Friday, May 3, 2013

Сэтгүүлчээс санаа авах уу? \“Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлд хийсэн шүүмж\



Монголчууд өнөөдөр хөгжлийн ганц гарцыг уул уурхай хэмээн харж, хэн хүнгүй тийш хошуурч буй энэ үед “Үндэсний тойм” сэтгүүлийн сэтгүүлч Д.Батбаяр нийтлэлээ  аялал жуулчлалын салбарын өмнө  тулгамдаад  байгаа асуудалд зориулжээ. Нэгэн цагт Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбараар тодорхойлогдож байхдаа аялал жуулчлалын салбарынхан сэтгүүлчийн хэлснээр “юм юмтай” байсан бол эдүгээ энэ салбарынхан  тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлох цаг ирээд байна. Ийм үед сэтгүүлч Д.Батбаярын энэхүү нийтлэл ач холбогдолтой юм.
Уг сурвалжилсан тэмдэглэлд “Донжгүй Монгол”, “”Нийгмийн хонгор”, “Хэрмэлүүд”, “Төр ба пенис”, ”Харших уу, хорших уу?” гэсэн таван дэд гарчиг дор сэтгүүлч хэлэх гэсэн санаагаа багцлан өгүүлжээ. “Донжгүй Монгол” эхний дэд гарчиг дор цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд гадаад сурталчилгааны асуудалд хамтран, гадаад сурталчилгааг сайн хийх ёстой гэсэн санааг Лондонд болсон Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа – “World travel market 2012”- (WTM)-т Монгол тур операторууд улс орноо төлөөлөн хэрхэн оролцсон тухай жишээгээр сонирхолтой өгүүлжээ.
Төр нь бодлогогүй, яам нь хариуцлагагүй учраас хэн дуртай нь Монголоос аялал жуулчлалаар мөнгө хийдгийг “Нийгмийн хонгор” хэмээдэг энгэр задгай хүүхэнтэй зүйрлэж  “Нийгмийн хонгор” хоёр дахь дэд хэсэгт хэлэв. Үүнийг “Active adventure Mongolia” компанийн ерөнхий менежер Б.Энхбаатарын  “Монголд аялал жуулчлалын бизнес хобби болчихлоо”, мөн сэтгүүлчийн “Монголын аялал жуулчлал машинтай хүн ажилдаа явах замдаа халтуур хийдэгтэй адил болжээ” гэсэн онож хэлсэн өгүүлбэрээр баталжээ.
 “Хэрмэлүүд”,  “Төр ба пенис”  гэдэн удаах дэд гарчгуудад үүргэвчтэй аялагч, тэдний байгальд үзүүлдэг сөрөг тал, төрөөс хэрхэн зохицуулж болох хувилбарыг дэвшүүлсэн ба төр, холбогдох яамнаас ачлал жуулчлалын талаар төдийлөн дорвитой арга хэмжээ авахгүй, тодорхой ажил хийхгүй байгаа шүүмжилжээ. Ийнхүү дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Зүүн Азийн орнуудад чиглэгдэж, ингэснээр манай руу ч урсгал нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм байна гэсэн олон нийтийн төсөөлөл  явцгүй болохыг дээрх санаа баталжээ.
Харин нийтлэлийн сүүлийн “Харших уу, хорших уу?”  дэд гарчигт уул уурхайн нөлөөгөөр Монголын аялал жуулчлалын ашиг эрс буурч, дөнгөн данган амиа зогоох хэмжээнд хүрсэн энэ үед зөв гарц нь  аялал жуулчлалыг уул уурхайтай хорших бүрэн боломж бий гэдгийг  өгүүлжээ.
