Monday, March 25, 2013

Цаг үе хүмүүс



Монголын радио
Нэвтрүүлгийн нэр ...................                                  Нэвтрэх.1995. он...... сар.....өдөр
Зохиогч.....................................                                   Найруулагчид өгсөн цаг.....................
Зохион бэлтгэсэн.....................                                   Үнэлгээний санал  1.............................
Зөвлөлийн эрхлэгч..................                                                                    2............................
Хэмжээ.....хуудас.....минут.....                                                                    3............................
Найруулагч..............................                                     Нэвтрүүлэгч........................................

Цаг үе хүмүүс
-Эхлэл хөгжим-
        Нэвт: Орчлонг тэр аяар нь өнгөний цуглуулга гэмээр...  Орчлонгийн өчүүхэнээс эхлээд аугаа их нь хүртэл өнгөөр уусаж, хоршиж оршино. Цайлган цагаан сэтгэл, хорын хар мөр бүхэн бас л өнгөөр сүлэлдэж хар нь цайж амьдралын нэгээхэн хэсгийн чимх чимхээр бүтээгээд үргэлжилнэ. Гэхдээ энэ олон өнгөний хамгийн гэрэл гэгээтэй нь хүнд цогцолсон байдаг ажгуу.
       Амьдрал тэмцэл, хайр дээр тогтдог биш, амьдрал хүмүүс дээр тогтдог гэж нэгэн оюутан хэлсэнийг сонсоод хичнээн үнэн үг вэ хэмээн бодсонсон. Тиймээ, амьдрал хүмүүсгүйгээр оршихгүй шүү дээ. Амьдралын утга учрыг жирийн сайхан хүмүүс жинхэнэ аз жаргалтай, саруул сайхан болгодог. Энэ сайхан бүхнийг бүтээдэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн гараа оюутны ширээнээс эхэлдэг.
-Хөгжим-
       Нэвт: оюутан гэхээр их эрдэм номын хүмүүс гэж сэтгэлд бууна. Хэдийгээр тэд өглөөнөөс өдөр хүртэл номын дуу сонсож, наадаж наргиад юу ч бодож санахгүй явдаг мэт харагдавч бид чинь эх орны маргаашийг авч явах эзэд шүү дээ гэдэгээ хэзээд санаж явдаг. Нээрээ ч эх орныхоо ачааг үүрэлцэх бяр чадал оюутан насанд л суудаг.
        Бид энэ удаагийн нэвтрүүлгээр хүн бүрийн сэтгэлд мөнхийн галаар бадамласан оюутны амьдралын тухай өгүүлнэ. Монгол орны ирэх зууны эзэд болох, намтарын эгэл хуудастай оюутнуудыг төлөөлж МУИС-ийн харьяа Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн англи хэлний 3-р курсын оюутан Ундрахтай уулзсан юм. Арын сайхан хангай нутгийн энэ охин та бүхний дундах жирийн л нэг хүн.
/ хальс /
/Оюутны “Насны баясгалан” дуу дэвсгэрлээд/
       Өглөө босоод цонхоор харахад туниа муутай нарны туяа дарайсан хяруун дээр тусаж нүд гялбуулна. Хар үүрээр цагтай уралдан сургууль уруугаа шогшихдоо аавыгаа дурсан ээжийнхээ цайг бас холоо байгаа гэрээ нэг санаж амжина. Өдрөөс нар жаргатал номын санд сууна. Сурагчийн ширээнээс гарч ингэж л оюутан болно. Намар намарт ургац хураалтын талбай дээр түүдэг гал тойрон сууж “оюутаны намар”-аа дуулалдаад шалгалт шүүлэг гээд ном сугавчилан яаранхан гүйдэг оюутны амьдралын сайхныг хэлж барамгүй.
