Monday, November 9, 2015

Гурав нь хэзээ бол, Gonchig Undarmaa?


“Single ladies2” киноны нээлтийн урилгыг хүлээж аваад хэвлэл мэдээллээр харсанчлан киноныхоо өмнө уран бүтээлчид нь улаан хивсэн дээгүүр алхаж тайзан дээр очоод эгнэж зогсож байгаад уран бүтээлийн танилцуулга хийж киногоо үзүүлдэг гэсэн ойлголттой би “Гэгээнтэн” рүү очив. Цэцэг барьсан намайг чухал хүн гэж ойлгосон бололтой “Соронз” сэтгүүл папарацидаж орхиж. Эндээс би оюутнуудынхөө өмнө “гэрэлд гарч”,
- Танай ангийн Ундармаа ямархуу охин байсан бэ гэсэн сониуч асуулттай тулав.
- Манай нутаг ус муутай, говийн нар дээсээ уначихдаг халуун газар байсан болохоор багадаа цагаан царайтай болох л хүсэлтэй байсан юм. “Цагаан” гэдэг ойлголт бол хөөрхөн гэсэн ойлголттой дүйнэ. Хамар ам, нүд шүд ямар байхыг нэг их хэлэлцдэггүй байж. Цагаан царайтай байх л гол үзүүлэлт байсан юм. Хөөрхөн болох тухайгаа ярихдаа цагаан болох тухай л ярьдаг байсан гэсэн үг. Зуны халуунд цагаан царайтай болох гээд нүүр амаа битүү баглачихсан хүүхэн хонио хариулаад явж байсан нь ч тод үлджээ. Харин Ундармаа үеийнхэн дундаа Цагаан Ундармаа гэж алдартай хөөрхөн охин байсан тухай тэдэнд дараа хуучилснаа энд өгүүлэв.
Харин миний төсөөлсөнчлөн сингл бүсгүйчүүд энд эгнэн зогссонгүй. Бархүү бид хоёроос өөр цэцэг барьсан хүн үзэгдсэнгүйд баахан гайхсан би олныг дагаад дөрөвдүгээр танхимд руу орж явлаа. Коктэйл амталсан шиг, Nestle-ийн хар шоколад хүлхсэн шиг суугаад киногоо үзэв. 
Сайхан бүсгүйчүүд, сүүлийн үеийн трэнд болсон фашион, гайхалтай сайхан мэйкап /makeup/, чадварлаг жүжиглэлт, өөлөх юмгүй найруулга. Нүд баясгаж, сэтгэл бадраах тод өнгө, далдхан гуниглах ч жаргалтай харагдах ганц бие эмэгтэйчүүдийн ертөнц.
Хугацаа яаж өнгөрснийг ч үл гаж тэрбумтаны бие зарсхийлгэм хэсэг дээр киноны ертөнцөөс хэсэг тасарч бодит байдлаа мэдрэх тэр эгшинд “дуусчих вий дээ” гэсэн бяцхан харуусал төрөөд л адал явдал руугаа оржээ. Найруулга гайхалтай гэдгээ давтах нь илүүц биз. 
Хоёр жилийн дараа хоёрдугаар ангиа үзэгчдэдээ өргөн барьж байгаа кино гэдгээрээ энэ бас шинэлэг санагдана. Киног зорин очихдоо би хэдийнээ хоёрдугаар ангийн зохиолоо “биччихсэн” очсон юм. Сарангуа салж, Аринусанаагийн хайр сэтгэл бүтэлгүйтэж, синглчүүд дахин манаргахыг харахаар очсон юм. Тэрнээс наана би киноны тод өнгө, гэгээлэг хэсэгт бас татагдсан билээ. Гэтэл энэ миний “зохиолоос” харь хол аж. Тэгэлгүй дээ. Бүх л хүмүүс надархүү сэтгэжээ. Биднийхээр болчихдог бол киног хийсний хэрэг юу байхав дээ гэж дараа нь өөрийгөө шоолсон юм.
- Тэд зохиолоо яаж үргэлжлүүлж гэж үү? 
- Бас чиний ч “зохиолоос” өөр гэж хариулмаар байна. Намайг худлаа хэлж байнаа гэж бодож байвал та өөрийн нүдээр үзэх нь зөв. Уншигч таныг тийм хоёрдугаар ангийг бүтээсэн гэдэгт би нэг л ИТГЭХГҮЙ л байна.
Хоёр ангийг шимтэн үзсэн үзэгчийн хувьд хэлэхэд энэ кинонд гуравдугаар анги бий. Хоёр ангиа гуравдугаар ангиараа зангидаж, ганц бие эмэгтэйчүүдийн асуудлыг олон нийтэд бүрнээр хүргэж, синглчүүдээ дабль болгож ертөнцийн жамыг олонд хэлэх нь гарцаагүй. Харин хэзээ бол? 
Киноны дараа нь Шангрилад болсон нээлтийн үйл ажиллагаанд зориулсан ёслолын ажиллагааг хүлээн авалт, архи дарс гэж бас л андуурсан би гэр рүүгээ буцсан юм. Гэтэл тэнд киноны жинхэнэ нээлтийн ажиллагаа болжээ. Киноны уран бүтээлчдээ танилцуулж, хамтран ажилласан Dyrberg/kern, Art of Fashion of брэндийн загваруудыг алдартай загвар өмсөгчид, бас киноны дүрүүд маань өмсөж сонирхуулсан ажил хэрэгч ёслол тэнд болжээ. Урьд өмнө нь Монголын киноны уран бүтээлчдийн хийж байгаагүй ийм сонирхолтой, нүсэр нээлтийг хийсэн, сайхан уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэж чадсан ангийн охин Г.Ундармаагийн цараагаар бахархав. Нийгэмд танигдсан, хүндлэл хүлээсэн тэрээр Монголын 80 гаруй жилийн түүхтэй кино урлагт бас нэгэн шинэ алхам хийж чаджээ. 
-Цэцгээ яасан гэж үү?
-Бариад харьсан. Найз руугаа харин баяр хүргэсэн мессэжийн хамт зургийг нь илгээчихсэн. Өгсөнд тооцсон, өөрийгөө. 
Хөдөөнөөс холын хамаатан, ангийн найзууд ирээд, Чамтай уулзъя гээд нутгаасаа гарсан юм. Хэдэн ааруул бариад явсан танай Хүмүүнлэгийн сургуулийг ч олохгүй юм гэж мунгинасаар буцсан хөдөөний хүнтэй өөрийгөө зүйрлэлээ. Зүйрлэлээ ч гэж дээ. Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн.
"Хүн сайхан зүйл үзэж нүдээ баясгаж байх ёстой" гэж нүдний эмч нар зөвлөдөг гэж нүдний эмч эгчээсээ сонссон юм. Нүд баясаж, сэтгэл бадарна гэдэг үгийг би ингэж л ойлгосон хэрэг. Тиймдээ ч нүд баясгасан зүйлийг үзэх харах дуртай би Single Ladies 2 ихэд ойшоосон билээ.