Thursday, March 24, 2022

Чанчуны тэмдэглэл

 

    Дахиад л ганцаараа Буянт Ухаагийн гаалиар гарч Бээжингийн зүг нисэв. 2019 оны аравдугаар сарын 17-ны үдээс өмнөхөн хөөрсөн  онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд өдөр дунд газардаж орой 18,35-д Чанчун нисэх орон нутгийн онгоцыг хүлээнгээ бум бужигнасан нисэх буудлаар хоол хош хөөцөлдөж бас тэмдэглэл бичиж цаг нөхцөөв. 

    Орон нутгийн онгоц. Манайхаар бол хөдөө явах нислэг. Бидний төсөөллөөс хавьгүй өөр. Олон улсын нислэг аятай том онгоц дүүрэн хүнтэй дорно зүгийг чиглэн явав. Харанхуйд газардах тул дэргэд суусан залуугаас газрын баримжаа авчих санаатай буудал энэ тэрээ лавласан ч Хонгконоос тэмцээнд оролцохоор ирж яваа гадаад хүн болж таарснаар дахиад л бүхний учрыг өөрөө олох ерөөлд унав. Tripadvisor аппаас авсан зурагтаа найдан такси барихаар төлөвлөн “Longjia”олон улсын нисэх буудалд буутал хоёр гоё охин нэрийг минь бичсэн пайз барин угтлаа. Охин ч гэж дээ нэг нь тус сургуулийн гадаад харилцааны ажилтан, 40 гаруй настай профессор байлаа. Yао Ziru үнэхээр оворгүйн дээр маш залуу стильтэй тул охин гэж харсан нь миний буруу биш байсан. Нөгөөх нь харин түүний магистрант. Профессортоо гар хөлийн үзүүрт нь зарагдаж яваа аж. Тэд намайг Шэратон буудалд хүргэж өглөө.




Үйлийн үрийн ерөөлөөр БНХАУ-ын Чанчун хотын Зүүн хойдийн Багшийн их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн урилгаар “Зүүн хойд Азийн Хэвлэл мэдээллийн одоо ба ирээдүй: Солилцоо, хамтын ажиллагаа ба инноваци” сэдэвт Зүүн хойд Азийн олон улсын симпозиумд оролцох боломж тохиосон юм. Гэмгүй надад хилс хэрэг тохож нус нулимсыг үзсэн хүн энэ сургууль руу намайг санал болгосон юм. Би тухайн үед буруутнуудад гомдож сүйд бололгүй амьдралд байдаг л нэг  гэнэ сэрэггүй тохиол гэж бодсон ч дараа намайг баярлуулах ийм завшаан тохиосон учир үйлийн үр гэж бодогдсон бөлгөө.

Сэтгүүл зүйн түүхийн хичээл дээр Гирин мужийн захиргаанаас хэвлэн гаргасан “Монгол үгийн бодорол”  сэтгүүлийн тухайн наянтаа заасны эцэст энэ мужид очиж үзэх хувь тохиожээ. Чанчун хот бол Жилин /Гирин/мужийн  7.5  сая хүн амтай, машин үйлдвэрлэлээр тэргүүлдэг, бас их сургуулийн  хот юм.

Эрдэмтэд Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлэг ба урлагийн өөрчлөлт, кино урлаг, уран зохиол, соёл гэх мэт олон салбарын асуудалд анхаарлаа төвлөрүүлжээ. 

Хурлыг Хятадын Коммунист намын Төв хороо, Жилин мужийн хорооны Суртал нэвтрүүлгийн хэлтэсийн орлогч дарга,  Зүүн хойд багшийн их сургуулийн дэд ерөнхийлөгч нар нээж үг хэлсэн. Учир нь энэ хурлыг Зүүн хойдын Багшийн их сургууль болон тус хэлтэсийн дэмжлэгээр зохион байгуулсан юм.


Симпозиум үндсэн илтгэлүүд, хавсралт илтгэлүүд, Үндэсний хэвлэл мэдээллийн туршилтын сургалтын төвийг үзүүлэх гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Нээлтийн ёслолын дараа Өмнөд Солонгос дахь Пусан кино, телевизийн хөтөлбөрийн үзэсгэлэнгийн Зохион байгуулах хорооны гүйцэтгэх дарга Хуан Йиван, миний бие, Хятадын Урлагийн академийн профессор, доктор багш Жиа Лэйлэй, Миссуригийн Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн Нийгмийн дэвшилтэт судалгааны төвийн захирал асан Сун Жиганг,  Тайванийн Куньшанийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, профессор Ви Жунжие зэрэг найман судлаач үндсэн илтгэлийг тавьж, өнөөгийн хэвлэл мэдээллийн боловсрол болоод Зүүн хойд Ази дахь энэ салбарын талаарх шинэ судалгаа, туршлагыг танилцуулав. Үдээс хойш Хятад улс даяар нэр хүндтэй их, дээд сургуулиудын есөн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид Хятадын хэвлэл мэдээллийн өнөөгийн ба ирээдүйн талаар илтгэл тавьж, Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн харилцааны хэлбэр, орчин үеийн асуудлуудын талаар хэлэлцсэн юм.  

    Хятадын Урлагийн Академийн судлаач Жиа Лэйлэй “Энэхүү академик симпозиум Зүүн хойд Азийн гео соёлыг нэгтгэсэн бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой юм” гэсэн бол захирал Жан Вэндонг “Энэхүү симпиозиум Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны талбарыг улам өргөжүүлж, сургалт судалгаагааг ахиулах ач холбогдолтой” гэж онцолсон юм.


    “Зураг авахуулах” ажил хурлын хөтөлбөр тусгайлан зоогдсон байсан. Хятадын кинонд гардагтай адил настай зурагчин цагаан хоолой барьсан туслахын хамтаар зогсож суухыг командалж мэргэжлийн зураг авсан. Дараа үзэхэд хуйлж ороогоод хайрцганд хийгээд бэлэгний уутанд хийжээ. Хятадад болсон томоохон арга хэмжээнд ингэдгийг оролцож үзсэн хүмүүс бүгд мэднэ дээ. Үнэхээр л  албан ёсны, чанар сайтай гэрэл зураг түүх болон үлдэнэ гэдгийг тэд сайн мэддэг. 

Энэ тэрийн тухай        

      75  жилийн түүхтэй Northeast Normal University /NENU/ буюу Зүүн хойдийн Багшийн их сургууль сургууль философи, эдийн засаг, хууль эрх зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, түүх, шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, менежмент, урлаг зэрэг салбаруудыг багтаасан, 23 салбар сургуультай. 2 кампустай. 26.000 оюутантай.       

