Сэтгүүл зүй тухайн цаг үеийнхээ тусгал байдаг учир ХМХ
бол нийгмийн толь болдог билээ. Тэгвэл өнөөдөр Монголын нийгмийг ХМХ-ээр тольдвол уул уурхайн
сэдэв жин дарж байгаа нь илэрхий байна. Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр
бие даасан сонин сэтгүүлүүд гарахын зэрэгцээ ХМХ-үүд хавсралт дугаар, нүүр
булангаа энэ сэдэвт зориулж байгаа нь зайлшгүй юм. ХМХ-үүдийн энэ талаарх
нийтлэл нэвтрүүлгээс харвал нэг хэсэг нь газрын баялагаараа дэлхийн үсрэнгүй
хөгжилтэй орнуудын тоонд орно хэмээн эерэг таатай хандлагаар бичиж байгаа бол
нөгөө хэсэг нь баялгийн хараал хүрч голланд
өвчинд нэрвэгдэж болзошгүй хэмээн нэн
болгоомжтой харж нийтлэлээ энэ өнцгөөс бичиж байна. Тэгвэл сэтгүүлч
Л.Нинжсэмжид хоёр дахь хандлагаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой стандартгүй уул уурхайн уршгаар Монгол орон улс гүрнүүдийн түүхий эдийг
нийлүүлэгч бааз болох нөхцөл бүрдээд байгаа тухай ярилцжээ. Ярилцлагын хөтөчид
“...уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлого, ирээдүйн
төлөвлөгөө байхгүй. Үүнээсээ улбаалж онгон дагшин төрхтэй байгалиар дэлхийд
гайхагддаг Монгол Улсын байгаль сүйтэж, үгүй болох мөхлийн ирмэгт туллаа. Энэ
талаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлааа хэмээн” ярилцлагын чиглэл
зорилгоо танилцуулжээ. Мөн сэтгүүлчийн тавьсан “Монгол Улс моодонд орж, хөгжлийн гарц нээгдлээ хэмээн эрх баригчид
баярлаж байна. Харин таны хувьд, үүнийг арай л өөр өнцгөөс харж, баярлах гэхээсээ илүүтэй
шүүмжлэлтэй хандаад байх шиг санагддаг?” гэсэн асуулт ярилцагын өнцгийг
улам тодорхой болгож байна.
Ерєнхий
сайд С.Батболд уул уурхайн салбарт Канад, Австралийн стандартыг баримтлах
талаар ярьж эхэлсэн, энэ салбарынхан
тулгамдсан асуудлаа нэгдсэн стандарт нэвтрvvлэх явдал хэмээн ярьцгааж байгаа энэ үед стандарт,
төрөөс баримтлах нэгдсэн бодлогын талаарх “Д.Балдан-Очир: Стандартгүй уул уурхайн уршгаар...” ярилцлага нь цагаа олж, нэн шаардлагатай сэдвийг хөнджээ
гэж дүгнэхэд хүргэж байна.
Ярилцлага уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлого,
стандарттай байх, хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын ил тод, найдвартай,
тогтвортой байдал, нөхөн сэргээлтийн тухай асуудал хөндсөн бөгөөд сэтгүүл зүйн
төрөл зүйлийн тухайд агуулгаараа асуудал дэвшүүлсэн, хэлбэрийн хувьд харилцан
ярилцлага юм. “...Уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой бус.
Жижиг, том байх нь хамаагvй, уул уурхайн салбарт ямар нэгэн vйл ажиллагаа
явуулж л байгаа бол стандартаа баримталдаг болох ёстой. Монголын төрөөс уул уурхайн салбарт баримтлах бодлого 20-30 жил байх
шаардлагатай.” “Монголын унаган төрхөөрөө байгаа байгалийн эргэн төлжилт
явагдах хугацаа хэтэрхий урт учир болж өгвөл хязгаарлагдмал цөөн ашигт малтмалын
орд газрыг ашиглахгүй байх”, “Олон улсын түвшинд мөрдөгдөж буй нөхөн
сэргээлтийн стандартыг Монголд мөрдөх хэрэгтэй” гэсэн бодлогын шинжтэй асуудлыг
дэвшүүлжээ. Д.Балдан-Очир энэ асуудалдаа
“Өнөөдөр 2000-3000 лиценз эзэмшигч нэг дор байх шаардлага байна уу. Үгүй шүү
дээ. Энэ бүхнийг төр бодлогоор зохицуулахгүй байна. Эмх замбараагүй энэ олон
уурхайг ухах эдийн засгийн шаардлага байхгүй. Хөгжлөөс илүү давсан эдгээр ордыг
ухах нь зөвхөн гадны хөрөнгө оруулагч нарт л ашигтай. Нэг үгээр хэлбэл, Монгол
Улсыг уул уурхай, аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудын түүхий эдийн бааз
болгож ашиглаад байна. Түүнээс биш манай Оюутолгой шиг зэсийн 10 том орд,
Тавантолгой шиг нүүрсний 20 орд хэрэггүй. Харин 2-3 зэсийн том уурхай, 10
нүүрсний орд газрыг ашиглахад гуравхан сая хүн амтай Монгол Улсын эдийн засгийг
өөд нь татна. Тэгэхээр алсыг харсан төлөвлөгөөтэй болчихвол гадна, дотны
хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд ч хялбар байх болно “ хэмээн өөрийн гарц,
арга замыг хэлж өгсөн нь ярилцагыг өгөөжтэй болгож байна.
