Tuesday, March 12, 2013

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН АЛБАНААС АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЗАХИАЛГААР БЭЛТГЭН ЯВУУЛАХ НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР



1993  оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн радиогоор нэвтэрсэн нэвтрүүлгийн бичвэр

-Эхлэл хөгжим-
НЭВТ: - Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо! Та бүхэн тавтай намаржиж байна уу?
/хөгжим/
НЭВТ: Аймшиггүй чин зориг, хөдөлмөр бүтээлийн үрээр өнөөдрийн энэ сайхан бүхнийг бидэнд өвлүүлж өгсөн ахмадууд, тэдний халаа оргилуун өндөр хүсэл тэмүүлэл, хийж бүтээхийн онгодтой залуус, хойчийг залгамжлагч хүүхэд багачуудын “Гурван үеийн алтан хэлхээ” чуулга уулзалт 8-р сарын 25-нд  Алтай хотод болно. Сонсогч та бүхэн манай энэ удаагийн захиалгат нэвтрүүлгээр уг чуулга уулзалтын тухай мөн угтаж өрнүүлсэн ажлын явцаас хийсэн сурвалжлагыг сонсоно уу
/хөгжим/
НЭВТ: Манай орон “хуарангийн социализм” гэгчээс зах зээлийн системд шилжиж буй одоо үед улс гэрийн байдал ихээхэн хямралд орж, хүмүүсийн ааш араншин, аж амьжиргаа үндсээрээ өөрчлөгдсөн гэхэд болно. Хүн бүр байгаа жаахан түүхий, эд үнэт зүйлээ барин хилийн дээс алхан өчүүхэн төдий боловч хэтэвчээ зузаалах гээд амь хайргүй зүтгэн үнэн цагаан сэтгэл, шударга хөдөлмөр, хүний мөсийг уландаа гишгэсэн мэт...
Ийм үед хүний нийгэм эв нэгдэл, хамтын хүчээр дундуураа дүүргэж дутуугаа гүйцээнэ. “Эвт шаазгай буга барина” гэсэн ардын мэргэн үг ч бас бий. Хуучны үг хуудуугүй гэлцдэг болохоор үе үеийнхний ажил үйлс, санаа бодлыг төрж өссөн. Алтай нутгаа хөгжүүлж дэгжээе гэсэн нэгэн зүгт чиглүүлэхээр уг арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна. Юутай ч гэсэн чуулга уулзалтыг зохион байгуулах комиссынхонтой уулзъя.
/Н. Жанчивдоржийн яриа, хальс/
/хөгжим/
НЭВТ: - Чуулга уулзалтын ажиллагааг 4-р сараас нээснийг сонсогч та бүхэн мэдэж байгаа бидээ. Энэ үеэр олон ажил хийхээр төлөвлөгдөж хөтөлбөр гарсан байна. Эдгээр үйлс ард түмнийхээ төлөө л чиглэгдсэн болохоор иргэн та ч ажлын голоос нугалалцсан бизээ.
Аливаа ажлыг цаасан дээр бичиж үлдээж хоосон ярих биш чухам амьдрал дээр хэрэгжүүлэх нь гол.
Бид өнөөдөр ахмадуудын амьдрал дорой, хайр халамж дутагдаж байна, залуус архи ууж танхайрч, хүүхдүүд минь хүмүүжил боловсролгүй болж байна гэж ярихаас өөрийгөө хийж байгаа билүү? Тэгвэл ихийг хийхээр төлөвлөсөн хугацаандаа гурван үеийнхэн, тэдний байгууллага хамт олон  юу сэдэж юу хийснийг сонирхъё.
Энэ хийсэн бүтээсэн ажил нь та бүхэнд хэр өгөөжтэй, хүртээмжтэй болсныг сонсогч бүр өөрийн овун ухаандаа тунгаана бизээ. Одоо ингээд Залуучуудын холбооны ажилтан Нарангэрэлийн яриаг сонсъё.
/Нарангэрэлийн яриа, хальс/
НЭВТ: Сая залуучуудын төлөөлөгчийн үгийг сонслоо.