       Харин 1960 оноос сууриа тавьсан  Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургууль /School of Media Science/ нь радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, сэтгүүлч, зар сурталчилгааны ажилтан, дижитал медиагийн технологи гэсэн 5 чиглэлээр бакалаврын, мөн кино, драм, сэтгүүл зүйн чиглэлээр магистр, докторын түвшний сургалт явуулдаг. 1000 гаруй суралцагчтай. Хамгийн сүүлд байгуулагдсан тэнхим бол 2015 онд байгуулагдсан Дижатал медиа технологийн тэнхим байлаа. Сайхан байгуулагдсан хэдий ч Дижитал медиа технологийн болоод Хиймэл оюун ухааны аппликэйшны лабораторитой. Жилин мужийн технологийн иннновацийн нэг платформ, “Jingcai Online” дижитал медиагийн  сургалтын дадлага хийх сүлжээний платформтой ажээ.  

       Дөрвөн давхар байшингийн 4000 метр кв талбайд 40 сая юаны хөрөнгө оруулалтаар сургалтын лаборатори байгуулжээ. Гэрэл зургийн лаборатори 1, 2, 3 гэхчилэнгээр хагас өдөр үзээд үзээд барагдахгүй төв байна. 

    

    Хурлын дараа өдрөөс магистрантуудад хичээл заах урилга авсан юм. Хичээлээ Монголынхоо мэдээллээр баяжуулахаар интернэтээр хайлт хийв. Гадныхан Улаанбаатарын биднийг морь унаж хичээлдээ очдог шахуу төсөөлдөг учир сошиал медиагаар залуусын авч тавиад байдаг их хотын зургийг олчих санаатай хайсан боловч царай муутай хоёр, гурван зургаас хэтрээгүй юм. Ер нь л Монголын талаарх, Чингис хааны зураг гээд зураг хөрөг бараг олж чадаагүй. Сэтгүүл зүй магистрантуудад ч Монголын талаар төдийлөн мэдлэг байгаагүй. Тэр бүү хэл  өөрийн амьдардаг хот, хүн ам гээд ерөнхий мэдлэг тааруу байсан. Харин тэдний дэргэд бид бүгдээрээ газар зүй, нийгэм улс төрийн өргөн мэдлэгтэй санагдсан. Хагас сарынхаа цалинтай дүйх хөлсийг нэг цагийн хичээл заагаад авсан минь бас л сонин сайхан байлаа. 

        Хуралд ирсэн 17 профессорын дунд би ганцаараа эмэгтэй. Монголд хамаг л ажилд эмэгтэйчүүд зүтгэж байдгийн нэг л жишээ энэ байх гэж бодогдсон. Гэхдээ профессорууд маань хаа очиж залуухан эмэгтэй туслахуудтай юм билээ. Олон сайхан хүмүүстэй танилцаж, дуулж хуурдсан сайхан өдрүүд байлаа.
    Эхний өдрийн орой Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн сургуулийн захирал, ноён Wendong Zhang биднийг буудлын доорх ресторанд танилцах зоогонд урьсан юм. Дугариг хятад ширээн дээр төрөл бүрийн хоол ирнэ. Хятадын соёл бол хүндэтгэсэн зочноо хоолоор л дайлдаг гэдгийг өмнө жил Хөх хотод явахдаа бүр илүү мэдсэн юм. Гаднаас ирсэн зочид танилцаж  хятад дарга хундаганы үг хэлэв.
    Надад харин Хятад улсын дайллага цайллаганы соёл ихэд таалагдсан шүү. Угталт, үдэлтийн цайллаганы дэг хоорондоо бас ялгаатай.

    Үдэлтийн цайллага мөн л нөгөө танхимдаа дугуй ширээний ард болсон. Дарга дахиад үг хэлсэн. Гэхдээ завсарлагатайгаар ойрхон ойрхон гурван удаа хундаганы үг хэлсэн. Түүний дараа зочид бид ээлж дараагаар хундаганы үг хэлэв. Бүгд хэлэх ёстой аж. Харин сүүлийн хүн үгээ хэлээд дуусмагц бүгд суудлаасаа босч тэнд байсан хүмүүсээс дотночилж уулзаж ярилцах хүмүүстэйгээ “хувийн” яриа хийж, талархлын хундага тулгах юм билээ. Ажиглаад байхад тэр уулзалтад ирсэн бүхий л хүнтэй тойрч яриа өрнүүлэх юм. Ингэхдээ хоёр гурваараа бөөгнөрч ярьж харагдана. Босоо хүлээн авалт шиг.  Манайд ч гэсэн олон хүн идэж уухад эхэндээ нэлээд дэгтэй, нийтийн яриа ярьж байснаа жаахан халмагцаа хэсэг хэсгээрээ хажууд байгаа хүмүүстэйгээ яриа өрнүүлдэг. Нийтийн яриагаа үргэлжлүүлье гэж хэчнээн уриалсан ч тун удалгүй “бүлгийн” яриа болдог. Монголд хүлээн авалтууд 10 хүнээр нэг ширээ засаад тэр орой зөвхөн тэр аравтайгаа “ноцолдсоор” гарч оддог. Иймэрхүү зохион байгуулалт хоол унд идэж уух гэж ирсэн аятай л болдог тул  арга хэмжээнд ирсэн бусадтай төдийлөн уулзаж учрах боломж байдаггүй. Харин Хятадуудын дэг үүнийг албажуулсан нь манайхаар бол суугаа болон босоо хүлээн авалтыг хослуулсан маягтай болжээ. 

    Хятадад явахдаа нэг сайн мэдэрдэг зүйл бол амттан. Хятадын ямар ч супермаркетаар ороход амттаны лангуу хоёр, үсрээд л 4 метр байдаг. Манайд хэдэн арван нэрийн шоколад хэдэн арван төрөлтэй байдаг. Тэгвэл тэнд ганц хоёрхон шоколад, чихэр үзэгдэнэ. Манай “Оргил”, “Номин”-гийн зөвхөн чихрийн лангуу л гэхэд бараг 10 метр байдаг. Тэгвэл энд бүх амттан ердаа хэдхэн алхамын лангуунд байдаг. Жимс ногоо харин түлхүү харагдана. Үүнийг тэр хурал дээр ч харлаа. Дугай ширээний хэлэлцүүлгийн үеэр ширээнд дээр мандарин, улаан лооль тавьсан нь надад их содон харагдсан.  

    Чанчунь Хятадын аварга хотуудын нэг адил. Маш том, олон хүнтэй, байшин барилгууд ч гадны надад ижилхэн л харагдана. Бас дэлгүүр хоршоонд нь төдийлөн ялгаа байхгүй. Мэдээж Азийн хамгийн том хиймэл ойн парк, кино парк гээд үзэж харах юм нь барагдахгүй их.