Түүнээс
гадна -Тэгвэл өнөөг
хүртэл уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлогыг гаргаагүй байгаа нь хэний
буруу гэж. Үе үеийн парламентаар энэ асуудал хөндөгддөг байсан ч шийдвэрлэгдсэн
зүйл алга? гэсэн сэтгүүлчийн асуултад
-Боломж
нөхцөл нь бий ч зарим нэг нь үүнийг хүсэхгүй байна. Үе үеийн парламентаар улс
орны тусгаар тогтнол болон экологийн аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлаар
хамгийн их ярьдаг ч эмхэлж цэгцлэх талаар нэг ч алхам хийгээгүй. Эцэст нь
Төрийн тэргүүн энэ асуудлыг шүүрч аваад Ашигт малтмалын тухай хуулийн
шинэчилсэн найруулын төсөл, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын
УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж байна. Эмх замбараагүй энэ олон лиценз олгосон
явдал нь Монгол төрийн буруу. Тэр дундаа УИХ-ын буруутай үйл ажиллагаа.” гэж
хариулсан бол “Монгол Улсын хөгжлийн гарц нь уул уурхай юм бол буцаагаад онгон
байгалийн дүр төрхөнд нь оруулахад чиглэх учиртай. Үгүйдээ түүн рүү нь дөхүүл.
Улмаар үүнд ганц төрийн байгууллага биш олон нийт, нутгийн иргэдийн оролцоотой,
нэгдсэн бодлого, төлөвлөлт хэрэгтэй.
Түүнээс биш мэргэжлийн хяналтынхан шалгасан болж, нөгөөдүүл нь авлигаддаг тэр
байдлыг халах цаг нь болсон“ зэргээр шүүмжлэлийн үгийг ч хатуухан хэлсэн нь
дэвшүүлсэн асуудалтайгаа уялдаж
холбогдох байгууллагуудын сонорт илүү хүчтэй хүрэхүйц болжээ..
Энэ ярилцлага нэг
нэгнээсээ урган гарсан нийтдээ 9 асуулттай. Сэтгүүлчийн “Өнөөгийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд
уул уурхай хөгжих боломж хэр байдаг вэ?” гэсэн хоёрдугаар асуултад УИХ-ын
гишүүн Д.Балдан-Очир
-Монголчууд уул уурхайн
салбарынхаа тоглоомын дүрмийг тохироогүй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн
талаар төрөөс баримтлах бодлого тодорхой бус. Монголын төрөөс уул уурхайн
салбарт баримтлах бодлого 20-30 жил байх шаардлагатай гэж хариулсан учир “Тэгэхээр төрийн бодлогоо тодорхой болгосноор эмх
замбараагүй уул уурхай цэгцрэх боломжтой гэж үү?” хэмээн
лавшруулан асуужээ. Түүнчлэн
дараагийн асуултууд нь “Тэгвэл өнөөг хүртэл уул уурхайн талаар төрөөс баримтлах бодлогыг
гаргаагүй байгаа нь хэний буруу гэж. Үе үеийн парламентаар энэ асуудал
хөндөгддөг байсан ч шийдвэрлэгдсэн зүйл алга?”, “Магадгүй энэхүү гайг эрх
баригчид далласан байж болох юм биш үү. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй
этгээдүүд төрийн эрх барих дээд байгууллагад шургалснаас өнөөг хүртэл уул
уурхайн талаар нэгдсэн бодлого гаргаагүй байж мэдэх юм?” гэхчилэнгэээр
нэг нэгнээсээ урган гарч уншигчид асуудлыг илүү тодорхой болгохоор ухаж асуусан
асуултууд байна. Энэ бол туршлагатай сэтгүүлчийн эргэн тодруулах замаар яриулдаг
арга юм.
