Тэртээ 1995 онд оюутан ахуйдаа Монголын радиогийн "Бэр цэцэрг" радио сэтгүүлийн дугаарыг бэлтгэж байсан нэвтрүүлгийн текст. Төгсгөл нь хэзээ ч юм, хаана ч юм алга болж.
Аавын өдөртэй болъё гэсэн эхний хэсэгт Хөхмортын "Хоёр худаг" гэдэг газар, өөрийн хүүхэд насаа дүрсэлсэн санагдана. Аав гэж байгаа тэр хүн нь миний өвөө. Өвөөгөө өдөржин харуулдаж, нар буусан хойно ирэхэд нь сумын сонин сонсож, над мэт нь чихэр горьдон гэрт чимээгүйхэн суудаг сан.
МОНГОЛЫН РАДИО
Нэвтрүүлгийн
нэр..."Бэр цэцэг" Нэвтрэх.1995.он.3...сар 18.өдөр
Зохиогч.МУИС-ийн сэтгүүл зүйн Давтах.........он.......сар....өдөр
ангийн оюутан Д.Дагиймаа
Ер.Ред................................... Найруулагч...Бүргэд.
Хэмжээ..5.хуудас.20..минут Нэвтрүүлэгч..Хишгээ..
-хөгжим-
НЭВТ: “Бэр цэцэг”
-хөгжим-
НЭВТ: Хойд талаар үргэлжлэн харагдах элсэн манхан халуунд
нозоорон байна уу гэлтэй чимээгүйхэн шаргалтана. Баруунтаа тээр холоос мөнгөн
орой нь цайран үзэгдэх Сутайн оргил, цэнхэртэн сүүмийх хөх уулсын наагуур их
тал зэрэгэлээтэн жирвэлзэнэ.
Хангай дэлхий, хүн малгүй их халуунаас халширч, сүүдэр
хүсэмжлэн байх шиг чимээ аниргүй дуниартна. Нараар тасардаггүй говь нутгийн
зуны жин үдэд ёстой л нохой гаслам халуун.
Гэрийн сүүдэр бараадан хэвтэх гэхэд гадаа үлдсэн хэдэн
хэнз ишиг сүүдэр булаалдаж, бас дээр минь гарч тоглож наадах гэнэ. Улайдсан
элсэн дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс эмээж шилбүүрээ гялалзуулж хэдэн ишгээ
хашаа руу нь хөөчихөөд баруунтаа цэлийх их тал уруу дахин харлаа. Тэр зүгээс
аав минь хүрэн морьтойгоо зөөлөн шогшуулсаар ирэх ёстой. Өчигдөр сумын төвөөс
аавыг минь хурал хуйтай гэж дуудаад, аав ч үүнийг далимдуулаад сонин сэтгүүл
энэ тэрийг олж авчиръя гээд явсан. Сумын, багийн ажил гээд аавыг нэг амраахгүй
шүү. Аавыгаа би ийн хайрлан бодох боловч бас тэр чинээгээр ааваараа бахархана.
Ганц гэрээрээ зусаж байгаа болохоор манайд орж гарах хүн
амьтан байхгүй. Ээж бид хоёр хоёулхнаа нэг л эл хуль, гэр маань ханхайх шиг санагдаж өчигдөр оройг
дуу шуугиан муутайхан өнгөрөөсөн. Харин гадаа хураалгаатай байсан барааг үхэр
шөргөөгөөд унагаачихсан байсныг өглөө ээжтэйгээ хамжиж хураах гэж их л
зүдэрснээ саналаа.
Шуудайтай хужрын өрөөсөн буланг өргөж дийлэхгүй дэмий л
ээждээ бараа болон зогсохдоо өөрийн эрхгүй аавыгаа үгүйлсэн. “Аав гэдэг уул шиг
түшигтэй байдаг юм” гэсэн нутгийн хөгшдийн яриаг сонссоноос хойш аавыгаа санах
бүрийд алсад сүртэйхэн хүглийх уулсыг харж тайтгардаг болсон юм. Талын дээгүүр
ус шиг долгилон тодрон, нэг бүдгэрэн байх зэргэлээ надаар тоглоод ч байх шиг...