Tuesday, June 20, 2017

Хар PR-ийг тайлбарлах нь

                          /Амжилтанд хүрэх арга нь сайхан харилцаа юм/

Хорь гаруйхан жилийн өмнө Монголчуудын хувьд PR гэдэг нэр томьёо шинэ  байсан ч агуулгын хувьд шинэ зүйл байгаагүй юм. Учир нь  хэн нэгэн бусад хүмүүс өөрийнх нь тухай юу гэж боддогт анхаарал хандуулж, хүмүүсээр сайшаагдахын тулд идэвхийлэн ажилладаг, өсөж дэвшихийн тулд бусдаар тусалж дэмжих нөхцөл үүсгэхээр хичээж, өөрийн зорилгыг биелүүлэхэд гарсан саадыг даван амжилт олж байсан бол олон нийттэй харилцаж сурсан байна гэсэн үг. Тэгэхээр бид PR-ийн тухай мэддэг байв. Улс төрийн хүрээнд түүнийг харин бор шувуу нисгэх нэмээн нэрлэж байлаа.
PR гэж юу вэ? Янз бүрийн хүрээнд хүмүүс харилцааг үүсгэдэг. Бид яаж хийсэн, ямар үг хэлснээ ухаарч мөн бидэнд нааштай санагдсан бусдад урам өгдөг. Өөрөөр хэлбэл бид өөрийн олон нийттэй харилцах хэв маягаа бий болгож, бататгаж, бусдын санаа бодлын дэмжлэгтэйгээр өөрсдийн имиж, нэр хүндээ олдог. Өнөөдөр, хувь хүн болон байгууллагууд бусдаас дэмжлэг авснаар амжилтанд хүрч чадаж байна. Олон нийтийн харилцааны зөвлөгч Филипп Лесли “Бүх байгууллага, засаглалуудад хамгийн чухал, нөлөөлөх хүч нь хүмүүсийн үзэл бодол” гэж тэмдэглэжээ.  Филипп Леслигийн амжилтанд хүрэх арга нь сайхан харилцаа юм.
Өдгөө Монголд энэ чиглэлийн судлаачид, мэргэжилтнүүд, дагнан ажилладаг мэргэжлийн байгууллагууд бий болж, улс төрчид, бизнесийн байгууллага, нам эвсэл дэргэдээ PR-ийн зөвлөх, эсвэл баг ажиллуулах болжээ. Улс төрийн хүрээнийхэн бусад салбараас илүүтэй өндөр түвшинд ашиглаж байна. Энэ ч аргагүй юм. Гарал үүслийн хувьд PR–ийг авч үзвэл улс төр нийгмийн зарим нэгэн зүтгэлтнийг улс төрийн “баатар” болгох зорилгоор бий болсон болохыг судлаачид  тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Ерөөс улс төр өөрөө мэдээллийн өргөн солилцоонд тулгуурлаж хөгждөг онцлогтой. Энэ  харилцааг ОНМХ-ийг ашиглахаас бус  шууд харилцаагаар явуулах боломжгүй. Өнгөрсөн зуунд улс төрийн гол ачаа зөвхөн ХМХ-ийн нуруун дээр явж байсан бол өдгөө олон нийтийн сүлжээ хамт үүрэлцэж байна. Улс төрчид ХМХ-ийг ашиглахгүйгээр өөрийгөө олон нийтэд таниулах нь ч боломжгүй зүйл.  Тийм ч учир улс төрчид сэтгүүлчид “хайртай” байдаг.
Энэ нь сонгуулийн үеэр  илүү идэвхждэг онцлогтой. Зар сурталчилгаа болон PR-ийг түгээдэг хэрэгслийг ерөнхийд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сурталчилгааны бусад хэлбэр хэмээн хоёр ангилдаг. Бусад хэлбэрт гаднах самбарууд, тээврийн хэрэгсэл, шуудангаар илгээх сурталчилгаа зэрэг багтах ч эдгээрээс ОНМХ-ийг онцгой үр нөлөөтэй хэмээн үздэг. Тэд  дээрх хэлбэрүүдийг ашиглан улс төрийн сонгуулийн кампанит ажлаа өөрийн сурталчилгааг хийх, өрсөлдөгчийн эсрэг сөрөг сурталчилгаа хийх гэсэн хоёр арга замаар явуулдаг. Нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаанд анхаарахаасаа гадна өрсөлдөгчийн эсрэг сурталчилгаанд түүнээс ч дутахгүй хүч тавьж байна. Тэгэхээр сонгуулийн өмнөх технологи гэхээр ихэвчлэн хар пиарын тухай  байдаг. Улс төрийн технологчид, пиарчид зорилгодоо хүрэхийн тулд сонгогчдын анхаарлыг гойд татах, тэднийг уйдаахгvй, ямар нэгэн сонин юм бодож олж түүгээрээ тэд ямар ч байдлыг өөрчилж, хүмүүсийн бодож байснаас ч өөр vр дvнд хvрч чаддаг.
Сонгуульд төдийгүй улс төрийн тавцанд үргэлж ялагч байхын тулд өрсөлдөгчийнхөө тухай таагүй мэдээллийг дамжуулах, бүтээх, зохиох, бий болгох, сөрөг шинж чанаруудыг нийтэд мэдээлэх, муу талаас нь харуулах, улмаар олон нийтийг түүний эсрэг өдөөн турхирах байдлыг агуулсан сурталчилгааг хар PR гэдэг. Ингэхдээ өрсөлдөгчийнхөө удам судар, гарал үүсэл, найз нөхөд, ажил төрөл, гэр бүлийн байдал, сэтгэл зүйн болон бие эрхтний согогийг хүртэл онцлог сөрөг талаас нь мэдээлдэг. Энэ нь сонгуулийн кампанит ажилд  өндөр хувийг эзэлдэг бөгөөд аль ч улс оронд байдаг үзэгдэл юм.
Сэтгүүлч, сонгогчид цөм адилхан 1980-аад онд сөрөг кампанит ажил өссөнд харамсдаг. Гэвч энэ нь Америкийн улс төрийн хувьд онцгой үзэгдэл байгаагүй юм. 1952 онд Эстис телевизийн сурталчилгааны рекламны анхны шууд дайралтыг Эйзэнхуарын  эсрэг ашигласан байдаг. 1952 оноос хойшхи  Ерөнхийлөгчийн сонгууль бүрт телевизийн сөрөг сурталчилгааны шинж ажиглагддаг. 
Сөрөг улс төрийн сурталчилгааг янз бүрээр тодорхойлдог ба орчин үеийн улс төрийн сурталчилгааны дийлэнх хувийг сөрөг сурталчилгаа бүрдүүлдэг гэдэгтэй судлаачид, зөвлөхүүд санал нийлдэг. Улс төрийн бүх сурталчилгааны 30-50 хувийг сөрөг гэж үзэж болохыг судлаачид тогтоосон байна. Зарим улс төрийн ажиглагчид 20 дугаар зууны сүүлийн Америкийн улс төрийн гол шинж тэмдэг нь сөрөг улс төрийн сурталчилгаа байсан гэж үздэг. “Сурталчилгааны эрин” бүтээлд тэмдэглэснээр 1986 оны Сенатын сонгуульд 450 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Үүний 50 гаруй хувийг сөрөг улс төрийн сурталчилгаанд зарцуулжээ. Одоо сөрөг улс төрийн сурталчилгаа холбооны, улсын, орон нутгийн кампанит ажлын гол цөм нь болсон юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байдаг бас манайд байдаг хар PR-ийн хооронд нэг л ялгаа бий. Тэр нь бодит баримтанд тулгуурласан эсэх. Сөрөг сурталчилгааг заавал баримт нотолгоотой зүйл дээр тулгуурлаж хийдэг. Өөрөөр хэлбэл хэлж буй сөрөг зүйлээ батлах чадвартай байх ёстой гэсэн үг юм. Ямар ч үндэслэлгүй зохиомол  сөрөг ажиллагаа амжилт олох биш харин ч сөрөг үр дагаврыг авчирдаг. Үүний тод жишээ гэвэл 2009 ны ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн эцэг Шинжаанаас ирсэн,  тэр хятад гаралтай хэмээн сөрөг PR-ийг түүний өрсөлдөгч нь хийснээр ялагдал хүлээжээ. Энэ нь тухайн улс төрчийн гарал үүсэл удам судрыг авч үздэг хар PR  технологи бөгөөд ингэхдээ  улс төрчийн удам сударт гэмт хэрэгтэн, харь цус, нэр төр муутай хүмүүс байсан эсэхийг судалж,  түүнээс ямар нэгэн таагүй зүйл олдвол улс төрчтэйгөө холбон тайлбарладаг арга юм.   
Харин хэдэн жилийн өмнө УИХ-ийн сонгуулийн болхи PR-ийн  тод жишээ бол МАН-ын залгамж НАМЗХ-ын удирдлагууд НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяртай  Сэлэнгийн Хүдэр суманд хүүхэн нийлж хүчиндсэн гэх шуугиан байв. Үүнийг батлах дорвитой баримтгүй байсан бөгөөд энэ харин ч нэр дэвшигчид таатайгаар эргэсэн болохыг зарим улс төрчид хэлж байна. 
Сонгогчдын дунд хийсэн судалгаагаар дийлэнх сонгогчид сөрөг мэдээллийг чухалчилдаг гэсэн дүн гарчээ.Тэгэхээр олон нийт улс төрийн сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааг илүү анзаарч, тийм мэдээлэл дээр тулгуурлан сонголтоо хийдэг учир хар PR-ийг баримтад тулгуурлан, нарийн зохион байгуулалттайгаар нийгмийн сэтгэл зүйг бэлдэх бэлдэх байдлаар түгээх нь үр дүнтэй байдаг. 

