Sunday, January 13, 2013

“Овооттолгой орчмын нүүрсний нөөц дэлхийг даллана”-д нэмэрлэх хэдэн үг



 Нүүдэлчин Монголчууд газрын баялагаараа дэлхийн анхаарлыг татаж байгаа энэ үед Монголын ХМХ-үүд ч уул уурхай, газрын доорх баялагийн талаар эфирийн цаг, сонины талбайгаа зориулж байна. Сэтгүүл зүй нийгмийн хөгжлийн толь гэгддэг учир нийгмийн хөгжлөө даган ийнхүү тусгах сэдэвтээ өөрчлөлт оруулах нь зүй ёсны үзэгдэл юм. Тэгээд ч хариуцлагатай уул уурхай хөгжихөд ХМХ-үүд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах нь тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг мөн.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч З.Ганчимэгийн “Овооттолгой орчмын нүүрсний нөөц нь дэлхийг даллана” хэмээх  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй “Өмнийн говийн элс” компанийн нүүрсний  уурхайгаас хийсэн тэмдэглэл нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй  компаний талаар сурвалжлан уншигчдадаа бодитой хүргэхийг зорьжээ.
Монголчуудын төдийгүй дэлхийн чихийг сортойлгож байгаа нүүрсний олборлолт, нөхөн сэргээлт, тухайн сум орны ард түмний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгаа зэрэг асуудал нь уншигчдын  сонирхлыг ихээхэн татаж байгаа билээ. Гэхдээ Монголын ХМХ-үүдээр олон нийтэд хүрч буй нийтлэлүүдийн дийлэнхи нь сөрөг мэдээлэлтэй буюу уул уурхайн компаниуд байгаль экологийг хэрхэн сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй, монголчуудыг ажилуулах сонирхолгүй,  дийлэнх ажилчдаа хятад иргэдээс сонгодог гэх хэвшмэл ойлголтоос өөр эерэг  мэдээлэл уншигчдад өгч байгаа нь энэхүү нийтлэлийн нэг онцлог тал юм.
Нийтлэлд “Өмнийн говийн элс” компаний талаар тодорхой мэдээлэл өгчээ. ““Өмнийн говийн элс” компанийн хувьд олборлолтын хоёр, хайгуулын найман тусгай зөвшөөрөлтэй. Одоо ашиглаж байгаа “Наран жаргах” уурхай нь 21 жилийн нөөцтэй. Жилийн хүчин чадал найман сая тонн. “Наран мандах” уурхайгаа ирэх намраас ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Ертөнцийн зүг чигээр нэрлэгдсэн хоёр уурхай нийлээд 180 сая тонн нүүрсний нөөцтэй аж. Уржнан жил хайгуул хийхэд 800 метрийн гүнд нүүрс байгаа нь тогтоогджээ. Тиймээс 250 метрийн гүн хүртэл ил олборлолт хийгээд түүнээс цааш далд уурхайн аргаар ажиллах юм байна. Далд уурхайг ажиллуулбал тус ордыг 40-50 жил ашиглах боломжтой гэдэг судалгаа нь одоогоор хамгийн сүүлчийнх. Эдгээр тоо цаашид өсөх хандлагатай.” хэмээн уурхайн нүүрсний нөөц, хүчин чадлын талаар уншигчдад тодорхой танилцуулаад эл уурхайд байгаа даву талуудыг баримтаар өгүүлсэн байна. Тухайлбал, Гурвантэс сумын IV багийн малчин Ш.Ёндон “Манайх Сухантын булагт хаваржиж байгаа. Энэ “Чинхуа”  их тоос босгох юм даа. Эд нар ч гайгүй л байгаа  юм” гэлээ”, “Өмнийн говийн элс” компанийн хувьд ачсан нүүрсээ бүтээлгээр хучиж тээвэрлэж байгаа”, “Ажилчдын 95 хувь нь монголчуудаас бүрддэг...”, “Тус компанийн нийт ажилчдын гуравны нэг буюу 130 орчим хүн тус сумын иргэд. Халаалт, цахилгаан, халуун, хүйтэн ус зэрэг дэд бүтцийг шийдвэрлэсэн орчин үеийн тохилог сууцыг 3,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар түвэггүйхэн шийдвэрлэжээ.”, “Байгаль, орчны асуудлыг компани бодлогыг хүрээнд тавьж, хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хантай хамтарч хийдэг” гэжээ. Нэг талаар  энэхүү нийтлэл нь уншигчдад тус компаний талаарх сурталчилгааны нийтлэл гэсэн хардалтыг төрүүлж болох юм. Гэхдээ өөр эх сурвалжууд дахь “Өмнийн говийн элс”-ний талаарх нийтлэлийг үзвэл энэ нь бодитой мэдээлэл болохыг түвэггүйхэн  ойлгоно.