Хорвоо дэлхийн тэнцвэргүй бүхнийг, дутуу бүхнийг эв нэгдэл, хамтын хүч тэнцүүлж, гүйцээж байдаг гэж дээр дурьдсан билээ. Агуу томоос өчүүхэн орон зайд ч энэ үнэ цэнээ алдахгүй ээ. Тийм  болохоор манай нэвтрүүлгийн агуулга ч мөн л ийм асуудал дээр зангидагдаж байгааг хүлээн авагчид маань анзаарсан байх аа. Энд оролцсон ярилцагчид маань ч энэ санаа бодолд өөрсдийн сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм.
/хөгжим чангараад намсана/
Ахмад үеийнхэн бидний бахархал. Залуус бид чинь дээрээсээ сургаж зөвлөх хүнгүй бол ажил амьдралынхаа зүг чигийг хэрхэн олох билээ. Тэгвэл ажил алдрыг нь хойшид дуурсгах хүүхэд залуус ахмад үеэсээ суралцаж, тэднийгээ хайрлаж халамжилж урам нэмж түүгээрээ бахархаж явах ёстой.
Манай аймгийн дэвшин дээшилж ирсэн түүх, ололт амжилт аймгаас төрж гарсан ахмад үеийнхэнтэй салшгүй холбоотой. Говь-Алтайчуудаас төрсөн ардын хувьсгалын партизан 45, Монгол улсын хөдөлмөрийн баатар 20, зохиолчид 25, спортын мастер, гавъяат мастер 60, доктор 9, дэд эрдэмтэн 121, улс, аймаг, сумын аварга малчид, ажилтан, ажилчид 1400-аад байна. Хэн бүхний мэдэх БНМАУ-ын баатар Даржаагийн Хаянхярваа, Магсарын Жанчив, Үндэсний реалист зургийг улсад анхлан бүтээгч, алдарт зураач Болдоогийн Шарав, алдарт зураач Гэлэнхүүгийн Поврон, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба соёлын гавъяат зүтгэлтэн , эрдэмтэн зохиолч, хэл шинжлэлийн ухааны доктор Лодонгийн Түдэв, төрийн шагналт хүний их эмч Цамбын Бундан нарын зэрэг ард түмний бахархал, залуу үедээ өмөг түшиг, үлгэр цууриал болсон ахмадууд бүгдээрээ Алтай нутгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн.
Бид нэвтрүүлгийн чиглэлээ дээр тодорхойлон хэлсэн болохоор дахин давтан нуршихын хэрэггүй бизээ. Одоо ингээд ахмадын байгууллагын үйлс хэрэг, хүсэл санаа, сургаалийг нь хамтдаа сонсоцгооё. Манай сурвалжлагч ахмадын хорооны дарга А. Цээсүрэн гуайтай ийнхүү ярилцжээ.     \
Имй л тус бүрдээ өөр өөрийн ертөнцтэй хүмүүс 8 дугаар сарын сайн өдөр хуран цуглаад оюун ухаандаа уралдуулсан бодлоо хэлэлцэнэ.
Үе үеийнхний чуулга уулзалтаас Говь-Алтай аймгийн нийт түмэнд уриалга гарна. Ингээд гарсан уриалга, хэлэлцсэн асуудлынхаа дараа зорьсон ажлаа үргэлжлүүлнэ.
/Хөгжмийн фон дээр/
Та бүхэн “Гурван үеийн алтан хэлхээ” чуулга уулзалтын явцаас хийсэн сурвалжлагыг сонслоо. Юутай ч гэсэн  ийм уулзалтын арга хэмжээ ард түмний минь дунд сүүлийн үед ихэд үгүйлэгдэж байсан гэдгийг сонсогч олноос хэн нь хэлнэ биз ээ.  Ингээд чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсч, төлөөлөгч та бүхэн_д төдийгүй аймгийн нийт хөдөлмөрчдөд аз жаргал, урт удаан наслахыг ерөөж .... дуугаар мэндчилгээ дэвшүүлж нэвтрүүлгээ өндөрлөе.
/дуу бичлэг/

No comments:

Post a Comment