Friday, December 30, 2016

Бидний мэдэх пингвиний Шинэ Зеланд

Цэнгэлдэхэд баярын нээлт эхэлж байхад наадмын бөх маапаантай, АСЕМ аягүй гоё болохыг төсөөлөх ч үгүй дэлхий дэлэгнэсэн Монголоос Шинэ Зеландын цас мөсгүй өвлийг зорин нисэв ээ.
Хонгконгоор дамжсан нислэг баруун өмнөд Номхон далайг чиглэхдээ шөнө дунд таарсаныг хэлэх үү автобуснаас долоон дор сэгсчих онгоц түшгүүртэй. Олон цаг онгоцоор нисэх үнэндээ оюутан байхдаа өч төчнөөн явсан Алтайн тэндрийн автобуснаас  нэг их дээргүй санагдана.  
Харин Шинэ Зеланд  надад үлгэрт гардаг хэзээд мөнх ногооноороо байдаг бурхан бумын орон шиг санагдав. Өвөл нь нов ногоон, намдуу тайван аж. “Зун ирсэн бол бүр гоё” гэх танилын үг ойлгомжтой.  

Окланд хот онгоцны цонхоор зах хязгаар нь үл харагдах их далайн дунд үзэгдэнэ. Төвдөө өндөр байшин барилгууд,  зах хэсгээрээ намхан хаусууд эзэлсэн ногоон арал. Статистик мэдээнээс харвал манайхтай зарим зүйлээрээ төстэй. Энэ улс 4 сая гаруй хүн амтай, 40 сая гаруй малтай. Хөдөө аж ахуйн орон гэдэг имижтэй ч орчин цагт технологийн хөгжлөөрөө тэргүүлж буй орон юм. 
Үзэсгэлэнт байгаль, таатай уур амьсгалтай учир жуулчлахад тааламжтай байдлаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Байгалийн хоёр улиралтай энэ улс зуны 12 дугаар сардаа жуулчдын хөлд дарагддаг байна. Гэхдээ манайх шиг үзэсгэлэнт байгаль, үзүүштэй зүйлс нь хамаг юмнаасаа хол, хөдөө хээр байдаггүй байна. Хот суурин нь жуулчдыг татах үзэсгэлэнт газраа дагаад хөгжсөн тул нэн таатай гэсэн үг. Их Британий колони байсан энэ улсын албан ёсны хэл нь англи бас маори. Тийм учир хаягийг хоёр хэлээрээ зэрэг бичнэ. Энэ улсын нийслэл нь Веллингтон боловч  хамгийн том хот нь Окланд юм. Мөн л манай нийслэлийн дайтай хүн ам оршин сууна.

Хоноглох буудал маань хотын зүрхэнд байсан тул автобуснаас буугаад хэд алхахдаа “Энэ хэний улс вэ” гэж гайхан бодов. Хар шар, Ази, Европ, Араб энэ тэр. Хүн ам нь голдуу Европ гаралтай гэсэн яалаа? Уугуул маоричууд нь аль юм бол гэсэн шүү юм бодов. Дараа нь бодохнээ Окландын технологийн их сургууль нь хотын төвдөө байрладаг учир тэнд суралцдаг 4000 орчим гадаад оюутан олон өнгөөр хөлхөлдөж байсан нь тэр юмсанж.
Энэ улсын үндэсний бэлэг тэмдэг бол зөвхөн Шинэ Зеланд улсад байдаг киви шувуу. Байгалиасаа далавчгүй энэ шувуу нь урт хошуутай, хошууныхаа төгсгөлд хамартай бөгөөд үргэлж юм хайж явдаг өвөрмөц амьтан юм. Шинэ зеландчуудыг кивичүүд гэнэ. Хотын гудамжаараа хар өвөл тэдний зарим нь хөл нүцгэн алхаж явах юм.
Өндөр хөгжилтэй орон учир өртөг өндөр. Тэнд шоппинг хийхэд тохиромжтой биш. Ойролцоо орших Австралийн брэнд агг буюу бидний мэддэг “UGG” гутлыг харин хямд авч болно.
Оршин суугчдын тооноос үзэхэд л том хот биш гэдэг нь мэдэгдэнэ. Төвөөсөө хэд алхаад л хамаг юмандаа хүрчихнэ. Sky цамхаг, Harbour гүүр, Silo парк гэх алдартай газрууд хоорондоо тун ойрхон учир төдөлгүй хүрчихнэ.
Энэ хотод Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс болно. Хурлын тов 1895 онд үндэслэгдсэн Окландын технологийн их сургууль дээр 2016 оны 7 дугаар сарын  14-16-нд  гэж зарлагдсан юм. Энэ сургууль 30 мянга орчим оюутантай. Түүнээс 4000 нь дэлхийн 90 гаруй орноос ирсэн гадаад оюутнууд. 16 сургуулиас бүрдэх энэ их сургууль эрэмбээрээ дэлхийн топ 500 сургуулийн нэгт багтдаг бол Шинэ Зеландад хоёрдугаар байрт жагсдаг.