Сэтгүүлч Г.Ганчимэг нөхцөл байдлыг үнэлэх, баталж нотлохдоо эх сурвалжуудыг сайтар сонгон, мэргэжлийн өндөр түвшинд ашигласан нь энэ нийтлэлийг илүү сонирхолтой, үр нөлөөтэй болгоход нөлөөлжээ. Жишээ нь, Гурвантэс сумын IV багийн малчин Ш.Ёндон, Тус компанийн Хайгуул, Засгийн газар, олон нийтийн харилцаа эрхэлсэн ерөнхий менежер Д.Бат-Эрдэнэ, Энэ тухай тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Жаалхүү нарын яриагаар нүүрс олборлож байгаа компанитай холбоотой баримтуудыг өгүүлжээ.
Энэхүү нийтлэлд төрлийн бодлогод байгаа алдаа дутагдлыг ч эх сурвалжийн яриагаар харуулжээ. Тухайлбал “Бид олборлолтын хэмжээг ихэсгэж, боловсруулах үйлдвэрээ барих хэрэгтэй. Манайхан хэтэрхий улс төржөөд, ядах нь аа эрдэс баялаг, эрчим хүчний урт хугацааны бодлогогүй яваад байна”,  “Манайхан боловсруулах үйлдвэр баръя гэж хэдэн жил ярилаа. Гэтэл хятадууд хилийн цаана хэдийнэ бариад ашиглалтад оруулчихсан. Тэд маш хурдан шийдэж байна. Харин манай төрийн шийдвэр их удаан гардаг. Төмөр зам дээр гэхэд л өргөн, нарийн царигтай байна гээд маргалдах юм. өргөн царигтай бол хэрэггүй” гэсэн ерөнхий менежер Д.Бат-Эрдэнийн яриагаар энэ салбарт байгаа төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, ажлаа умартан  хувийн эрх ашгаа бодож байдаг нийтлэг дутагдлыг илэрхийлсэн бол сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Жаалхүүгийн хэлсэн  “Манай суманд уул уурхайн гурван компани үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хуулиараа нөөц ашигласны төлбөрийн бүр 13 хувийг сум, орон нутагт үлдээх ёстой. Гэтэл 180 сая орчим төгрөгийн төсвийг л үлдээгээд бусдыг хамаад авчихдаг. Орон нутгийг хөгжүүлье гэж байгаа бол анхан шатны нэгжид нь эрх мэдэл өгөөч. Тэгш хуваарилалтын систем өдийг хүртэл үйлчилсээр л байх юм. Энэ тогтолцоо чинь буруу” гэсэн өгүүлбэрээр  орон нутгийн өмнө гардаг бэрхшээлтэй асуудлыг эрх баригчдад хүргэхийг зорьжээ. СэтгүүлчГ.Ганчимэг нэгээс нөгөөд урган орох замаар санаагаа эрэмбэтэй илэрхийлдэг, өгүүлж байгаа зүйлээ  тодорхой өгүүлдэг чанар түүний нийтлэлээс хараглаж байна. Энэ бол сэтгүүлч, ялангуяа эдийн засгийн сэтгүүлчид байх ёстой чанар мөн билээ.  
Хариуцлагатай уул уурхайн зарчим нь олон талын оролцоог хангах, ил тод нээлттэй байх, хуулийг сахин дээдлэх, байгаль орчин хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, хүмүүнлэг ёс зүйтэй байх, дэвшилтэд технологид суурилсан байх гэсэн найман зүйлээр тодорхойлогддог. Сэтгүүлч Г.Ганчимэгийн бичсэн энэ тэмдэглэлээс төдийгүй “Өмнийн говийн элс” компанийн талаарх бусад ХМХ дээр гарсан нийтлэлүүдээс үзвэл олонд нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь түвэггүй ойлгогдоно.  Мөн “Овооттолгой орчмын нүүрсний нөөц нь дэлхийг даллана” нийтлэлд тус уурхай хариуцлагатай уул уурхайн гол зарчмын нэг болох байгаль орчин хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх хариуцлагаа биелүүлэхдээ нутгийн иргэдтэй хамтарч ажиллахыг илүүд үздэгийг товолгоу өгчээ. Уурхай ажиллаж эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн нарийн судалгааг хийсэн тухай, уурхайн эргэн тойронд байгаа 12 булгийн орчимд амьдардаг айл болгоноос хоёр хүнийг сургалтад хамруулж, байгаль орчны мониторингийг яаж хийх вэ гэдэг арга зүйг зааж өгсөн зэрэг байгаль, орчны асуудлыг компани бодлогыг хүрээнд тавьж, хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хантай хамтарч хийдэг тухай сэтгүүлч онцлон өгүүлсэн байна.


