Saturday, January 12, 2013

Тэнэгэр говьд түргэлэн буй бүтээн байгуулалт



 “Хонгор элс халуун байна. Намрын сар гарсан гэхэд говийн шаргал элс нөгөө л улаа бутарсан хэвээр төөнөж, алтран гялтайх ширхэг бүр нь “Би говийн эд эс” гэж өөрийгөө тунхаглах мэт. Хүрээ, хязгаар нь үл үзэгдэх энэ нутгийн уудмыг хэлэх үү, давхиад давхиад  туулах зам дундаа ороо ч үгүй байх нь говийн гүнээр зорчин аялагчийн тэвчээрийг эрхгүй сорих аж.“ гэж сэтгүүлч Э.Сайхантуяагийн “Тэнэгэр говьд түргэлэн буй бүтээн байгуулалт” сурвалжилсан тэмдэглэл ийн эхэлж байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэгт ажлаа аваад улс орныхоо хязгаар нутгуудыг албан ёсоор анх удаа эргэхээр Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийг зориход дагалдан явсан сэтгүүлчийн нийтлэл цааш говь нутгийн зах хязгааргүй үргэлжлэх нүд алдам  гоо үзэсгэлэнг гайхан бахадсан өнгөөр хангай газартай  харьцуулан үргэлжилжээ.
Энэхүү нийтлэл хэмжээний хувьд том бөгөөд зургаан дэд хэсгээс бүрдэнэ. Сэтгүүлч говийн аймагт ажилласан Ерөнхий сайдыг дагалдан дээрх аймгуудад ажиллахдаа үзэж танилцсан уурхай, ард иргэдийн уулзалт гэх мэт орон зайн хувьд хязгаарлагдмал хүрээнд болж байгаа үйл явдлыг цаг хугацааны дагуу тусган, гол баримтуудын учир шалтгааныг гаргахдаа өргөн хүрээг хамарсан  нэмэлт баримт ашиглахыг гол болгожээ. “Сайншанд” цогцолборыг газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар эхлүүлнэ” эхний дэд хэсэгт Дорноговь аймагт баригдах “Сайншанд”-ын аж үйдвэрийн цогцолборт төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг тэнд төвлөрөх үйлдвэрүүдэд боловсруулан олон улсын зах зээлд  нийлүүлэх  тооцоо хийж байгаа тухай, ингэхдээ эхний ээлжинд газрын тосны үйлдвэр барихаар төлөвлөөд байгаа тухай онцолжээ.
“2014 онд улсын хэрэгцээг хангахуйц газрын тос олборлоно” дэд гарчгийн дор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дорноговьчуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс газрын тосны илэрц, түүнийг хэр үр ашигтай экспортолж буй талаар нэлээд санал, гомдол ирж, тэр дагуу тус аймгийн Зүүнбаянд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  “Доншин” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан тухай өгүүлжээ. Иргэний дээрх эргэлзсэн асуулт болон ер нь Дорноговь аймгийн хэмжээнд газрын тосны хайгуул, олборлолтын ажлын явц ямар байгаа талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы яриагаар тодорхой хариулт өгсөн байна. 
“Газрын гадаргаас 1385 метрийн гүнд...” гарчиг дорх “Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаатай танилцаж Монголдоо  төдийгүй олон улсын хэмжээнд нэлээд гүнд тооцогдох тус ам руу нэвтэрч, нөхцөл байдалтай нь танилцах боломж олдлоо” хэмээсэн эхний өгүүлбэр дор сурвалжилсан тэмдэглэлд байдаг зохиогчийн оролцоо тод харагдаж байна.  Энэ нийтлэлд бүхэлдээ зохиогчийн “би” баатрын идэвхтэй байр суурь ажиглагдана.  “Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав нарын цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр бид 1385 метрийн гүн рүү тусгай лифтээр буулаа. Газрын гадаргаас доошлох тусам даралтын нөлөөгөөр чих дүнгэнэж, хатгуулдаг тул тусгайлсан чихэвч зүүх шаардлагатай гэж байлаа. Гэвч анхлан орсон бидэнд өнөөх чихэвч ч олигтой нэмэр болсонгүй санагдав” хэмээн “Зам-Там” гэсэн удаах хэсэгт, “Оюутолгойгоос Тавантолгой хүрэх зам ойролцоогоор 150 км. Говийн экосистемийг яаж сульдааж, хэрхэн сүйтгэж буйн тод жишээг энэ замаас харж болно. Харахаар барахгүй бие махбод, эрүүл мэндээрээ мэдрэх “боломж”-ийг бидэнд олгосон юм, энэ зам. Тавантолгойн сав газраас тус бүр нь 100 тонны багтаамж бүхий тэвш дүүрэн нүүрс тээсэн ачааны машинууд урд хил рүү ар араасаа тасралтгүй цувах аж. Хүнд даацын үй олон тэрэгний дугуй говийн зөөлөн хөрс рүү заналтай нь аргагүй шигдэж, олон удаагийн рейс бүрт улам доошилсоор хүрзээр шороог нь малтаад авсан мэт гүнзгий гэгч нь мөр үүсчээ. Хэдэн арван км үргэлжлэх энэ мөр хоёр, дөрөв, зургаа салаалсан байх. Томилолтын багийнхны цуваа нүүрсний энэ замын хажуу талаар үүсгэсэн жижиг оврын автомашины нарийхан шороон замаар зорчсон юм уг нь. Гэсэн ч хажуугаар сүлжилдэх хэдэн арван машины тоос шороонд  будагдаж орхилоо. Хамаг цонхоо тас хаагаад ч говийн элсэн шорооны нарийн ширхэг бүхий тоосноос зайлж үл чадах” хэмээн өөрийн нүдээр үзсэнээ дүрслэн өгүүлжээ. 
