Дахиад л ганцаараа Буянт Ухаагийн гаалиар гарч Бээжингийн зүг нисэв. 2019 оны аравдугаар сарын 17-ны үдээс өмнөхөн хөөрсөн онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд өдөр дунд газардаж орой 18,35-д Чанчун нисэх орон нутгийн онгоцыг хүлээнгээ бум бужигнасан нисэх буудлаар хоол хош хөөцөлдөж бас тэмдэглэл бичиж цаг нөхцөөв.
Орон нутгийн онгоц. Манайхаар бол хөдөө явах нислэг. Бидний төсөөллөөс хавьгүй өөр. Олон улсын нислэг аятай том онгоц дүүрэн хүнтэй дорно зүгийг чиглэн явав. Харанхуйд газардах тул дэргэд суусан залуугаас газрын баримжаа авчих санаатай буудал энэ тэрээ лавласан ч Хонгконоос тэмцээнд оролцохоор ирж яваа гадаад хүн болж таарснаар дахиад л бүхний учрыг өөрөө олох ерөөлд унав. Tripadvisor аппаас авсан зурагтаа найдан такси барихаар төлөвлөн “Longjia”олон улсын нисэх буудалд буутал хоёр гоё охин нэрийг минь бичсэн пайз барин угтлаа. Охин ч гэж дээ нэг нь тус сургуулийн гадаад харилцааны ажилтан, 40 гаруй настай профессор байлаа. Yао Ziru үнэхээр оворгүйн дээр маш залуу стильтэй тул охин гэж харсан нь миний буруу биш байсан. Нөгөөх нь харин түүний магистрант. Профессортоо гар хөлийн үзүүрт нь зарагдаж яваа аж. Тэд намайг Шэратон буудалд хүргэж өглөө.
Үйлийн
үрийн ерөөлөөр БНХАУ-ын Чанчун хотын Зүүн хойдийн Багшийн их сургуулийн Сэтгүүл
зүй, хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн урилгаар “Зүүн хойд Азийн
Хэвлэл мэдээллийн одоо ба ирээдүй: Солилцоо, хамтын ажиллагаа ба инноваци”
сэдэвт Зүүн хойд Азийн олон улсын симпозиумд оролцох боломж тохиосон юм. Гэмгүй
надад хилс хэрэг тохож нус нулимсыг үзсэн хүн энэ сургууль руу намайг санал
болгосон юм. Би тухайн үед буруутнуудад гомдож сүйд бололгүй амьдралд байдаг л
нэг гэнэ сэрэггүй тохиол гэж бодсон ч
дараа намайг баярлуулах ийм завшаан тохиосон учир үйлийн үр гэж бодогдсон бөлгөө.
Сэтгүүл
зүйн түүхийн хичээл дээр Гирин мужийн захиргаанаас хэвлэн гаргасан “Монгол
үгийн бодорол” сэтгүүлийн тухайн наянтаа
заасны эцэст энэ мужид очиж үзэх хувь тохиожээ. Чанчун хот бол Жилин /Гирин/мужийн 7.5 сая хүн амтай, машин үйлдвэрлэлээр тэргүүлдэг, бас их
сургуулийн хот юм.
Эрдэмтэд Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлэг ба урлагийн өөрчлөлт, кино урлаг, уран зохиол, соёл гэх мэт олон салбарын асуудалд анхаарлаа төвлөрүүлжээ.
Хурлыг Хятадын Коммунист намын Төв хороо, Жилин мужийн хорооны Суртал нэвтрүүлгийн хэлтэсийн орлогч дарга, Зүүн хойд багшийн их сургуулийн дэд ерөнхийлөгч нар нээж үг хэлсэн. Учир нь энэ хурлыг Зүүн хойдын Багшийн их сургууль болон тус хэлтэсийн дэмжлэгээр зохион байгуулсан юм.