Нийтлэлд буй нэг ойлгомжгүй зүйл бол   “Саусгоби энержи ресурс” компани таван жилийн өмнөх анх Торонтогийн бирж дээр хувьцаагаа хоёр ам.доллараар арилжиж эхэлжээ.” Гэсэн өгүүлбэрээр эхэлж энэ компаний хувьцааны ханш өсөж буурсан хийгээд Гонконгийн  хөрөнгийн биржээр  арилжсан ханш ижил байгаа тухай өгүүлжээ. Харин Монголын Хөрөнгийн биржийг олон улсын стандартад хүрсний дараа л бид хувьцаагаа гаргах боломжтой хэмээн ярьсан тус компанийн Монгол дахь салбарынхан яриаг оруулжээ. Энэ мэдээлэл тус нийтлэлтэй буюу “Өмнийн говийн элс” компаний үйл ажиллагаатай ямар холбоотой болох нь тодорхойгүй байна. Гэтэл Айвенхоу Майнз хувьцааных нь  80 гаруй хувийг эзэмшдэг “SouthGobi Energy Resources” нь Монголд “Өмнийн говийн элс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Сүүлийн үед уул уурхайн салбарт хариуцлагын тухай ойлголтыг тогтоогоод байгаа “Саусгоби сэндс” ХХК -ний цөм Овоот Толгой нүүрсний орд газраас хийсэн тэмдэглэл нь хариуцлагатай уул уурхай ямар байх талаар олон нийтэд  жишиг ойлголт өгөх  үр нөлөөтэй байгаа нь энэ нийтлэлийн ач холбогдол оршиж байна.
Учир сэтгүүл зүйн аливаа мэдээ, нийтлэл нь уншигч, сонсогч, үзэгчдэд оюун санааны үр нөлөө аль эсвэл практик үр дүн үзүүлж байх шаардлага тавигддаг. Энэхүү нийтлэл нь уншигчдад газрын хэвлийн баялагаа зөв ашиглаж чадвал хүн зоны ахуй амьдралд төдийгүй улс орны амьдрал дэгжин дээшилж болохыг ойлгуулж байгаа нь сайн юм. Мөн уул уурхайн өөр компаниуд ч эл уурхайгаас санаа оноо авч үйл ажиллагаандаа тусгах эерэг талтай.

                                                                                                                     Улаанбаатар хот 2011 он





No comments:

Post a Comment