/дуу үргэлжлээд нэг бадаг явна/
      Тиймээ, оюутны ширээгээр дамжсан хүн бүр түүгээрээ бахархдаг. Харин өнөөдрийн оюутнууд хэрхэн суралцаж, хөдөлмөрлөж байна вэ? Тэд бусдын адил байхыг хүснэ. Гэвч хувцас хунар, хоол ундны мөнгө, байр сууц гээд зөндөө олон бэрхшээл бий. Тууз зангидсан дунд сургуулийн сурагч явахад оюутан болчихвол бүх сайн сайханы үүд нээгдчих юм шиг санагдсан. Сарын тэтгэлэг нь гадаад хэлний ганц сурах бичиг авч дөнгөхгүй ч залуу насны хүсэл мөрөөдөл, цэвэр тунгалаг хайр дурлал, хязгааргүй ихйиг бүтээх зориг тэмүүллээр жигүүр хийж эрдэмд шамддаг. Тэдний нэг бол Ундрах.
/ хальс/
      Өнөөдөр оюутнуудыг хоёр бяцхан бүлэгт хувааж болох мэт. Эхний бүлэгт сурах мэдэхийн төлөө үнэн сэтгэлээсээ шамдагсад байхад нөгөө бүлэгт оюутан нэрээр дэгжирхэж зөвхөн хүнд харуулах алгын чинээ дипломын төлөө явагсад гэж. Гэхдээ хар нь цагаанаа биш цагаан нь хараа уусгана гэдэгт Ундрах хэзээд итгэлтэй байна.
      Цаг хором өнгөрөх бүр ямар нэг юмнаас хоцроод байх шиг санагдан нэг мөч ч зүгээр сууж эс чадна. Хаа газар юу хийж явсан  ганц ч гэсэн юм мэдэхийн төлөө тэмүүлнэ. Үнэхээр тэр нийгмээс төө ч хоцрохыг үл хүснэ. Тийм ч учраас зав зай муутай хичээлийнхээ хажуугаар хувийн дээд сургуульд багшилж, бас англи хэлний дамжаа нээн хичээллүүлдэг юм. Ундрах үүнийгээ хүн бүр чадах бүхнээ нягт нямбай хийгээд байвал улс орон хөгжинө шүү дээ гэж тайлбарасан юм.
/хөгжим/
      Үе тэнгийнхэн нь Ундрахтай хамаа замбраагүй харьцаж, бүдүүлэг байдал гаргахаас эмээж бас түүнийг ихэд хүндэлдэг. Тэгвэл энэ нь түүний харгис хатуу ааш араншинтайнх биш, харин өөрийнх нь хэзээд туйлбартай байх үзэл, хичээнгүй нягт нямбай чанар, аливаад үнэнч шударгаар ханддагт оршино. Ундрахтай уулзахаар өрөөнд нь орж хэсэгхэн хормыг өнгөрүүлээд гарахдаа өөрийгөө цагийг дэндүү хоосон өнгөрөөсөн болохыг ойлгож билээ. Аядуухан зөөлөн дуугаар хүн болгонтой эвсэг харьцаж, нйазынхаа төлөө сэтгэл тавьж чаддаг энэ охины нэг онцлог гэвэл бусдыг өөртөө татаж, ихийг ойлгуулж чаддагт байгаа юм. Гэхдээ бидний энэ шинэ танил маань ердөө л өөрөө өөрийгөө хүмүүжүүлж чадсан, сурч мэдэхийн төлөө бүхнээ зориулж чадсан жирийн л нэг оюутан юм. Хүний хүсдэгийг л хүсэж мөрөөдөж, амьдралыг гэгээнээр харж явдаг нэгэн.
/хальс/
/хөгжим яваад/
       Жирийн хүнээс эгэл амьдрал бүрэлддэг юм. Өнөөдрийн оюутан Ундрах ирээдүйн төрийн түшээ болчихсон байхад хэн ч гайхахгүй. Харин ч түүний төлөө саналаа өгч болох юм. Хүний хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг нь дэмжин тусалж, авьяас чадварыг нь хөгжүүлж урам хайрлаж чадваас хүний амьдрал бас л нэг өнгө нэмнэ. Эрдмийн далайд хамт хөвж яваа оюутан нйазынхаа үгийг сонсъё.
/хальс/
     Бид Ундрахын хүсэлтийг биелүүлж Эрдэнэбатын дуулсан “Элбэрэл” дуугаараа ая барьж байна.