Сэтгүүл зүйн
үндсэн үүрэг нийгмийг мэдээллээр хангах явдал байдаг. Тэгвэл энэ ярилцага нь
уншигчдад шинэ сэргэг мэдээлэл өгч байна. Тухайлбал, Уг нь энэ салбар бусдаас
онцлогтой. Хайгуулын үйл ажиллагаа дор хаяж 3-5 жил үргэлжилж байж нөөцийг нь
тогтоодог. Дараагийн таван жилд нь нөөцөндөө тулгуурлаж, ашигт малтмалын орд
газраа ашиглах үйлдвэр, аж ахуйн газар, уурхайгаа байгуулна. Үүний дараагийн
таван жилийн дотор ашиглалт явагддаг. Ийм учраас бусад салбар шиг уул уурхайн
салбарын хөгжлийг 5-10 жилээр төлөвлөх боломжгүй. Дор хаяж 10, 20, 30 жилийн
хугацаанд энэ салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлага урган гардаг.
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн хувьд хайгуулын хугацаа 5-6 жил үргэлжиллээ.
Үйлдвэр, аж ахуйн газраа барихад дахиад 5-6 жил шаардагдана. Ашиглалтынх нь
хугацаа дор хаяж 30-50 жил. Цаашлаад 100 хүртэл жилийн хугацаанд үргэлжилдэг”,
“Дэлхийн улс орнуудын туршлагыг харж байхад уул уурхайн салбараар 2-3 орон л
зөв хөгжсөн байдаг. Ингэхдээ ганц уул уурхай дээр тулгуурлалгүй, олон салбарыг
дэмжиж ирсэн нь бий.”, “ Эрдэмтэн, судлаачид Монгол Улсын байгаль экологийг маш
эмзэг бүтэцтэй гэж тодорхойлдог. Манай орон далайн түвшинөөс 1800 метрээс дээш
өндөрлөгт оршдог бөгөөд байгаль экологи
судлаачид усны хагалбарын бүс нутаг. Нийт орсон хур тундас гадагшаа урсдаг.
Үржил шимт бор хөрс маш нимгэн. Хөрс, шороо төлжиж ургахдаа удаан, ургамлын
аймгийн ургах орчин сийрэг” гэх мэт.
Энэ
ярилцлага нь мэдээллийн багтаамж сайтай, танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.
Сэтгүүлч Д.Нинжсэмжид энэ салбарт байгаа хамгийн ноцтой асуудал болох нөхөн
сэргээлтийн тухай ярилцагчаас асуусан нь
оновчтой юм. Асуултад уул уурхайн талаар төрөөс дунд болон урт хугацаанд баримтлах эмх цэгцтэй
бодлого гаргаж чадаагүй, Бид сүүлийн 10 жил ард түмний баялгийг гадна, дотныхон
ямар ч хяналт, тооцоогүй ухаж төнхөж, байгаль орчныг сүйтгэж байна гэж
шүүмжилсээр ирсэн боловч харамсалтай нь юу ч хийгээгүй, тухай, Монголд эцэст нь дээд хэмжээндээ хүртэл сүйрсэн байгаль орчин үлдэнэ гэж
халаглаад нөхөн сэргээлтийн талаар “Миний ойлгож байгаагаар байгалийн орчин
нөхөн сэргээлт гэдэг нь тухайн газарт нь ургаж байсан ургамлын аймгийг тэр
чигээр нь хадгалах. Мөн тухайн бүс нутагт амьдарч байсан амьтны аймаг араатан,
жигүүртэн, шавьж, хорхойг нь хүртэл хадгалж үлдээх юм. Урсаж байсан гол цөөрөм
дэх загас, жараахайг хамгаалах. Ингэхийн тулд онгон байгалийн үед нь дээжийг нь
авч, ашигт малтмалаа олборлосны дараа голын гольдролыг нь өөрчилж, өмнө нь
байсан загас жараахай, араатан амьтныг сэргээн нутагшуулахыг хэлнэ. Өөрөөр
хэлбэл, геологийн техникийн нөхөн сэргээлт нарийн байх учиртай” гэж тодорхой
мэдээлэл өгчээ. .