Хурал албан ёсоор powhiri  ёслолоор Окландын технологийн их сургуулийн Paul Reeves-ийн нэрэмжит байранд эхлэв. Энэ сургуулийн ажилтан, оюутнууд ийн маори үндэсний бүжиг, дуугаар зочдодоо мэндчилсэн юм. Нүцгэн шахуу,  бүдүүн маори эр  гартаа жадархуу зүйл барин чанга дуугаар хашхиран эвсэлтэй нь аргагүй бүжнэ.

Хуралд 43 орны 220 гаруй төлөөлөгч ирж гурван өдрийн турш сэтгүүл зүйн боловсрол болон даяаршсан хэвлэл мэдээллийн анхаарал татаж, эргэлзээ төрүүлсэн түвэгтэй асуудлыг хэлэлцэж, өөрсдийн судалгаагаа танилцуулж, залуу сэтгүүлчдэд зааж буй  арга туршлагаа  хуваалцав. 4-р конгресст 16 панел, 10 синдикат хэлэлцүүлэг, 46 салбар илтгэлийн хуралдаан, 4 постер илтгэл, 2 семинар болон сэтгүүл зүй, сэтгүүл зүйн боловсролын асуудлаар арга хэмжээнүүд болов.  Зохион байгуулагчдын зүгээс алс хол Монгол болон Африкийн Гана улсын төлөөлөгч ирж илтгэл тавьж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ жилийн хурлын сэдэв бол “Сэтгүүл зүйн боловсрол дахь адил төстэй тал ба нэгдмэл байдал”. Өдгөө цагт сэтгүүл зүй уламжлалт хэрэгслээс мультимедиа сторителлин руу шилжиж, их сургуулиуд ч академик  шинэчлэлтийн дагуу сэтгүүл зүйн хөтөлбөрүүдээ өөрчилж буй түүхэн үйл явц өрнөж байна. Ийм цагт судлаачид  сэтгүүл зүйн сургалтын хамгийн сайн туршлагуудаа туйлын дээд академик орчинд хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцэв.
Дижитал платформ нь сэтгүүл зүйн мэдээлэл боловсруулах, түгээх үйл ажиллагааг өөрчилж байна. Технологийн маш хурдтай өөрчлөлт сэтгүүл зүйн сургуулиудад шахалт үзүүлж, тэднийг сургалтын арга барилаа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Тухайлбал, сэтгүүл зүйн багш нар оюутнууддаа гар утсаар мэдээлэл түгээх, түүнд зориулж мэдээлэл цуглуулах, боловсруулах  талаар заах хэрэгтэй байна. Энэ зорилгодоо  хүрэхийн тулд агуулгаа нийцүүлэх, улмаар заах арга барил, сургалтын хөтөлбөрөө үр ашигтайгаар шинэчлэх хэрэгтэй байгааг судлаачид онцлож байлаа.   


Сошиал медиагийн уугуул иргэд болох энэ цагийн залуус багш нараасаа ч илүү мэдлэгтэй учир оюутнуудад сошиал медиаг мэдээлэл цуглуулах, түгээхэд хэрхэн ашиглах талаар заах нь их сургуулиудын өмнө томоохон асуудал болоод байна.  Тэд нарт хэрхэн үр ашигтай сайн заах талаар болоод өрсөлдөөн ихтэй дижитал эринд баримтыг шалгах, эх сурвалжыг хамгаалах, сэтгүүл зүйн зайны сургалтыг явуулах, XXI зууны сэтгүүл зүйн ёс зүйн асуудал гээд бүхий л асуудлыг хэлэлцэж байсан юм.                
Судлаачид, сэтгүүл зүйн багш нар хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд  оруулж буй хувь нэмрээ үргэлжлүүлэх мэссэжтэйгээр хурлыг өндөрлөв. “Энэ бол хүний эрхийн үндэс гэдгийг хэзээд батлах хэрэгтэй юм” хэмээн  Европын сэтгүүл зүйн сургалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор  Nico Drok хуралд оролцогчдод захиж хэлсэн юм.

Дараагийн 5 дахь хурал 2019 онд Францын Paris-Dauphine Их сургууль дээр болно. Тус сургуулийн захирал Pascal Guenee  оролцогчдыг англи, франц, араб зэрэг өөр хэлээр илтгэх боломж олгоход хүчин чармайлт гаргана гэв. Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс сэтгүүл зүйн ирээдүйг тун өөдрөгөөр харж хурлаа өндөрлөлөө.

Монголчуудын толгойд пингвин л гэж буудаг Шинэ Зеланд орон шинэ туршлага, шинэ соёл, шинэ танил, шинэ дурсамжийг надад өгөв. Харин намайг пингвин үзүүлэх гээд байсан хүмүүсийн "хүслийг" л биелүүлж чадсангүй.
Үргэлжлэл бий