/дуу “Элбэрэл”/
/дахилт дээр фонолж/
     Нэвт: Маргаашийн гэрэлт ирээдүйг бүтээн босгохоор өнөөдөр номын дуу сонсож буй оюутан залуус та бүхэндээ их эрдмийн зам тань дардан байхын ерөөлийг дэвшүүлж өндөрлөе
      Сонсогч та бүхэн “Цаг үе-хүмүүс” нэвтрүүлэгийн ээлжит дугаараар МУИС-ийн харьяа Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн оюутан Дорждамбын Ундрахтай хөөрөлдлөө.
Нэвтрүүлгийг бэлтгэсэн оюутан Дагиймаа, ...
Найруулагч.........................Нэвтрүүлэгч.......................

Tuesday, March 12, 2013

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН АЛБАНААС АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЗАХИАЛГААР БЭЛТГЭН ЯВУУЛАХ НЭВТРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР



1993  оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн радиогоор нэвтэрсэн нэвтрүүлгийн бичвэр

-Эхлэл хөгжим-
НЭВТ: - Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо! Та бүхэн тавтай намаржиж байна уу?
/хөгжим/
НЭВТ: Аймшиггүй чин зориг, хөдөлмөр бүтээлийн үрээр өнөөдрийн энэ сайхан бүхнийг бидэнд өвлүүлж өгсөн ахмадууд, тэдний халаа оргилуун өндөр хүсэл тэмүүлэл, хийж бүтээхийн онгодтой залуус, хойчийг залгамжлагч хүүхэд багачуудын “Гурван үеийн алтан хэлхээ” чуулга уулзалт 8-р сарын 25-нд  Алтай хотод болно. Сонсогч та бүхэн манай энэ удаагийн захиалгат нэвтрүүлгээр уг чуулга уулзалтын тухай мөн угтаж өрнүүлсэн ажлын явцаас хийсэн сурвалжлагыг сонсоно уу
/хөгжим/
НЭВТ: Манай орон “хуарангийн социализм” гэгчээс зах зээлийн системд шилжиж буй одоо үед улс гэрийн байдал ихээхэн хямралд орж, хүмүүсийн ааш араншин, аж амьжиргаа үндсээрээ өөрчлөгдсөн гэхэд болно. Хүн бүр байгаа жаахан түүхий, эд үнэт зүйлээ барин хилийн дээс алхан өчүүхэн төдий боловч хэтэвчээ зузаалах гээд амь хайргүй зүтгэн үнэн цагаан сэтгэл, шударга хөдөлмөр, хүний мөсийг уландаа гишгэсэн мэт...
Ийм үед хүний нийгэм эв нэгдэл, хамтын хүчээр дундуураа дүүргэж дутуугаа гүйцээнэ. “Эвт шаазгай буга барина” гэсэн ардын мэргэн үг ч бас бий. Хуучны үг хуудуугүй гэлцдэг болохоор үе үеийнхний ажил үйлс, санаа бодлыг төрж өссөн. Алтай нутгаа хөгжүүлж дэгжээе гэсэн нэгэн зүгт чиглүүлэхээр уг арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна. Юутай ч гэсэн чуулга уулзалтыг зохион байгуулах комиссынхонтой уулзъя.
/Н. Жанчивдоржийн яриа, хальс/
/хөгжим/
НЭВТ: - Чуулга уулзалтын ажиллагааг 4-р сараас нээснийг сонсогч та бүхэн мэдэж байгаа бидээ. Энэ үеэр олон ажил хийхээр төлөвлөгдөж хөтөлбөр гарсан байна. Эдгээр үйлс ард түмнийхээ төлөө л чиглэгдсэн болохоор иргэн та ч ажлын голоос нугалалцсан бизээ.
Аливаа ажлыг цаасан дээр бичиж үлдээж хоосон ярих биш чухам амьдрал дээр хэрэгжүүлэх нь гол.
Бид өнөөдөр ахмадуудын амьдрал дорой, хайр халамж дутагдаж байна, залуус архи ууж танхайрч, хүүхдүүд минь хүмүүжил боловсролгүй болж байна гэж ярихаас өөрийгөө хийж байгаа билүү? Тэгвэл ихийг хийхээр төлөвлөсөн хугацаандаа гурван үеийнхэн, тэдний байгууллага хамт олон  юу сэдэж юу хийснийг сонирхъё.
