Sunday, February 24, 2013

Та үйлдвэрлэлийн энэ эринд зар сурталчилгаагүйгээр амжилт олно гэж бүү найд




        Бидний сайн мэдэх “Марльборо” тамхины сурталчилгаа нь тэрхэн үедээ бүсгүйчүүдэд  зориулагдсан даруухан тамхийг  дэлхийн хамгийн нэр цуутай болгоод зогссонгүй, өөрөө ч рекламны түүхэнд хамгийн урт настай  нь болж чаджээ. Эр зоригийн билэгдэл болсон түүний адил “Кока”Кола”-г дэлхийн  өнцөг булан бүрт танина.  Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 120-иод жилийн тэртээ бий болсон тэрхүү ундааны түүх бол рекламны түүх юм. Харин Кока-Колагийн өрсөлдөгч  Пепси кола нэлээд нарийн ухаан зарж байж амжилтанд хүрсэн гэдэг.  1980-аад оны дунд үеэс  явуулсан “Залуу  үе Пепсиг сонгож байна” гэсэн  алдарт уриа нь   шинэ үеийнхнийг үнэхээр байлдан дагуулж чадсан билээ. Энэ хоёр сэрүүн ундааны хоорондох өрсөлдөөн нь яваандаа  зар сурталчилгааны  өрсөлдөөн болон хувирсан байна. Энэ мэтчилэнгээр дэлхийн брэндүүд ердөө л рекламны ачаар ийм өндөрлөгт хүрчээ.
Үйлдвэрлэгчид ч энэ цаг үед аливаа үйлдвэрлэгч рекламгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж зах зээлд амжилт олно гэдэг бүтэшгүй хэрэг болсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд таны бизнесийг амжилтад хүргэхээр рекламын талаарх цуврал зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаад сэтгүүлээр реклам хийхийн ашигтай талыг танд дуулгаж байна.