Нийтлэлийн гол агуулгыг багцалж үзвэл, Монголын аялал жуулчлалын салбар уул уурхайн салбартаа дарагдаж,  төрийн бодлогоо дутагдсанаас болж уналтад орсныг энэ салбарын мэргэжилтнүүд,  болон бусад баримтуудаар нотлон өгүүлжээ. Эдгээр асуудлыг сөхөхийн өмнө сэтгүүлч аялал жуулчлалын салбарын өнөөгийн өнгө төрхийг “Нийгмийн хонгор” гэсэн дэд гарчиг дор эх сурвалж, өөрийн гярхай ажиглалтын үндсэн дээр энгийн бөгөөд ойлгомжтойгоор өгүүлжээ. “Хэн дуртай нь ээлжийн амралтаараа хэдэн төгрөг хийдэг энэ талбар...”, “Ерөөс Монголын аялал жуулчлалын салбар хэн хүн хоноод өнгөрдөг зам гудсын ганц бие хүүхэн шиг болоод зогсохгүй Зуун айлын барилгын зах дээр зогсох “Би чадна” гэдэг хүмүүсээр дүүрчээ”, “Гадаадын нэг нөхөр (trac header) Монголын компаниар дамжуулалгүй нутгийнхаа хэдэн хүнийг цуглуулж аялачихаад гараад явчихна. Монголд ирээд ганц нэг жолоочтой холбоо тогтоож, оюутан охин хөтчөөрөө аваад л гүйцээ.” гэхчилэнгээр хэлэхийн сацуу “Эндээс харвал нэгэн цагт тэргүүлж явсан энэ салбар жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ давжаарсан байна” гэсэн нэг өгүүлбэрээр дүгнэсэн нь хэн хүний толгойд тодорхой төсөөлөл буухуйц оновчтой болжээ
Нийтлэлийн үнэ цэнэ сэтгүүлчийн дэвшүүлсэн тавьсан шинэ санаа, түүнийг хэрэгжүүлэх арга замыг санал болгосноор тодорхойлогддог билээ. Тэгвэл “Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлд сэтгүүлчийн нийтлэлдээ дэвшүүлсэн тавьсан асуудал бол нэгэнт Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, аялал жуулчлал уналтад орсон энэ нөхцөлд аялал жуулчлалыг уул уурхайтай хоршуулан хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг гаргажээ.  Үүнийгээ ч төр засгийнханд сонордуулж “Эмзэгхэн бүтэцтэй энэ засгийн газрын хувь заяаг бид шийдэхгүй, гэхдээ аялал жуулчлалын салбарыг бодлогын хувьд уул уурхайтай холбох болсон санагдав.” гэж өгүүлснээ  Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индрагийн  “Аялал жуулчлал 16 дэд хэсгээс бүрэлддэг тул бүх салбартай зохицож ажиллах боломжтой”,  “Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр аялал жуулчлалыг уул уурхайтай хорших бүрэн боломжтой гэж үздэг аж. Дэлхийд уул уурхайгаар тэргүүлэгч олон орон тусгай сонирхлын аялал хөгжүүлдэг гэж тэрбээр ярилаа. Ухаан нь, Оюутолгой дээр жуулчид очоод газрын гүнээс хүдэр олборлох болон хэрхэн боловсруулдгийг үзүүлээд эцэст нь тэндээс гарсан зэсээр урласан бүтээгдэхүүн худалдаж авсан ч болох гэнэ” гэсэн мэргэжлийн эх сурвалжуудыг яриагаар дэвшүүлсэн асуудлаа боломжтой гэдгээ баталжээ. Дээрх санаа нийтлэлийг эхлүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхийг зарласан тухай,  Mongolia expedition компанийн захирал С.Алдархишиг “Монгол улс тэр чигтээ тусгай сонирхлын зах зээл” гэсэн санаатай нэг шугаманд очжээ.
Сэтгүүлч Д.Батбаярын нийтлэлд бодлогын чанартай эдгээр асуудлаас гадна тус салбарыг хариуцдаг төрийн түшмэд, салбарынханд нь үнэ цэнэтэй байх санааг өгүүлжээ. Тухайлбал, Монгол улсыг гадаад оронд сурталчлахдаа өөрийн онцлог, имижийг илэрхийлж чадахуйц уриа үгтэй, түүнийгээ тодорхой төлөвлөгөө, зорилготойгоор кампанит ажил болгон дэлхийн хүмүүсийн тархинд хийж өгөх нь чухал байдгийг салбарынханд анхааруулсан байна. Жуулчдыг татна гэдэг бол бизнесийн хуулийн нэг адил улс орныг “худалдах” тухай асуудал тул аялал жуулчлалын байгууллага, холбоод бүр өөрийн дураар уриа үг хэлэх биш бодлогын чанартай уриатай байх хэрэгтэй гэсэн сэтгүүлч Д.Батбаярын үг бол үр өгөөжтай, практикт даруй нэвтрүүлэх санаа мөн юм. Сэтгүүлч мөн  үүргэвчтэй жуулчдыг ад үзэх биш  тодорхой бодлого барих, тухайлбал, гадны улс орнууд гаднаас авах жуулчдынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй бодлого баримталдаг байна гэх буюу эсвэл Монголд ирэх жуулчин бүхэнд заавал Монголын тур оператороор дамжин орж ирэх гэх мэт хэдхэн шаардлага тавьчихад л цэгцрэх асуудал гэнэ.” гэхчилэнгээр санаа оноогоо өгүүлжээ.
Барууны сэтгүүл зүйн үнэр ханхлуулсан тус нийтлэл баримт, жишээгээр баялаг болжээ. Монголын  сонин хэвлэлийн талбайд  эх сурвалжийн урт урт яриаг нэг дор оруулсан, өөрөөр хэлбэл эх сурвалжийн өгүүлсэн зүйлд бодитой хандаж сонголт боловсруулалт хийгээгүй хэтэрхий нуршуу өгүүлдэг практик бий. Харин барууны сэтгүүл зүйд сэтгүүлчийн нийтлэл цомхон, олон эх сурвалжтай, сэтгүүлч өөрөө дүгнэлт хийхээсээ өмнө  холбогдох эх сурвалж, мэргэжилтнүүдийн үзэл бодолд ач холбогдол өгдөг. Дээрх өнгө аяс “Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлээс харагдаж байна.