Симпозиум үндсэн илтгэлүүд, хавсралт илтгэлүүд, Үндэсний хэвлэл мэдээллийн туршилтын сургалтын төвийг үзүүлэх гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Нээлтийн ёслолын дараа Өмнөд Солонгос дахь Пусан кино, телевизийн хөтөлбөрийн үзэсгэлэнгийн Зохион байгуулах хорооны гүйцэтгэх дарга Хуан Йиван, миний бие, Хятадын Урлагийн академийн профессор, доктор багш Жиа Лэйлэй, Миссуригийн Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн Нийгмийн дэвшилтэт судалгааны төвийн захирал асан Сун Жиганг, Тайванийн Куньшанийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, профессор Ви Жунжие зэрэг найман судлаач үндсэн илтгэлийг тавьж, өнөөгийн хэвлэл мэдээллийн боловсрол болоод Зүүн хойд Ази дахь энэ салбарын талаарх шинэ судалгаа, туршлагыг танилцуулав. Үдээс хойш Хятад улс даяар нэр хүндтэй их, дээд сургуулиудын есөн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид Хятадын хэвлэл мэдээллийн өнөөгийн ба ирээдүйн талаар илтгэл тавьж, Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн харилцааны хэлбэр, орчин үеийн асуудлуудын талаар хэлэлцсэн юм.
Хятадын Урлагийн Академийн судлаач Жиа Лэйлэй “Энэхүү академик симпозиум Зүүн хойд Азийн гео соёлыг нэгтгэсэн бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой юм” гэсэн бол захирал Жан Вэндонг “Энэхүү симпиозиум Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны талбарыг улам өргөжүүлж, сургалт судалгаагааг ахиулах ач холбогдолтой” гэж онцолсон юм.
“Зураг авахуулах” ажил хурлын хөтөлбөр тусгайлан зоогдсон байсан. Хятадын кинонд гардагтай адил настай зурагчин цагаан хоолой барьсан туслахын хамтаар зогсож суухыг командалж мэргэжлийн зураг авсан. Дараа үзэхэд хуйлж ороогоод хайрцганд хийгээд бэлэгний уутанд хийжээ. Хятадад болсон томоохон арга хэмжээнд ингэдгийг оролцож үзсэн хүмүүс бүгд мэднэ дээ. Үнэхээр л албан ёсны, чанар сайтай гэрэл зураг түүх болон үлдэнэ гэдгийг тэд сайн мэддэг.
Энэ тэрийн тухай
75 жилийн түүхтэй Northeast Normal University /NENU/ буюу Зүүн хойдийн Багшийн их сургууль сургууль философи, эдийн засаг, хууль эрх зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, түүх, шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, менежмент, урлаг зэрэг салбаруудыг багтаасан, 23 салбар сургуультай. 2 кампустай. 26.000 оюутантай.
Харин 1960 оноос сууриа тавьсан Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургууль /School of Media Science/ нь радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, сэтгүүлч, зар сурталчилгааны ажилтан, дижитал медиагийн технологи гэсэн 5 чиглэлээр бакалаврын, мөн кино, драм, сэтгүүл зүйн чиглэлээр магистр, докторын түвшний сургалт явуулдаг. 1000 гаруй суралцагчтай. Хамгийн сүүлд байгуулагдсан тэнхим бол 2015 онд байгуулагдсан Дижатал медиа технологийн тэнхим байлаа. Сайхан байгуулагдсан хэдий ч Дижитал медиа технологийн болоод Хиймэл оюун ухааны аппликэйшны лабораторитой. Жилин мужийн технологийн иннновацийн нэг платформ, “Jingcai Online” дижитал медиагийн сургалтын дадлага хийх сүлжээний платформтой ажээ.
Дөрвөн давхар байшингийн 4000 метр кв талбайд 40 сая юаны хөрөнгө оруулалтаар сургалтын лаборатори байгуулжээ. Гэрэл зургийн лаборатори 1, 2, 3 гэхчилэнгээр хагас өдөр үзээд үзээд барагдахгүй төв байна.
Хурлын дараа өдрөөс магистрантуудад хичээл заах урилга авсан юм. Хичээлээ Монголынхоо мэдээллээр баяжуулахаар интернэтээр хайлт хийв. Гадныхан Улаанбаатарын биднийг морь унаж хичээлдээ очдог шахуу төсөөлдөг учир сошиал медиагаар залуусын авч тавиад байдаг их хотын зургийг олчих санаатай хайсан боловч царай муутай хоёр, гурван зургаас хэтрээгүй юм. Ер нь л Монголын талаарх, Чингис хааны зураг гээд зураг хөрөг бараг олж чадаагүй. Сэтгүүл зүй магистрантуудад ч Монголын талаар төдийлөн мэдлэг байгаагүй. Тэр бүү хэл өөрийн амьдардаг хот, хүн ам гээд ерөнхий мэдлэг тааруу байсан. Харин тэдний дэргэд бид бүгдээрээ газар зүй, нийгэм улс төрийн өргөн мэдлэгтэй санагдсан. Хагас сарынхаа цалинтай дүйх хөлсийг нэг цагийн хичээл заагаад авсан минь бас л сонин сайхан байлаа.