Сэтгүүлч тухайн нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийхийн тулд  үүссэн нөхцөл байдлын учир шалтгааныг тодруулах, тухайн зорилтуудыг шийдвэрлэхтэй холбоотой  гарсан хамгийн гол асуудлыг тодруулах шаардлагатай байдаг. Тэгвэл сэтгүүлч Э.Сайхантуяа энэ байдлыг нүдээр үзээд асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх дотоодын зам болон гадаад гарцын талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй яриа өрнүүлж хариултаа олжээ.  
Сэтгүүлч Тавантолгойн сав газарт үйл ажиллагаа явуулж буй Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ”, хувийн хэвшлийн статус бүхий “Энержи Ресурс” компанитай  танилцсан тухайгаа  “Төр, орон нутаг, хувийн хэвшлийн хүчин чармайлтыг харуулсан Тавантолгойн сав газар” хэмээн гарчиглажээ. Тэдгээр компаниудын талаар сайн, саар олон мэдээлэл байдаг ч үнэн хэрэгтээ хэн нь юу бүтээж байгааг газар дээрээс нь харахаар Ерөнхий сайд   зориод их бүтээн байгуулалт өрнөж буйг гурван компани тус бүрийн үйл ажиллагаан дээр тоо баримт, жишээгээр нотлон өгүүлсэн байна.  
 “Гашуунсухайтын боомтод гажуудал бий юү?” хэмээн асуусан сүүлийн  асуултдаа Ерөнхий сайдын томилолтын маршрут цагтаа багтахгүй болсон тул Гашуунсухайтын хилийн боомтын ажилтай танилцах үүргийг  Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар хүлээсэн учир салбар эрхэлсэн. “Д.Зоригт:  Гашуунсухайтын боомтод нэгдсэн зохицуулалт алга”, “Л.Гансүх: Компаниуд байгаль орчны стандартыг мөрдөж эхэлж байна” хэмээн хариултаа авчээ.
Сэтгүүлчийн гярхай ажиглалт “Говийн зам бодож бясалгах таатай орчин төдийгүй эргэцүүлж хэн хүнд ногдох аж. Элсэн говийн зах хүрээгүй уудамд байгалийн хувиршгүй ганц өнгө хөвөө хязгааргүй үргэлжлэх нь аян замыг урт удаан болгодог бололтой.” гэх мэт өгүүлбэрээр илэрсэн “Тэнгэрийн биш газрын зам”, “Оюутолгой ордын 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн”, “Говийн бүсэд түргэлэн буй уул уурхайн бүтээн байгуулалт” хэмээн үгийн оновчтой сонголтоор уншууртай бичжээ. Цуглуулсан тоо баримтаа хаа нэгхэн газар боловсруулалт маруухан  хийж тоочсоныг эс тооцвол эл сурвалжилсан тэмдэглэл өмнөө тавьсан зорилгодоо хүрсэн  чамбай бүтээл болжээ. Сэтгүүлч Э.Сайхантуяа нь хэдий нас залуу, сэтгүүлч мэргэжлийг  эзэмшээд удаагүй байгаа  залуухан сэтгүүлч хэдий ч сүүлийн үед уул уурхайн чиглэлээр дагнан бичиж өсөх ирээдүйтэй чамбай сэтгүүлч болохоо хэдийнээ харуулсан юм.  Үйлдвэрийн  үйл ажиллагаа амжилттай, стандарт горимын дагуу явагдаж байгааг тодорхой үзүүлж,  хүмүүсийн хэлсэн үг, сэтгэгдлийг  оновчтой шигтгээ болгон тусгаж, орон зай цаг хугацааны хүчин зүйлийг  сайн ашиглаж чаджээ.
Энэ нийтлэл бүхэлдээ Монголчуудын ирээдүйг тодорхойлох хариуцлагатай уул уурхай Монгол нутагт хэрхэн өрнөж байгааг сурвалжилжээ. ““Монголчууд мөнгө олохоор Солонгосыг биш говийг зорих цаг иржээ” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын томилолтын төгсгөлд  хэлсэн үг өмнөд бүсэд өрнөж буй бүтээн байгуулалтад өгсөн үнэлгээ байлаа.” гэсэн өгүүлбэрээр тэмдэглэлийнхээ санааг зангидаж төгсгөсөн байна. 

                                                                                                     Улаанбаатар хот 2011 он

No comments:

Post a Comment