Нар доошилж, сэрүү унахаар л аав минь ирэх байх даа.
/“Эр хүн” дуу/
НЭВТ: Эр хүнгүйгээр, аавгүйгээр
амьдралыг тэр чигээр нь бүү хэл нэгээхэн хормыг ч төсөөлөхөд бэрх ээ. Төрийн
хэргийг эрчүүд явуулж, эх орны манаанд ч эрчүүд зогсож, айл гэрийг эрчүүд маань
л авч явдаг. Гэхдээ өнөөдөр манайд эрээрээ овоглосон мөртлөө эхнэрийнхээ хүчинд
яваа айлууд байгаа хэдий ч бид нэвтрүүлгээрээ энэ тухай биш эр хүний нөмөр
нөөлөг, Алтай Хангай мэт түшгийг сонсогчидтойгоо хуваалцах гэсэн юм. Харин бид
энэ талаар хүч хөдөлмөрөө улс нийгэмдээ зориулж, 6 сайхан хүүхдээ амьдралд
хүргэсэн нэгэн айлын голомтыг бадраасаар яваа сайхан аавтай ярилцсан юм.
Тэтгэвэртээ амран сууж байх нас нь болсон хэдий ч сайхан амьдрахын төлөө
хөдөлмөрлөсөөр яваа “Мөнхийн хөгжил” компанийн дэд захирал Лхамжавыг одоо та
бүхэнтэй радио долгионоор уулзуулъя.
/хальс 4.55/
НЭВТ: Эр хүний нухацтай ширүүн гэмээр харц, хэрэгтэй цагт
нь онож хэлдэг чансаатайхан хэдэн үг, хүдэр чийрэг бие хааг хараад их л бүдүүн халуун
хатуухан хүмүүс гэж ойлгодог. Гэтэл цаг дээрээ эрчүүд гэдэг маань хамгийн эмзэг
зөөлөн хүмүүс байдаг.
Эмэгтэйчүүдүүдээс илүү өвчинд өртөж, архи тамхинд орж,
хахир хатуу ааш занг ч бас гаргаж чаддаг. Энэ үед эмэгтэйчүүд бид энэ бүхний
бурууг ганц өөрт нь тохож бодохоос биш, өөрөөс минь болсон юм биш байгаа даа
гэж эргэж нэг бодох нь ховор.
Байгаль эх тэдэнд хэдийгээр эр чадал, эрдэм ухааныг илүү
заяасан ч хүн л болж төрсөн хойно нэгнийхээ дэмэнд явдаг орчлонгийн жамыг
туулна. Тийм болохоор цаг ямагт л хань нөхөд, хайр халамжийг үгүйлдэг. Сүр нь
их ч сэтгэл нь зөөлөн эрчүүдээ эмэгтэйчүүд маань хазайхад нь түшиж, халтирахад
нь тулж, хайр халамжаар дутаахгүй явуулбал “толгодын дайтай эм хүнийг уулын
дайтай” авч явдаг аа.
Газраас ургаж, тэнгэрээс унаагүй л юм бол эр хүний нөмөр
нөөлөг, түшиг тулгуурыг мэдрээгүй хүн орчлонд үгүй байх. Харин бид зовлон
жаргалаа дотроо баринтагласан эрчүүд анзааран нэг амсхийлгэсэн бил үү! Ээжийн
баяр гэж байхад ээжтэй минь адил амьдралыг авч явдаг, хотойгоо нь үгүй аавын
өдөр гэж байж болохгүй нь юу билээ! Гэхдээ үүнийг нүсэр хөлтэй тэмдэглэх баярын
өдөр биш хүн бүр аавыгаа баярлуулдаг өдөр байгаасай гэж бодсон юм.