Хуралд ирсэн 17 профессорын дунд би ганцаараа эмэгтэй. Монголд хамаг л ажилд эмэгтэйчүүд зүтгэж байдгийн нэг л жишээ энэ байх гэж бодогдсон. Гэхдээ профессорууд маань хаа очиж залуухан эмэгтэй туслахуудтай юм билээ. Олон сайхан хүмүүстэй танилцаж, дуулж хуурдсан сайхан өдрүүд байлаа.
Эхний өдрийн орой Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн сургуулийн захирал, ноён Wendong Zhang биднийг буудлын доорх ресторанд танилцах зоогонд урьсан юм. Дугариг хятад ширээн дээр төрөл бүрийн хоол ирнэ. Хятадын соёл бол хүндэтгэсэн зочноо хоолоор л дайлдаг гэдгийг өмнө жил Хөх хотод явахдаа бүр илүү мэдсэн юм. Гаднаас ирсэн зочид танилцаж хятад дарга хундаганы үг хэлэв.
Надад харин Хятад улсын дайллага цайллаганы соёл ихэд таалагдсан шүү. Угталт, үдэлтийн цайллаганы дэг хоорондоо бас ялгаатай.
Үдэлтийн цайллага мөн л нөгөө танхимдаа дугуй ширээний ард болсон. Дарга дахиад үг хэлсэн. Гэхдээ завсарлагатайгаар ойрхон ойрхон гурван удаа хундаганы үг хэлсэн. Түүний дараа зочид бид ээлж дараагаар хундаганы үг хэлэв. Бүгд хэлэх ёстой аж. Харин сүүлийн хүн үгээ хэлээд дуусмагц бүгд суудлаасаа босч тэнд байсан хүмүүсээс дотночилж уулзаж ярилцах хүмүүстэйгээ “хувийн” яриа хийж, талархлын хундага тулгах юм билээ. Ажиглаад байхад тэр уулзалтад ирсэн бүхий л хүнтэй тойрч яриа өрнүүлэх юм. Ингэхдээ хоёр гурваараа бөөгнөрч ярьж харагдана. Босоо хүлээн авалт шиг. Манайд ч гэсэн олон хүн идэж уухад эхэндээ нэлээд дэгтэй, нийтийн яриа ярьж байснаа жаахан халмагцаа хэсэг хэсгээрээ хажууд байгаа хүмүүстэйгээ яриа өрнүүлдэг. Нийтийн яриагаа үргэлжлүүлье гэж хэчнээн уриалсан ч тун удалгүй “бүлгийн” яриа болдог. Монголд хүлээн авалтууд 10 хүнээр нэг ширээ засаад тэр орой зөвхөн тэр аравтайгаа “ноцолдсоор” гарч оддог. Иймэрхүү зохион байгуулалт хоол унд идэж уух гэж ирсэн аятай л болдог тул арга хэмжээнд ирсэн бусадтай төдийлөн уулзаж учрах боломж байдаггүй. Харин Хятадуудын дэг үүнийг албажуулсан нь манайхаар бол суугаа болон босоо хүлээн авалтыг хослуулсан маягтай болжээ.
Хятадад явахдаа нэг сайн мэдэрдэг зүйл бол амттан. Хятадын ямар ч супермаркетаар ороход амттаны лангуу хоёр, үсрээд л 4 метр байдаг. Манайд хэдэн арван нэрийн шоколад хэдэн арван төрөлтэй байдаг. Тэгвэл тэнд ганц хоёрхон шоколад, чихэр үзэгдэнэ. Манай “Оргил”, “Номин”-гийн зөвхөн чихрийн лангуу л гэхэд бараг 10 метр байдаг. Тэгвэл энд бүх амттан ердаа хэдхэн алхамын лангуунд байдаг. Жимс ногоо харин түлхүү харагдана. Үүнийг тэр хурал дээр ч харлаа. Дугай ширээний хэлэлцүүлгийн үеэр ширээнд дээр мандарин, улаан лооль тавьсан нь надад их содон харагдсан.
Чанчунь Хятадын аварга хотуудын нэг адил. Маш том, олон хүнтэй, байшин барилгууд ч гадны надад ижилхэн л харагдана. Бас дэлгүүр хоршоонд нь төдийлөн ялгаа байхгүй. Мэдээж Азийн хамгийн том хиймэл ойн парк, кино парк гээд үзэж харах юм нь барагдахгүй их.