Sunday, March 27, 2016

ХУВЦАС УГААХ СЭТГҮҮЛ ЗҮЙН БАГШИЙН ЗӨВЛӨГӨӨ


\Бүх хүнд зориулаагүй болно\
Энэ тухай эмээ минь ярьж өгөөгүй юм. Учир нь энэ талаарх мэдлэг эмээд минь байгаагүйгээс гадна сонголт бас байсангүй.
Алив, та хараач. Танай гэрт ямар боок \угаалгын нунтаг\ байгааг? Цагаанаас цагаан Tide, 99 толбо арилгадаг Омо,  таван одтой, толбоны эсрэг Ариеэл, өнгөлөг цагаан Viso,  гэрэлтсэн цагаан өнгөтэй болгож, цэцгийн анхилам үнэртэй Power эсвэл эрээн бичигтэй солонгос боок уу?
Эдгээр нь хирийг арилгах ч  хар юбкыг чинь хар саарал, улаан цамцыг чинь гандмал улаан, ногоон палаажыг чинь үхмэл ногоон болгож  хувцасны чинь өнгийг өөрчилсөн. Яагаад гэж үү? Яагаад гэвэл дээрх боокны ихэнх нь цайруулагчтай байгаа юм.
Хүмүүсийн сэтгэлгээ загварт  сэтгэхүйд баригадсан байдгийг эрдэмтэд хэлчихсэн.  Алив үйлдэл болон юмсыг загварчлан хялбар болгон сэтгэдэг учир рекламны нөлөөлөлд амархан автдаг. Тийм болохоор цагаан болгоно, цайруулна гэснийг ЦЭВЭРХЭН болно гэсэн дохиогоор уншаад тархи нь хүлээгээд авчихаж байгаа нь энэ.  Тэгээд л ухамсаргүйгээр дэлгүүрээс рекламаас харсан цайруулагчтай боокоо худалдаж авдаг.
Одоо дахиад өөрөөсөө асуу. Надад цагаан өнгөтэй хэдэн хувцас байдаг вэ гэж. Ядаж ор дэрний цагаан хэрэглэлүүд маань цагаан байхаа больсон цаг. Улаан цэцэгтэй, ногоон навчтай, саарал судалтай, хөх маквинтай эсвэл шар торгон байгаа. Тэгэхээр танайд байх боок дийлэнхдээ будагтай хувцасных л байх ёстой. Color гэдэг бичигтэйг л хайгаад байх болж дээ. Хар хувцасыг хар хувцасны боокоор угаавал бүр зүгээр. Хэрвээ color  боок байхгүй бол барааны савангаар гараараа угаа.
Бас их халуун усаар угаах дэмий. Бид ямар саалийн зэлэн дээр өвдөглөж суугаад үхэр мал сааж, нүүс хутгаж уурын зуух галлаж байгаа биш. Даг даарь болсон хувцас байхгүйгээс их халуун усаар, удаан угаах шаардлага байхгүй. Халуун бүлээн усаар бага хугацаагаар угаавал хувцасандаа байг гэхэд байгальдаа ч ээлтэй.
Нэмж хэлэхэд хувцасыг ойр ойрхон угаах шаардлагагүй. Ганцхан удаа өмсөөд заавал угаадаг хүмүүс бий. Цэвэрч гэж тэд өөрийгөө тодорхойлох ч  хувцас нь олон удаа, буруу угааснаас болоод ихэд хуучирсныг мэддэггүй. Их боокоор угаах хэрэг бас байхгүй. Харшил үүсгэж мэднэ. Гар нүүрийн алчуурыг их боокоор угаахад хатуурдаг.
Хувцасны  чанар, эдэлгээг уртасгаж яах юм, элэгдэхгүй байхад гэж хэлж болох л юм. Хөдөө байгаа хамаатны хүүхэд, дүүд чинь аятайхнаараа очиг л дээ.

Зэ тэгээд хувцасаа цэвэрхэн өмсө. Бага угаа. Зөв угаа. Боллоо

Saturday, March 26, 2016

Нүдээ сохортол уйлав л гэжүү дээ


Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.
Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ,
-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг.
Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.
Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны туханд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.
Дөрвөн настай хүүхэддээ таблет бариулчихаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү, атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.
Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхэддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.
Чихэвчнээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана. Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа. Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухаажуулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш эцэг эх шиг нь байхсан.
Сохортлоо уйлав л гэжүү дээ,
Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэжүү дээ,
Хавдартай болтлоо уйлав л гэж үүдээ,
Ходоодоо цоортол уйлав л гэжүү дээ,
Дүлий болтлоо уйлав л гэжүү дээ,
Шүдгүй болтлоо уйлав л гэжүү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий.
3955 share. 2600 like, 270 comment

Tuesday, March 15, 2016

Рекламын дүр

Рекламны үйлдвэрлэлийн гол зорилго нь бараа бүтээгдэхүүнийг  сурталчлах боловч нийгмийн үзэл бодлыг бас илэрхийлж байдаг. Үүнийг хүйсийн жишээн дээр авч үзье. Эмэгтэй хүний дүр рекламанд бий болсон цагаас эхлэн түүнийг ээж эсвэл гэрийн эзэгтэй, гэр орондоо ямар нэг амттан худалдан авч буй хүн, юм угааж буй хүмүүсийн дүр төрхөөр тусгаж байв. Эмэгтэйчүүд ихэвчлэн цэвэрлэгч, нарийн бичгийн дарга хийдэг байхад эрэгтэйчүүд удирдах албанд байдаг. Ингээд зогсохгүй эмэгтэй хүн хамт олон дотроо цэцэг эсвэл ямар нэгэн хоолны жорны тухай ярилцдаг. Машин үйлдвэрлэгч компаниуд дотуур хувцас өмссөн хүүхнүүдийн дотоож дээр өөрсдийн логогоо байршуулахаас эрэгтэй хүний дотуур хувцасан дээр логогоо тавьдаггүй. Нийгмийн энэхүү хандлагуудыг реклам бүтээгчид сурталчилгаандаа ашигласаар ирсэн. Реклам гайхшралд оруулахаар шийдэлтэй байх нь хүмүүсийн анхаарлыг бараа руу чиглүүлдэг. Гэвч сурталчилгаанд энэ бүх ачааг эмэгтэй хүн үүрдэг.

Сексизм в рекламе. Изображение № 8.

Эрт үеэс эмэгтэй нь эрчүүдийн дутуу зүйлийг нөхөгч, дэмжигч мөн сайн сонсогч байх ёстой гэж бичигдсэн байдаг. Энэ мэт бүх зүйлстэй эмэгтэй хүн аль эртнээс эвлэрч ирсэн юм. Учир нь энэ бүх зүйл хүйсийн ялгаанаас гарсан бөгөөд судлаачид үүнийг ердийн зүйл гэдэгтэй санал нэг байдаг. Гэтэл хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл нь арьс өнгө, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахтай ижил юм.
Реклам дахь эмэгтэйчүүдийн дүрийг Оросын судлаач Екатерина Штарева дараах хэлбэрүүдэд авч үзсэн байна.
I хэлбэр. Рекламанд эмэгтэйчүүдийг гэрийн ажилтай эзэгтэйн дүрээр харуулж ээж, гэрийн эзэгтэй, гэрийн үйлчлэгч гэх мэтээр дүрсэлдэг. Энэ хэлбэрийн эмэгтэйчүүдийг бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй, нөхрөөсөө бүрэн хамааралтай, түүний гол үүрэг нь гэрийн бүх ажлыг  хийдэг гэдэг байдлаар  гаргасан байдаг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийн хоёр дахь үүрэг нь нөхрийнхөө хувьд эр хүн болгоны мөрөөдөл болсон тачаангуй гэрийн эзэгтэй байх юм.

Сексизм в рекламе. Изображение № 16.