Ярилцагч зарим
асуудалд ихэд болгоомжтой хандаж “...Нэгэнт
гадна, дотны банкнаас зээл авч, эхлүүлсэн ажлаа ганц далайлтаар зогсоох нь юу л
бол.”, “...Тэгэхээр дараа дараагийн компанийг 10, 20 жилийн дараа оруулах
зохицуулалтыг хийхгүй бол 2012, 2013 онд их юм болох вий”, “...Уул уурхайн олборлолтоос болж сүйдэж байгаа Монголын
байгаль экологийг аврахгүй бол хэзээ ч нөхөгдөхгүй гай гамшгийг ч авчирч мэднэ.”
гэж эргэлзсэн хариултыг өгчээ. Сэтгүүлч
энэ эргэлзээтэй асуултыг илүү тодорхой болгосон бол ярилцлага илүү өгөөжтэй
болох байв..
Монголын уул
уурхай нэгдсэн стандартгүй, бас төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй
болохоор уул уурхай хөгжихгүй харин ч сүйрэл авчирч болох юм гэсэн хариултыг
өмнөх бүх асуултуудад шууд болон тойруу утгаар хариулсан байхад сэтгүүлчийн
хамгийн сүүлчийн асуултаа “Тэгвэл стандартгүй уул уурхай Монгол Улсын хөгжлийн гарц
мөн гэж үү?” хэмээн асуусан нь оновчгүй юм. Асуулт оновчгүй,
хариулт өгсөн асуултыг дахин тавьсан учир хариулт мөн л давхардаж ярилцагч “Хариуцлагагүй,
стандартгүй уул уурхай Монголыг сүйрэлд л хүргэнэ. Өнөөгийн парламент, Засгийн
газар хожим амаа барихгүйн тулд өнөөдөр бодлогоо боловсруулж, шаардлагатай
хууль, дүрмийг гаргах хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жил ямар ч төрлийн бодлого,
зохицуулалтгүйгээр уул уурхайн салбар явж ирсний уршгаар Монгол орны
хэрэгцээнээс олон зуу дахин их орд газруудыг олборлож, цөлмөх аж үйлдвэр өндөр
хөгжсөн улс гүрнүүдийн үйлдвэрлэдэггүй түүхий эдийг нийлүүлэгч бааз улс болон
хувирахад тулж очсон байна.” хэмээн хариулжээ.
Энэ ярилцлага
эрх баригчдад хөгжлийн бодлого нь тодорхойгүй, хууль нь гадныханд илүү
үйлдчилдэг энэ байдал хөгжилд гэхээсээ илүүтэй мөхөлд хөтөлнө гэсэн
анхааруулгыг өгсөн бол, жирийн уншигчдад
“Өнөөдрийн замбараагүй бодлого цааш үргэлжилбэл, мал аж ахуй ч үгүй болох
эрсдэлтэй. Ядарсан малчнаас бэлчээрийг нь худалдаж аваад уурхайдаа манаач
хийлгээд эхэлбэл яана. Хэдэн жилийн дараа бэлчээргүй болж, малчид мал аж ахуйгаа
хаявал сүү, махны үйлдвэр хаалгаа барина. Уул уурхайгаа дагаж намирч байтал
баялаг шавхагдаж, өнөөх гадаадын нөхдүүд үүргэвчээ үүрээд гараад явах тэр үед
монголчууд хамраараа газар шаана биз дээ. Эргээд харахад хамаг газар нь там
болж, үе удмаар нь хэдэн зуун жил тэжээж ирсэн мал аж ахуй, газар тариалан үгүй
болсон байх вий. Иймээс үүнийг урьдчилан харж, эртнээс сэргийлэх хэрэгтэй.” гэж
ирээдүй, эх орныхоо төлөө санаа зовинох, эх орноо хайрлах, эх орныхоо газар
шороо, уул ус, ургамал амьтных нь төлөө санаа тавих сэтгэлийг төрүүлж байна. Сэтгүүлч
Л.Нинжсэмжидийн ярилцлагыг бүхэлд нь дүгнэж үзвэл асуудлыг хөндөх, нөхцөл
байдлыг үнэлэх, өөрөөр хэлбэл асуудлаа судалсан, баримтыг боловсруулсан байдал
чамбай, сэтгүүлчийн байр суурь оновчтой, логик сэтгэлгээ сайтай, өмнөө тавьсан
зорилгодоо хүрсэн, сэтгүүл зүйн сайн бүтээл болжээ.
No comments:
Post a Comment