүй.
Үргэлжлэл бий