-хөгжим-
НЭВТ: “Ертөнцийн хүүхнүүд”
НЭВТ: Бид урьдах нэвтрүүлгээрээ японы хүүхнүүдийн соёл
боловсрол, аж төрлийн тухай та бүхэндээ сонсгосон билээ. Харин өнөөдрийнхөө
нэвтрүүлгээр Итали, Францын хүүхнүүдийн аж амьдралын сонин сайхныг дуулгахаар
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ажилтан Одончимэгийг нэвтрүүлэх танхимдаа
урьсан юм.
/хальс/
-хөгжим-
НЭВТ: Эмэгтэйчүүд ээ! Радиодоо ойртон суугаарай! “Бэр
цэцэг” радио сэтгүүл та бүхний амьдралд тустай хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм.
-хөгжим-
НЭВТ: Хэрхвэл гэрийн эзэгтэй нар ядаргаанд орохгүй байж
залуу харагдах вэ?
НЭВТ: Гадаа аль хэдийн хавар ирчихэж. Хэдийгээр цаг
наашилж, урин дулаан болдог ч хаврын урт өдрүүд хүнийг хамгийн их ядраадаг. Хар
нүд нээснээс эхлэн үргэлжлэх ажил алба ямар дуусах биш. Гэр орон, үр хүүхэд,
дэлгүүр хоршоо гэж гүйсээр ядарч орхино. Гэвч ямарч хэвтэх зав хаана байх
билээ.
-таслал хөгжим-
НЭВТ:
Ер нь ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө ажилд дарагдаж түүртсэн завгүй хүн гэж үздэг.
Иймд байнга сандарч тэвдэх, сэтгэл зовж явахгүйн тулд маргааш юу хийхээ урьд
орой нь төлөвлөж байгаарай. Тэгвэл бага ядарч, их ажлыг амжуулж чадна. Мөн
амрах, өөрийгөө тордох цаг зав ч гаргаад ирнэ.
Сэтгэлийн зовиур, ядаргаанаас болж л хүн цагаасаа эрт
өтөлнө. Харин одоо энэ бүхнээс зайлсхийж гэртээ хийж болох хэдэн дасгал хэлье.
Эдгээрийг ядахдаа та нэг долоо хоног хийхийг бодогтун. Тэгээд биеийн тань
байдал, гадаад төрх хэрхэн сайжрахыг аяндаа та анзаарна.
-таслал хөгжим-
НЭВТ: Та ядармаар бол шалан дээрээ гэдэргээ харж хэвтэнэ
үү. Үе мөчөө чадлаараа тэнийлгэж, хажуугаараа өнхөр. Үүнийг өдөрт 2 удаа
хийгээрэй.
-таслал хөгжим-
НЭВТ: Аяархан жигд амьсгал авч мэдрэлээ тайвшруул.
Гүнзгий амьсгал. Нэгэн жигдийн амьсгал бол мэдрэлтийг амраах шилдэг аргын нэг
юм.
-таслал хөгжим-
НЭВТ: Хөлийнхөө хурууг аяархан хөдөлгөж дараа нь амраа.
Хөлийнхөө булчинд хөдөлгөөн оруулж, дараа нь тайван байлга. Үүнийг хүзүү
хүртэлх бүх булчинг хөдөлгөөнд оруулах замаар аажуухан хий. Ингэхдээ Тайван
амраарай...тайван амраарай гэж хэлээрэй.
-таслал хөгжим-
НЭВТ: Нүүрэндээ байгаа үрчлээсийг санаж, түүнийгээ тараа. Царайгаа
барайлгахад тань үүсдэг хөмсөгний хоорондох болон оочин дахь зураасаа арилга.
Үүнийг өдөрт хоёр удаа хийгээд байвал гоо сайхны газар очих хэрэггүй болно.
Таны санаа сэтгэл засрахын хэрээр гадаад байдал тань ч гэсэн сайхан болно
оо.
aaviigaa ihel sanasan baij dee.
ReplyDelete