Энэ хийсэн бүтээсэн ажил нь та бүхэнд хэр өгөөжтэй, хүртээмжтэй болсныг сонсогч бүр өөрийн овун ухаандаа тунгаана бизээ. Одоо ингээд Залуучуудын холбооны ажилтан Нарангэрэлийн яриаг сонсъё.
/Нарангэрэлийн яриа, хальс/
НЭВТ: Сая залуучуудын төлөөлөгчийн үгийг сонслоо.
Хорвоо дэлхийн тэнцвэргүй бүхнийг, дутуу бүхнийг эв нэгдэл, хамтын хүч тэнцүүлж, гүйцээж байдаг гэж дээр дурьдсан билээ. Агуу томоос өчүүхэн орон зайд ч энэ үнэ цэнээ алдахгүй ээ. Тийм  болохоор манай нэвтрүүлгийн агуулга ч мөн л ийм асуудал дээр зангидагдаж байгааг хүлээн авагчид маань анзаарсан байх аа. Энд оролцсон ярилцагчид маань ч энэ санаа бодолд өөрсдийн сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм.
/хөгжим чангараад намсана/
Ахмад үеийнхэн бидний бахархал. Залуус бид чинь дээрээсээ сургаж зөвлөх хүнгүй бол ажил амьдралынхаа зүг чигийг хэрхэн олох билээ. Тэгвэл ажил алдрыг нь хойшид дуурсгах хүүхэд залуус ахмад үеэсээ суралцаж, тэднийгээ хайрлаж халамжилж урам нэмж түүгээрээ бахархаж явах ёстой.
Манай аймгийн дэвшин дээшилж ирсэн түүх, ололт амжилт аймгаас төрж гарсан ахмад үеийнхэнтэй салшгүй холбоотой. Говь-Алтайчуудаас төрсөн ардын хувьсгалын партизан 45, Монгол улсын хөдөлмөрийн баатар 20, зохиолчид 25, спортын мастер, гавъяат мастер 60, доктор 9, дэд эрдэмтэн 121, улс, аймаг, сумын аварга малчид, ажилтан, ажилчид 1400-аад байна. Хэн бүхний мэдэх БНМАУ-ын баатар Даржаагийн Хаянхярваа, Магсарын Жанчив, Үндэсний реалист зургийг улсад анхлан бүтээгч, алдарт зураач Болдоогийн Шарав, алдарт зураач Гэлэнхүүгийн Поврон, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба соёлын гавъяат зүтгэлтэн , эрдэмтэн зохиолч, хэл шинжлэлийн ухааны доктор Лодонгийн Түдэв, төрийн шагналт хүний их эмч Цамбын Бундан нарын зэрэг ард түмний бахархал, залуу үедээ өмөг түшиг, үлгэр цууриал болсон ахмадууд бүгдээрээ Алтай нутгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн.
Бид нэвтрүүлгийн чиглэлээ дээр тодорхойлон хэлсэн болохоор дахин давтан нуршихын хэрэггүй бизээ. Одоо ингээд ахмадын байгууллагын үйлс хэрэг, хүсэл санаа, сургаалийг нь хамтдаа сонсоцгооё. Манай сурвалжлагч ахмадын хорооны дарга А. Цээсүрэн гуайтай ийнхүү ярилцжээ.     \
Имй л тус бүрдээ өөр өөрийн ертөнцтэй хүмүүс 8 дугаар сарын сайн өдөр хуран цуглаад оюун ухаандаа уралдуулсан бодлоо хэлэлцэнэ.
Үе үеийнхний чуулга уулзалтаас Говь-Алтай аймгийн нийт түмэнд уриалга гарна. Ингээд гарсан уриалга, хэлэлцсэн асуудлынхаа дараа зорьсон ажлаа үргэлжлүүлнэ.