Монголын сэтгүүлчдийн өдрийн нормт ажил  их байдгаас нэг нийтлэлд төдийлөн их цаг зарцуулж чаддаггүй. Ийм яаруу сандруу нөхцөлд нэг,  сайндаа л хоёр эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэлээ бичдэг. Тэгвэл сэтгүүлч Батбаяр нийтлэлдээ Mongolia expedition компанийн захирал С.Алдархишиг, Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад, Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра, Active adventure Mongolia компанийн Ерөнхий менежер Б.Энхбаатар, Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр, Уулын хөтөчдийн холбооны тэргүүн Г.Өсөхбаяр, Монголын хөтөч тайлбарлагчдын холбооны ажилтан А.Батбаяр нарын энэхүү салбарын дүр төрх, өнөөгийн нөхцөлийг тод томруунаар тодорхойлж чадах төрийн албан тушаалтан, хувийн сектор, холбоодын тэргүүн гэсэн эх сурвалжуудтай уулзаж ярилцжээ.
Дээрх эх сурвалжуудаас мэдээлэл авахын зэрэгцээ сэдвийн дагуу нэлээдгүй эрэл хайгуул хийж холбогдох нийтлэл, тайлан, тоо баримтыг судалсан нь дараах баримтуудаас харагдана. “2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Horseback Mongolia компанийн франц захирал Силван Рэкура хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа жилдээ нэг сая ам.долларын эргэлттэй гэжээ.”, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэдэн арван тэрбумын төслүүд ярьж байна. Харин хувийн хэвшлийнхэн тэднээс одоохондоо зохицуулалт, журам их томдоо л бодлого хүлээж сууна. Аялал жуулчлалын хуулийн “Засгийн газрын бүрэн эрх” хэсэг буюу 14.1.2 нь “Аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” гэсэн заалттай. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээллээр өнгөрсөн жил 626 993 аянчин Монголд ирсэн, улсын бүртгэлээр энэ зах зээл дээр одоо 650 гаруй аж ахуй нэгж байгаа тухай, албаны эх сурвалжууд аялал жуулчлал ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлж байна гэдэг ч Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын тооцоогоор 3-4 хувьтай гарчээ зэрэг баримтууд нийтлэлийг илүү үнэмшилтэй, бодитой болгожээ.
Нийтлэл бүхэлдээ энгийн, ойлгомжтой хэл найруулгаар бичигдсэн. “Гэтэл морьтон Монголын уриа баймаар The first horseman - ийг Казахстан эзэмшчихээд урамтай нь аргагүй домбордож суув.”, “С.Алдаржавхлан “Дараагийн засгийн газар байгуулагдвал бид Уул уурхайн яамтай нийлэх сонирхол байна” гэж тоглоомгүй хэллээ.” Өгүүлбэрүүд дэх урамтай нь аргагүй, тоглоомгүй хэллээ гэсэн үгс нийтлэлийн санааг хүч нэмэгдүүлэхээс гадна амьд болгож байна.
Унших явцад сэтгүүлч хувийн салбарынханы үгэнд илүү анхаарал хандуулж хэтэрхий нэг талыг барьсан буюу мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан мэт санагдана. “Б.Индра “Үзэсгэлэн худалдаа хаа болж байгаагаас үл шалтгаалаад 10 сая орчим төгрөг л төрөөс гаргадаг. Бусдыг нь хувийн хэвшлүүд өөрсдөө төлдөг” гээд “2020 он гэхэд жилдээ нэг сая жуулчин авъя гэвэл зөвхөн маркетингийн зардлыг таван тэрбум төгрөг болгох хэрэгтэй” гэсэн юм” гэсэн  хоёр өгүүлбэрээр Монголын төр аялал жуулчлалын сурталчилгаанд мөнгө зарцуулдаггүй гэсэн ойлголт төрнө. Гэтэл улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгч үүнийг Монгол орныг гадаадад сурталчлах төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулдаг. Мөн 2011 онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон ITB-2011 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс  Соёлын түнш орноор оролцож, аялал жуулчлалын салбарын түүхэнд анх удаа төрөөс 500 сая төгрөгийг гадаад сурталчилгаанд зарцуулсан нь гэх баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан байх юм.  
Мөн нийтлэлээс бүхэлдээ аялал жуулчлал уналтад орсон мэтээр ойлгогдож байна. Гэтэл сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 32,5 хувиар нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болоод байна гэсэн статистикийг төрийн байгууллагууд түгээжээ. Энэчлэн сэтгүүлч хангалттай баримт сэлт цуглуулаагүй, эргэлзээтэй асуудлыг хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулаагүй сул тал ажиглагдаж байгааг дурьдах нь зөв болов уу.
Нийтлэлийн үр нөлөөг авч үзвэл, төрд,  “Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхээ урам зоригтой зарласан Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд, тус салбарынхан бодлого баригчдад хувийн секторынхоны дуу хоолойг илүү тодорхой дамжуулж,  төр энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэх, хувийн салбартаа хэрхэн анхаарал тавихыг хэлж өгснөөрөө энэ нийтлэл  практик нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.



No comments:

Post a Comment