II хэлбэр. Илэн далангүй, тайчигч бүжигчний дүр. Энэ төрлийн рекламанд эмэгтэйчүүдэд дур татагч эмэгтэй дүр ноогдсон байна. Ийм рекламны үр дүнд брэндийн нэр хүндийг өсгөх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Сексизм в рекламе. Изображение № 2.
    
     III хэлбэр. Энэ рекламанд жирийн, зөв эмэгтэйн дүрийг сурталчилна  Энэ зэрэглэлд бүх л сэтгүүлийн нүүрэнд гардаг эмэгтэйчүүдийн төрх багтана. Сэтгүүл дээрх гоё, сайхан эмэгтэйн дүрийг хараад сонсогч, үзэгчдэд сонголт хийх боломжийг олгож байна. Нэг бол энгийн саарал хулгана шиг хэвээрээ үлдэх, үгүй бол мэс засал хийлгэх юмуу хоолны дэглэм барьснаар сэтгүүлийн эмэгтэй шиг болох. Эмэгтэйчүүдийн дур булаам болох арга, эр хүний хайрыг татаж, зүрх сэтгэлийг эзэмдэх, аз жаргалд хүрэх зам, арга барилыг заан сурталчилдаг. Ийм зэрэглэлийн рекламанд байнгын давталт болгон том хөх, нарийн бэлхүүс зэргийг заавал сонгож гаргадаг. Энэ ийм рекламын зорилго нь бол уншигч, үзэгчдийг ийм биеийн галбиргүйгээр үзэсгэлэнтэй, аз жаргалтай байх боломжгүй гэдгийг сурталчилдаг. Ийм зүйл эрчүүдийн рекламанд ч бий.  
Сексизм в рекламе. Изображение № 28.
        IV хэлбэр. Эмэгтэйчүүдийг гайхалтай сонин хачин, бодит биш хэлбэрээр дүрслэх. Эмэгтэй хүний бие галбирыг гайхалтай сонин хачин зүйлтэй жишин харуулах, нууц далд зүйлээр буюу угсаатны зүйн хэлбэрээр дүрслэх. АНУ-д цагаан арьстнуудыг жирийн ахуй байдалд их харуулдаг бол, индианчуудыг ер бусын, ид шидийн амьдралыг харуулж төөрөгдөлд оруулдаг. Өөр нэг төөрөгдүүлэлт нь эмэгтэй хүнийг бодит биш, зохиомол байдалд байрлуулж, түүгээрээ хүмүүсийг гайхашруулах, сонирхлыг нь татах хэлбэр юм.
V хэлбэр. Эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан байдаг. Эмэгтэй хүн өөрөө хамааралгүй, байгалийн хуулинд захирагдан өөрчлөлтөнд өртдөг. Жишээ нь, сарын тэмдэг, цэвэршилт, хөгшрөлт, гормоны өөрчлөлт гэх мэт. Энэ төрлийн реклам нь өөрийгөө өөрчлөх боломж, эрүүлжих гарцыг харуулна.
Сексизм в рекламе. Изображение № 11.
VI хэлбэр. Эмэгтэй хүнийг хүүхэлдэйн дүрээр харуулсан байдаг. Хүүхэлдэйн ер бусын гоо үзэмж, түүнийг өөрийн дураар хөдөлгөж наадах зэрэг хүүхэлдэйний ерөнхий шинжийг харуулсан байна.
Сексизм в рекламе. Изображение № 12.
VII хэлбэр. Ааштай, зөрүүд эмэгтэйн дүр төрх. Уламжлалт хуучны үзэлтэй манай нийгэмд эмэгтэй хүн байнга эр нөхрөө загнан, ямарваа нэгэн юм худалдаа авахуулах гэж уурлан уцаарлах, амьдралд байнга сэтгэл дундуур байдаг дүрийг илэрхийлэх. Тэгээд ч хөөрхийлөлтэй түүний ямарваа нэгэн юм нь байнга өвдөж байдаг гээд түүний түвэгтай занг харуулсан рекламыг зохиогчид голлон хийдэг.
VIII хэлбэр. Энэ төрлийн рекламанд эмэгтэйчүүд байнга өдөөгдсөн хэлбэрээр дүрслэгдсэн байдаг. Ямар ч нөхцөл байдалд, ямар ч эд зүйлээр дур хүслээ илэрхийлж чаддаг. Сексийн дур хүслийн өдөөгч байдаг. Энэ хэлбэрийн тод жишээ бол Herbal Essences шампуний реклам юм.
Сүүлийн үед эмэгтэй хүний тэгш сайхан, гоо үзэсгэлэнтэй бие галбир нь эмэгтэйчүүдийн их ололт амжилтын үндэс болж, гоо сайхан бие галбираа ашиглан эмэгтэйчүүд юунд ч хүрэх боломжтой, амжилтанд хүрэхийн тулд өөийнхөө энэ бололцоог сайн ашиглах хэрэгтэй гэсэн ойлголт түгээмэл болоод байна. Эмэгтэйчүүдэд боловсрол, ухаан хэрэггүй учир биеэ зовоож ном эрдэм сурсанаас хоолны дэглэм сахин, хөхөө томруулж чадвал амжилт олох нь гарцаагүй гэдгийг бид рекламнаас л харж, ойлгож байна Реклам бидэнд цаашид хэрхэн  амьдрахыг ийн тайлбарлаж байна.
Рекламанд гардаг дээрхи дурьдсан хэв шинжит эмэгтэйчүүдэд тэнэг гэсэн үзүүлэлт бий. Энэ нь цэнхэр нүдтэй, шар үстэй,  хүүхэлдэй шиг гоо үзэсгэлэнтэй, сайхан инээмсэглэсэн, байнга сайхан харагддаг боловч ухаанаараа гайхуулах юмгүй нэгэн юм. Хиймэл хөхтэй, үсээ цайвар өнгөөр будсан, хөрөнгөтэй нөхөртэй. Гэрийн үйлчлэгч зарцалсан, олон ангит киног бүгдийг үзсэн эмэгтэй цаашид юу хийх вэ? Дэлгүүр хэсч хөрөнгөтэй нөхрийнхөө мөнгийг үрэх л үлдлээ. Ном уншиж чадахгүй юм чинь, дэлгүүр орж булган шуба авахаас. Сонин сэтгүүлийн реклам болон телевизийн рекламны ихэнхи нь эмэгтэйчүүдийг дэлгүүр хэсч цагаа өнгөрөөдөг болохоор хамгийн сайн худалдан авагч гэсэн үүднээс тэдэнд зориулагдсан байдаг. Ийм учраас ихэнх рекламд бүсгүйчүүлийн хоёрны нэг нь өөрийгөө ердөө өмсөх хувцасгүй гэж боддог хэмээн эхэлдэг.