/Хөгжмийн фон дээр/
Та бүхэн “Гурван үеийн алтан хэлхээ” чуулга уулзалтын явцаас хийсэн сурвалжлагыг сонслоо. Юутай ч гэсэн  ийм уулзалтын арга хэмжээ ард түмний минь дунд сүүлийн үед ихэд үгүйлэгдэж байсан гэдгийг сонсогч олноос хэн нь хэлнэ биз ээ.  Ингээд чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсч, төлөөлөгч та бүхэн_д төдийгүй аймгийн нийт хөдөлмөрчдөд аз жаргал, урт удаан наслахыг ерөөж .... дуугаар мэндчилгээ дэвшүүлж нэвтрүүлгээ өндөрлөе.
/дуу бичлэг/

Tuesday, March 5, 2013

"Бэр цэцэг" радио сэтгүүл



        Тэртээ 1995 онд оюутан ахуйдаа Монголын радиогийн "Бэр цэцэрг" радио сэтгүүлийн дугаарыг бэлтгэж байсан нэвтрүүлгийн текст. Төгсгөл нь хэзээ ч юм, хаана ч юм алга болж. 
 Аавын өдөртэй болъё гэсэн эхний хэсэгт Хөхмортын "Хоёр худаг" гэдэг газар, өөрийн хүүхэд насаа дүрсэлсэн санагдана. Аав гэж байгаа тэр хүн нь миний өвөө.  Өвөөгөө өдөржин харуулдаж, нар буусан хойно ирэхэд нь  сумын сонин сонсож, над мэт нь чихэр горьдон гэрт чимээгүйхэн суудаг сан.



МОНГОЛЫН РАДИО
Нэвтрүүлгийн нэр..."Бэр цэцэг"                           Нэвтрэх.1995.он.3...сар 18.өдөр
Зохиогч.МУИС-ийн сэтгүүл зүйн                         Давтах.........он.......сар....өдөр
 ангийн оюутан Д.Дагиймаа                                                      
Ер.Ред...................................                                      Найруулагч...Бүргэд.
Хэмжээ..5.хуудас.20..минут                                      Нэвтрүүлэгч..Хишгээ..


 
-хөгжим-
НЭВТ: “Бэр цэцэг”
-хөгжим-
НЭВТ: Хойд талаар үргэлжлэн харагдах элсэн манхан халуунд нозоорон байна уу гэлтэй чимээгүйхэн шаргалтана. Баруунтаа тээр холоос мөнгөн орой нь цайран үзэгдэх Сутайн оргил, цэнхэртэн сүүмийх хөх уулсын наагуур их тал зэрэгэлээтэн жирвэлзэнэ.
Хангай дэлхий, хүн малгүй их халуунаас халширч, сүүдэр хүсэмжлэн байх шиг чимээ аниргүй дуниартна. Нараар тасардаггүй говь нутгийн зуны жин үдэд ёстой л нохой гаслам халуун.
Гэрийн сүүдэр бараадан хэвтэх гэхэд гадаа үлдсэн хэдэн хэнз ишиг сүүдэр булаалдаж, бас дээр минь гарч тоглож наадах гэнэ. Улайдсан элсэн дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс эмээж шилбүүрээ гялалзуулж хэдэн ишгээ хашаа руу нь хөөчихөөд баруунтаа цэлийх их тал уруу дахин харлаа. Тэр зүгээс аав минь хүрэн морьтойгоо зөөлөн шогшуулсаар ирэх ёстой. Өчигдөр сумын төвөөс аавыг минь хурал хуйтай гэж дуудаад, аав ч үүнийг далимдуулаад сонин сэтгүүл энэ тэрийг олж авчиръя гээд явсан. Сумын, багийн ажил гээд аавыг нэг амраахгүй шүү. Аавыгаа би ийн хайрлан бодох боловч бас тэр чинээгээр ааваараа бахархана.
Ганц гэрээрээ зусаж байгаа болохоор манайд орж гарах хүн амьтан байхгүй. Ээж бид хоёр хоёулхнаа нэг л эл хуль,  гэр маань ханхайх шиг санагдаж өчигдөр оройг дуу шуугиан муутайхан өнгөрөөсөн. Харин гадаа хураалгаатай байсан барааг үхэр шөргөөгөөд унагаачихсан байсныг өглөө ээжтэйгээ хамжиж хураах гэж их л зүдэрснээ саналаа.  