      Сэтгүүл  нь танин мэдэхүйн чиглэлийг голлодог, харьцангуй шуурхай биш, суртал ухуулгын шинжтэй байдаг. Сониныг  бодвол удаан хугацаанд хадгалагдах  чадвартай, өнгө будаг, ур хийцийн хувьд өндөр түвшинд хэвлэгддэг.
         Нэлээд нэр хүндтэй сэтгүүлүүд нь өргөн олон уншигчдад зориулагддаг бол сэтгүүлийн ихэнх нь уншигчдын тодорхой  бүлгүүдэд зориулагддаг. Иймд реклам захиалагчдын хувьд сонгож авсан зах зээлд чинь  тодорхой тохирох гайхамшигтай рекламын хэрэгсэл байж чадна. Зураачид, жуулчдад, нягтлан бодогч, автомашин сонирхогч, эмч, багш, эмэгтэйчүүд, насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлүүд байдаг.  Тийм учир  ямар ч рекламын хэрэгсэл  сэтгүүл шиг хүн амын янз бүрийн давхаргад    рекламыг хүргэж    чадахгүй.
         Дээр өгүүлсэн бүлэгт зориулагддаг гэдэгтэй холбоотойгоор нарийн мэргэжлийн текст хэвлэх боломжтой.
         Хэдийгээр хэвлэлд гарах гээд нэлээд цагийн авдаг  ч  сэтгүүл нь өөрийнхөө байр  суурийг удаан хугацааны туршид бэхжүүлэхийг хүсэж байгаа тэвчээртэй реклам захиалагчдын хувьд тохиромжтой хэрэгсэл.
         Цөөн тоогоор гардаг сэтгүүлүүд нь мэдээж рекламын талбайгаа маш хямд үнэлдэг. Түүний хажуугаар бүх дугаар сонгож авсан зах зээл дээр тарж байх юм бол реклам маш үр дүнтэй болно.
         Сэтгүүлийг    дахин уншигчид олон байдаг.
Энэ бүхэн сэтгүүлд зар сурталчилгаа нийтлүүлэхийн давуу тал нь болно.
Сэтгүүлд сурталчилгааны талбай худалдан авахдаа гадна талын хуудсуудыг авахыг хичээгээрэй. Хүний анхаарал их төвлөрдөг байршил бол нэг, хоёр дугаар нүүр, мөн арын хуудас байдаг. Гэхдээ эдгээр нь илүү үнэтэй. Хэрэв хуудсыг нь бүхлээр худалдан авах боломжгүй бол  мэдээллийн шинжтэй материал бичигдсэн хуудасны талыг нь худалдан аваарай. Үлдсэн зайд ямар нэг томоохон сурталчилгаа байхгүй байхаар сонго. Хэрэв мөнгө бүр багатай бол баганыг нь худалдан авбал ашигтай. Ингэснээр  рекламын хажууд  өгүүлэл бичигдэж өрсөлдөөнөөс зайлсхийж болно. Жижиг зарлал өгөх тохиолдолд үсгийн шрифт, хүрээ зэргийн тусламжтайгаар бусдаас ялгарч болно.
Сэтгүүлийн рекламын хийхдээ юуг анхаарвал зохих вэ?
         Сэтгүүлийн ихэнх нь тодорхой бүлэг уншигчдад зориулагдсан байдаг бөгөөд сурталчилгааг тэдний түвшинд бэлтгэх хэрэгтэй болно.  Тухайлбал, Хүүхдэд зориулсан сэтгүүлд хэлэхдээ энгийн хөнгөн үгээр хэлэх хэрэгтэй.
         Хүний нүдэнд тусгахын тулд өнгөт толбуудыг ашигла
         Рекламын өнгөтөөр хийх нь илүү үр дүнтэй. Хар цагаанаас өнгөт реклам 45 хувиар илүү анзаарагддаг нь судалгаагаар нотлогджээ.
         “Танай өрсөлдөгчид рекламандаа хэдийг зарцуулдаг вэ” гэдгийг байнга мэдэж бай. Ийм үед амжилтын тухай ярьж болно.
         Та өдөр тутмын сонинуудаас “Алейка” гурилын талаар дистербьютер компанийн ажилтантай гурилын шинж найрлага, хэрэглээний тухай өгүүлсэн ярилцлага, тэмдэглэлиг уншиж байснаа санаж байна уу? Ингэж редакцийн өгүүлэл хэлбэрээр рекламдах нь өндөр үр дүнтэй байдаг. Рекламын янз бүрийн хэлбэрүүдээс сонго. Заримдаа өгүүлэл хэлбэрээр бичих нь үр нөлөөг нь нэмэгдүүлнэ гэдгийг анхаар
         Сэтгүүлд хэсэгхэн талбай худалдаж аваад  “Мэргэжилтнээс асуугаарай” гэж гарчиглаад  уншигчдаас ирүүлсэн асуултанд хариу өгөх журмаар сурталчилгаа явуулж болно.  Энд  яваандаа хэн ч хандаж болох бх редакцийн ярилцлага шиг харагдаж, борлуулалт тань өсөх болно.
         Рекламанд өөрийнхөө имижийг  харуулж бай гэсэн дүрэм байдаг. Өрсөлдөгчөөсөө ялгарах тийм сонин содон санаа гаргаж, анхны харцаар харангуут л таны фирм сэтгэлд нь бууж байхуйц реклам хийж байж та амжилтанд хүрнэ.
         Рекламын гарчгийг сайтар бодож байж  өг. Тэгээд шрифтийг нь  тод, анхаарал татахуйцаар өг. Танай байгууллагын нэр, гарчиг нь өөрөө таны туслах давуу тал болох юм бол төдийчинээ сайн. Харин “Аалз” нэртэй нарийн боов,  “Хялгасан судас” нэртэй гоймон байвал хэчнээн сурталчлаад нэмэргүйг сана.
         Судалгаанаас үзэхэд реклам фото зурагтай байвал  үйлчлүүлэгчдийн идэвх эрс өсдөг ажээ. Гэхдээ хаа хамаагүй солонгос гоо бүсгүй, америк  чийрэг залууг сонгохоосоо татгалзаж өөрийн нүүр царай болох нэгний өвөрмөц зургаар чимээрэй. Хүний зураг анхаарал татах чанараараа хамгийн сайн  гэдэг нь судалгаагаар нотлогдсон зүйл юм.
         Рекламд бүтээгдэхүүний зураг ашиглах бол түүний амьд чанарыг  харуул. Хорхой хүргэм урсаж байгаа шоколадыг үзүүлэхээс биш гаднах уутыг харуул гэсэн үг биш.
         Зах зээлийн энэ талбарт та зар сурталчлгаагүйгэр амжилт олно гэж бүү найд. Ажлын эхнээс л сурталчилгаа явуулж тасралтгүй үргэлжүүл.
         Рекламд нэг дор хэд хэдэн санааг багтаах гэсний хэрэггүй. Таны гол давуу чанар юу болохыг л хэл.


No comments:

Post a Comment