Эмэгтэйчүүд өөрсдийн бие даасан, хараат бус байдал, сексийн эрх чөлөө, халдашгүй байдлынхаа төлөө тэмцдэг болсон. Эмэгтэйчүүд улс төр, хууль, эдийн засгийн салбарт оролцож өөрсдийн үзэл бодлоо хамгаалдаг болсон. Хүчирхэг эмэгтэйн дүр төрх улам л сэтгэл татам болж байна. Эмэгтэй хүний дотоод дийлдэшгүй хүч эрх чөлөөг хайн гадагшаа тэмүүлэн рекламны зах зээлийг эзэлж байна.
IX хэлбэр. Сүүлийн үеийн америк рекламанд эмэгтэйчүүдийг их ухаалаг, бодолтой болгон дүрсэлж байна. Эмэгтэйчүүд урьдын байдлаас ангижирч, чөлөөтэй болж буй бүхий л арга хэлбэрээр харуулж байна. Үүний нэг жишээ нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүний дүрээр гаргаж, энэ нь тэгш эрх, хүч чадал, нэр төрийн асуудалтай холбоотойг харуулж байна.
Харин  реклам дахь эрчүүдийн дүр төрхийн талаар авч үзье.
Хамгийн энгийн, тодорхой зүйлээс эхэлье. Эрчүүдийг бүр багаас нь хүч чадалтай, эд баялаг олборлогч, асран хамгаалагч, дэлхий дээр өөрийн байр сууриа хамгаалж амьдрах ёстой гэж сургадаг. Эмэгтэйчүүдээс эсрэгээр дотоод сэтгэлээ барьж, байнга томоотой, хатуу сэтгэлтэй байхыг сургадаг. Рекламанд энэ дүр төрх хамгийн түгээмэл бөгөөд эр хүний секс чанар үүнээс л харагддаг болов уу.
Автомашины үзэсгэлэнд усны хувцас өмссөн загвар өмсөгчид цөөн байдал эрчүүд үзэсгэлэнгийн талаар сэтгэл дундуур  үлддэг. Учир нь ихэнх эрчүүд сайхан хүүхнүүд, тэдний нүцгэн гоолиг биеийг харж таашаал авах дуртай Зах зээл дээр барааг ийм маягаар сурталчилдаг. Эр хүний зүрх сэтгэлд ходоодоор нь дамжиж хүрдэг гэдэг ч харин д эрчүүдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг рекламдахдаа тухайн брэндийн барааг өмсөж хэрэглэснээр эр хүн ямар сайхан болж, ямар ч эмэгтэйг эзэмдэн авах чадвартай болно гэж харуулдаг.  Жишээ нь Ахе үнэртний реклам.
Тогтсон уламжлалт дүрийг эвдэн, эмэгтэйчүүд сүүлийн үед өөрсдийн хүч чадлыг харуулах болсон. Зарим рекламанд эрэгтэй хүний сул дорой байдлыг харуулж, эмэгтэйчүүд тэднийг захирч байгаа үзүүлдэг. Эр хүний бахархал болсон эрхтэний тухай далд утгатай реклам их байдаг болжээ. Эр хүний нийгэм, хамт олон, гэр бүлдээ эзлэх байр суурийг нь түүний эрхтэнтэй холбон харьцуулж харуулсан байх юм.
Сексизм в рекламе. Изображение № 5.
Эзэнт гүрний олон түмнийг захирах, дайн дажинд оролцох, газар дэлхийг хуваан эзэмших, сүр хүчийг харуулан тэмцэлдэх зэрэг дээр үеэс улбаатай эр хүний оролцох бүхий л зүйлийг тэдний хүч чадлаар илэрхийлсэн байдаг. Энэ бүгдэд  эр хүний "Би" гэсэн сэтгэл нь байнга л давамгайлж байх болно. Америк рекламны гол сэдвийн нэг нь бол эр зориг, үзэн ядалт, фашизм, хүчирхийлэл байдаг. Хөх томруулах, эр хүний эрхтэн томруулах эм бий болсон, гоо сайхны мэс засал эрхтэн солих, шилжүүлэх мэс заслууд хийгддэг болсноор бидний амьдралд "метросексуал" зэрэг шинэ үг хэллэг хүртэл орж ирж байна.
Сүүлийн үед нүд хөмсгөө будаагүй эмэгтэй гудамжинд гарах нь байтугай эрчүүд хүртэл өөрийн жин, биеийн байдалдаа анхаарал тавьдаг болсон байна. Иймээс эрчүүдэд зориулсан биеийн тос, тураах үйлчилгээтэй тос, бэлгийн чадавхийг сайжруулах бүтээгдэхүүн зэргийн реклам ихээр гардаг боллоо. Орчин үед өв тэгш эр хүн моодонд орж энэ бүхэнд реклам чиглүүлэгч болж байна.
Ихэнхи үлгэрт сайхан хан хүү үзэсгэлэнт гүнжээ үхэшгүй мангас, гай зовлонгоос аварч гардаг. Ийнхүү бидний оюун санаанд хүчирхэг, эрэлхэг баатар эрийн дүр төрх бууж, охид цагаан морь унасан баатар эрийг мөрөөддөг билээ. Эр хүн аврагч, хамгаалагч байх ёстой гэсэн ойлголт зөвхөн эрчүүдийн ч биш, эмэгтэйчүүдийн оюун ухаанд байдаг. Энэ сэдэв Америк рекламанд их хэрэглэгддэг. Америк рекламны ерөнхий хэв маяг бол орчныхоо бүх юмсыг хараат байлгах гэсэн сэдэв юм. Рекламны үйлдвэрлэлд орж ирсэн нэгэн шинэ урсгал бол эр хүнийг эмэгтэйчүүдийн сексийн тусагдахуун болгон харуулж байгаа реклам юм. Үүнд нэгэн эрэгтэй сексийн талаар эрчүүдийг доромжилж байна гэж гомдоллосон байв.
"Volkswagen" рекламд машинд эмэгтэй суугаад нэгэн эрийн биеийг их л сонирхсон харцаар харж байна. Үүнийг уншаад юу нь болохгүй гэж,  яагаад эр хүнийг харж болохгүй гэж бодож байна уу? Манай уламжлалт нийгэмд эмэгтэй хүнийг дорд үзэх нь ердийн үзэгдэл бөгөөд олон нийт түүнийг тайван хүлээж авдаг байна. Харин эр хүнийг сексийн тусгагдахуун болгон үзүүлэхэд хэвийн биш гэж хүлээн авч байгаа нь ёс суртахуун, гоо зүйн өсөлттэй холбоотойг харуулж байна.

Рекламны хүйсийн хандлага бол хүнд бөгөөд түвэгтэй асуудал юм. Үүнийг шийдэхийн тулд хүний оюун ухаанд өөрчлөлт орж, нийгэм өөрөө эргэлт хийж үнэт зүйлсээ дахин үнэлэн хайрлах хэрэгтэй.