Шуудайтай хужрын өрөөсөн буланг өргөж дийлэхгүй дэмий л ээждээ бараа болон зогсохдоо өөрийн эрхгүй аавыгаа үгүйлсэн. “Аав гэдэг уул шиг түшигтэй байдаг юм” гэсэн нутгийн хөгшдийн яриаг сонссоноос хойш аавыгаа санах бүрийд алсад сүртэйхэн хүглийх уулсыг харж тайтгардаг болсон юм. Талын дээгүүр ус шиг долгилон тодрон, нэг бүдгэрэн байх зэргэлээ надаар тоглоод ч байх шиг... 
Нар доошилж, сэрүү унахаар л аав минь ирэх байх даа.  
/“Эр хүн” дуу/
НЭВТ: Эр хүнгүйгээр, аавгүйгээр амьдралыг тэр чигээр нь бүү хэл нэгээхэн хормыг ч төсөөлөхөд бэрх ээ. Төрийн хэргийг эрчүүд явуулж, эх орны манаанд ч эрчүүд зогсож, айл гэрийг эрчүүд маань л авч явдаг. Гэхдээ өнөөдөр манайд эрээрээ овоглосон мөртлөө эхнэрийнхээ хүчинд яваа айлууд байгаа хэдий ч бид нэвтрүүлгээрээ энэ тухай биш эр хүний нөмөр нөөлөг, Алтай Хангай мэт түшгийг сонсогчидтойгоо хуваалцах гэсэн юм. Харин бид энэ талаар хүч хөдөлмөрөө улс нийгэмдээ зориулж, 6 сайхан хүүхдээ амьдралд хүргэсэн нэгэн айлын голомтыг бадраасаар яваа сайхан аавтай ярилцсан юм. Тэтгэвэртээ амран сууж байх нас нь болсон хэдий ч сайхан амьдрахын төлөө хөдөлмөрлөсөөр яваа “Мөнхийн хөгжил” компанийн дэд захирал Лхамжавыг одоо та бүхэнтэй радио долгионоор уулзуулъя.
/хальс 4.55/
НЭВТ: Эр хүний нухацтай ширүүн гэмээр харц, хэрэгтэй цагт нь онож хэлдэг чансаатайхан хэдэн үг, хүдэр чийрэг бие хааг хараад их л бүдүүн халуун хатуухан хүмүүс гэж ойлгодог. Гэтэл цаг дээрээ эрчүүд гэдэг маань хамгийн эмзэг зөөлөн хүмүүс байдаг.
Эмэгтэйчүүдүүдээс илүү өвчинд өртөж, архи тамхинд орж, хахир хатуу ааш занг ч бас гаргаж чаддаг. Энэ үед эмэгтэйчүүд бид энэ бүхний бурууг ганц өөрт нь тохож бодохоос биш, өөрөөс минь болсон юм биш байгаа даа гэж эргэж нэг бодох нь ховор.
Байгаль эх тэдэнд хэдийгээр эр чадал, эрдэм ухааныг илүү заяасан ч хүн л болж төрсөн хойно нэгнийхээ дэмэнд явдаг орчлонгийн жамыг туулна. Тийм болохоор цаг ямагт л хань нөхөд, хайр халамжийг үгүйлдэг. Сүр нь их ч сэтгэл нь зөөлөн эрчүүдээ эмэгтэйчүүд маань хазайхад нь түшиж, халтирахад нь тулж, хайр халамжаар дутаахгүй явуулбал “толгодын дайтай эм хүнийг уулын дайтай” авч явдаг аа.
Газраас ургаж, тэнгэрээс унаагүй л юм бол эр хүний нөмөр нөөлөг, түшиг тулгуурыг мэдрээгүй хүн орчлонд үгүй байх. Харин бид зовлон жаргалаа дотроо баринтагласан эрчүүд анзааран нэг амсхийлгэсэн бил үү! Ээжийн баяр гэж байхад ээжтэй минь адил амьдралыг авч явдаг, хотойгоо нь үгүй аавын өдөр гэж байж болохгүй нь юу билээ! Гэхдээ үүнийг нүсэр хөлтэй тэмдэглэх баярын өдөр биш хүн бүр аавыгаа баярлуулдаг өдөр байгаасай гэж бодсон юм.
