Tuesday, June 20, 2017

Хар PR-ийг тайлбарлах нь

                          /Амжилтанд хүрэх арга нь сайхан харилцаа юм/

Хорь гаруйхан жилийн өмнө Монголчуудын хувьд PR гэдэг нэр томьёо шинэ  байсан ч агуулгын хувьд шинэ зүйл байгаагүй юм. Учир нь  хэн нэгэн бусад хүмүүс өөрийнх нь тухай юу гэж боддогт анхаарал хандуулж, хүмүүсээр сайшаагдахын тулд идэвхийлэн ажилладаг, өсөж дэвшихийн тулд бусдаар тусалж дэмжих нөхцөл үүсгэхээр хичээж, өөрийн зорилгыг биелүүлэхэд гарсан саадыг даван амжилт олж байсан бол олон нийттэй харилцаж сурсан байна гэсэн үг. Тэгэхээр бид PR-ийн тухай мэддэг байв. Улс төрийн хүрээнд түүнийг харин бор шувуу нисгэх нэмээн нэрлэж байлаа.
PR гэж юу вэ? Янз бүрийн хүрээнд хүмүүс харилцааг үүсгэдэг. Бид яаж хийсэн, ямар үг хэлснээ ухаарч мөн бидэнд нааштай санагдсан бусдад урам өгдөг. Өөрөөр хэлбэл бид өөрийн олон нийттэй харилцах хэв маягаа бий болгож, бататгаж, бусдын санаа бодлын дэмжлэгтэйгээр өөрсдийн имиж, нэр хүндээ олдог. Өнөөдөр, хувь хүн болон байгууллагууд бусдаас дэмжлэг авснаар амжилтанд хүрч чадаж байна. Олон нийтийн харилцааны зөвлөгч Филипп Лесли “Бүх байгууллага, засаглалуудад хамгийн чухал, нөлөөлөх хүч нь хүмүүсийн үзэл бодол” гэж тэмдэглэжээ.  Филипп Леслигийн амжилтанд хүрэх арга нь сайхан харилцаа юм.
Өдгөө Монголд энэ чиглэлийн судлаачид, мэргэжилтнүүд, дагнан ажилладаг мэргэжлийн байгууллагууд бий болж, улс төрчид, бизнесийн байгууллага, нам эвсэл дэргэдээ PR-ийн зөвлөх, эсвэл баг ажиллуулах болжээ. Улс төрийн хүрээнийхэн бусад салбараас илүүтэй өндөр түвшинд ашиглаж байна. Энэ ч аргагүй юм. Гарал үүслийн хувьд PR–ийг авч үзвэл улс төр нийгмийн зарим нэгэн зүтгэлтнийг улс төрийн “баатар” болгох зорилгоор бий болсон болохыг судлаачид  тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Ерөөс улс төр өөрөө мэдээллийн өргөн солилцоонд тулгуурлаж хөгждөг онцлогтой. Энэ  харилцааг ОНМХ-ийг ашиглахаас бус  шууд харилцаагаар явуулах боломжгүй. Өнгөрсөн зуунд улс төрийн гол ачаа зөвхөн ХМХ-ийн нуруун дээр явж байсан бол өдгөө олон нийтийн сүлжээ хамт үүрэлцэж байна. Улс төрчид ХМХ-ийг ашиглахгүйгээр өөрийгөө олон нийтэд таниулах нь ч боломжгүй зүйл.  Тийм ч учир улс төрчид сэтгүүлчид “хайртай” байдаг.
Энэ нь сонгуулийн үеэр  илүү идэвхждэг онцлогтой. Зар сурталчилгаа болон PR-ийг түгээдэг хэрэгслийг ерөнхийд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сурталчилгааны бусад хэлбэр хэмээн хоёр ангилдаг. Бусад хэлбэрт гаднах самбарууд, тээврийн хэрэгсэл, шуудангаар илгээх сурталчилгаа зэрэг багтах ч эдгээрээс ОНМХ-ийг онцгой үр нөлөөтэй хэмээн үздэг. Тэд  дээрх хэлбэрүүдийг ашиглан улс төрийн сонгуулийн кампанит ажлаа өөрийн сурталчилгааг хийх, өрсөлдөгчийн эсрэг сөрөг сурталчилгаа хийх гэсэн хоёр арга замаар явуулдаг. Нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаанд анхаарахаасаа гадна өрсөлдөгчийн эсрэг сурталчилгаанд түүнээс ч дутахгүй хүч тавьж байна. Тэгэхээр сонгуулийн өмнөх технологи гэхээр ихэвчлэн хар пиарын тухай  байдаг. Улс төрийн технологчид, пиарчид зорилгодоо хүрэхийн тулд сонгогчдын анхаарлыг гойд татах, тэднийг уйдаахгvй, ямар нэгэн сонин юм бодож олж түүгээрээ тэд ямар ч байдлыг өөрчилж, хүмүүсийн бодож байснаас ч өөр vр дvнд хvрч чаддаг.