-хөгжим-
НЭВТ: “Ертөнцийн хүүхнүүд”
НЭВТ: Бид урьдах нэвтрүүлгээрээ японы хүүхнүүдийн соёл боловсрол, аж төрлийн тухай та бүхэндээ сонсгосон билээ. Харин өнөөдрийнхөө нэвтрүүлгээр Итали, Францын хүүхнүүдийн аж амьдралын сонин сайхныг дуулгахаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ажилтан Одончимэгийг нэвтрүүлэх танхимдаа урьсан юм.
/хальс/
-хөгжим-
НЭВТ: Эмэгтэйчүүд ээ! Радиодоо ойртон суугаарай! “Бэр цэцэг” радио сэтгүүл та бүхний амьдралд тустай хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм.
-хөгжим-
НЭВТ: Хэрхвэл гэрийн эзэгтэй нар ядаргаанд орохгүй байж залуу харагдах вэ?
НЭВТ: Гадаа аль хэдийн хавар ирчихэж. Хэдийгээр цаг наашилж, урин дулаан болдог ч хаврын урт өдрүүд хүнийг хамгийн их ядраадаг. Хар нүд нээснээс эхлэн үргэлжлэх ажил алба ямар дуусах биш. Гэр орон, үр хүүхэд, дэлгүүр хоршоо гэж гүйсээр ядарч орхино. Гэвч ямарч хэвтэх зав хаана байх билээ.
-таслал хөгжим-
НЭВТ: Ер нь ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө ажилд дарагдаж түүртсэн завгүй хүн гэж үздэг. Иймд байнга сандарч тэвдэх, сэтгэл зовж явахгүйн тулд маргааш юу хийхээ урьд орой нь төлөвлөж байгаарай. Тэгвэл бага ядарч, их ажлыг амжуулж чадна. Мөн амрах, өөрийгөө тордох цаг зав ч гаргаад ирнэ.
Сэтгэлийн зовиур, ядаргаанаас болж л хүн цагаасаа эрт өтөлнө. Харин одоо энэ бүхнээс зайлсхийж гэртээ хийж болох хэдэн дасгал хэлье. Эдгээрийг ядахдаа та нэг долоо хоног хийхийг бодогтун. Тэгээд биеийн тань байдал, гадаад төрх хэрхэн сайжрахыг аяндаа та анзаарна.
-таслал хөгжим-
НЭВТ: Та ядармаар бол шалан дээрээ гэдэргээ харж хэвтэнэ үү. Үе мөчөө чадлаараа тэнийлгэж, хажуугаараа өнхөр. Үүнийг өдөрт 2 удаа хийгээрэй.
-таслал хөгжим-
НЭВТ: Аяархан жигд амьсгал авч мэдрэлээ тайвшруул. Гүнзгий амьсгал. Нэгэн жигдийн амьсгал бол мэдрэлтийг амраах шилдэг аргын нэг юм.
-таслал хөгжим-
НЭВТ: Хөлийнхөө хурууг аяархан хөдөлгөж дараа нь амраа. Хөлийнхөө булчинд хөдөлгөөн оруулж, дараа нь тайван байлга. Үүнийг хүзүү хүртэлх бүх булчинг хөдөлгөөнд оруулах замаар аажуухан хий. Ингэхдээ Тайван амраарай...тайван амраарай гэж хэлээрэй.
-таслал хөгжим-
НЭВТ: Нүүрэндээ байгаа үрчлээсийг санаж, түүнийгээ тараа. Царайгаа барайлгахад тань үүсдэг хөмсөгний хоорондох болон оочин дахь зураасаа арилга. Үүнийг өдөрт хоёр удаа хийгээд байвал гоо сайхны газар очих хэрэггүй болно.
Таны санаа сэтгэл засрахын хэрээр гадаад байдал тань ч гэсэн сайхан болно оо.