Сонгуульд төдийгүй улс төрийн тавцанд үргэлж ялагч байхын тулд өрсөлдөгчийнхөө тухай таагүй мэдээллийг дамжуулах, бүтээх, зохиох, бий болгох, сөрөг шинж чанаруудыг нийтэд мэдээлэх, муу талаас нь харуулах, улмаар олон нийтийг түүний эсрэг өдөөн турхирах байдлыг агуулсан сурталчилгааг хар PR гэдэг. Ингэхдээ өрсөлдөгчийнхөө удам судар, гарал үүсэл, найз нөхөд, ажил төрөл, гэр бүлийн байдал, сэтгэл зүйн болон бие эрхтний согогийг хүртэл онцлог сөрөг талаас нь мэдээлдэг. Энэ нь сонгуулийн кампанит ажилд  өндөр хувийг эзэлдэг бөгөөд аль ч улс оронд байдаг үзэгдэл юм.
Сэтгүүлч, сонгогчид цөм адилхан 1980-аад онд сөрөг кампанит ажил өссөнд харамсдаг. Гэвч энэ нь Америкийн улс төрийн хувьд онцгой үзэгдэл байгаагүй юм. 1952 онд Эстис телевизийн сурталчилгааны рекламны анхны шууд дайралтыг Эйзэнхуарын  эсрэг ашигласан байдаг. 1952 оноос хойшхи  Ерөнхийлөгчийн сонгууль бүрт телевизийн сөрөг сурталчилгааны шинж ажиглагддаг. 
Сөрөг улс төрийн сурталчилгааг янз бүрээр тодорхойлдог ба орчин үеийн улс төрийн сурталчилгааны дийлэнх хувийг сөрөг сурталчилгаа бүрдүүлдэг гэдэгтэй судлаачид, зөвлөхүүд санал нийлдэг. Улс төрийн бүх сурталчилгааны 30-50 хувийг сөрөг гэж үзэж болохыг судлаачид тогтоосон байна. Зарим улс төрийн ажиглагчид 20 дугаар зууны сүүлийн Америкийн улс төрийн гол шинж тэмдэг нь сөрөг улс төрийн сурталчилгаа байсан гэж үздэг. “Сурталчилгааны эрин” бүтээлд тэмдэглэснээр 1986 оны Сенатын сонгуульд 450 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Үүний 50 гаруй хувийг сөрөг улс төрийн сурталчилгаанд зарцуулжээ. Одоо сөрөг улс төрийн сурталчилгаа холбооны, улсын, орон нутгийн кампанит ажлын гол цөм нь болсон юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байдаг бас манайд байдаг хар PR-ийн хооронд нэг л ялгаа бий. Тэр нь бодит баримтанд тулгуурласан эсэх. Сөрөг сурталчилгааг заавал баримт нотолгоотой зүйл дээр тулгуурлаж хийдэг. Өөрөөр хэлбэл хэлж буй сөрөг зүйлээ батлах чадвартай байх ёстой гэсэн үг юм. Ямар ч үндэслэлгүй зохиомол  сөрөг ажиллагаа амжилт олох биш харин ч сөрөг үр дагаврыг авчирдаг. Үүний тод жишээ гэвэл 2009 ны ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн эцэг Шинжаанаас ирсэн,  тэр хятад гаралтай хэмээн сөрөг PR-ийг түүний өрсөлдөгч нь хийснээр ялагдал хүлээжээ. Энэ нь тухайн улс төрчийн гарал үүсэл удам судрыг авч үздэг хар PR  технологи бөгөөд ингэхдээ  улс төрчийн удам сударт гэмт хэрэгтэн, харь цус, нэр төр муутай хүмүүс байсан эсэхийг судалж,  түүнээс ямар нэгэн таагүй зүйл олдвол улс төрчтэйгөө холбон тайлбарладаг арга юм.   
Харин хэдэн жилийн өмнө УИХ-ийн сонгуулийн болхи PR-ийн  тод жишээ бол МАН-ын залгамж НАМЗХ-ын удирдлагууд НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяртай  Сэлэнгийн Хүдэр суманд хүүхэн нийлж хүчиндсэн гэх шуугиан байв. Үүнийг батлах дорвитой баримтгүй байсан бөгөөд энэ харин ч нэр дэвшигчид таатайгаар эргэсэн болохыг зарим улс төрчид хэлж байна. 
Сонгогчдын дунд хийсэн судалгаагаар дийлэнх сонгогчид сөрөг мэдээллийг чухалчилдаг гэсэн дүн гарчээ.Тэгэхээр олон нийт улс төрийн сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааг илүү анзаарч, тийм мэдээлэл дээр тулгуурлан сонголтоо хийдэг учир хар PR-ийг баримтад тулгуурлан, нарийн зохион байгуулалттайгаар нийгмийн сэтгэл зүйг бэлдэх бэлдэх байдлаар түгээх нь үр дүнтэй байдаг.