Wednesday, January 20, 2016

“Балдорж”-ийн тунхагласан сурвалжлагын шинэ цагийн төлөөлөгчийн тухайд /Шүүмж/

Өвөр руу туулай орлоо. Жигтэйхэн билэгшээж явтал дахиад нэг туулай машины гэрэлд орж ирээд зам даган дэгдэв. Гэрлээ хэсэгтээ унтрааж, бас баруун талаас хашисхийж, ингэж тэгсээр нэг юм өвөртөө орууллаа. Дахиад билэгшээн баярлав. Гэтэл төд удалгүй дахиад нэг туулай. Бас дахиад нэг туулай. Дахиад туулай. Цөөн бол билэг, олон бол улиг гэгч болж сүүлдээ өврөөс гарч, орж байгааг ч тоохоо болив. Машины гэрлийн үзүүрт үнэг харагдаад өнгөрлөө. Бас сүрэг зээр. Дахиад зээр. Гайхан шагштал газарчин залуу,  “Машины өмнүүр олон зуун тоотой зээрийн сүрэг өнгөрвөл зогсч хүлээхээс өөр аргагүй болдог” хэмээн бүр гайхашруулав. Эрчүүдийн ангийн хорхой гозгонож байгаа бололтой хүүхэд шиг дэмий л хуруугаараа онилж, амаараа буудав. Зүүн аймгууд ийн баян дэлгэр юмсанж. Алтан овоо, Дарьганга нуур, Шилийн богдыг зорьдог дотоодын жуулчдын адилаар зүүн аймгаар аялаад ийм сайхан сэтгэгдэлтэй буцаж ирсэний дараа Балдорж сангийн шалгаруулалт зарлагдав.
            Харин Гран при шагналын эзний “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” сурвалжлагыг уншаад цочирдов. Амгалан тал налайж, амьтад тааваар байна хэмээн бодож байсан учир нутгийн ардууд баян хангайдаа ийм хүйтэн сэтгэл гаргадаг нь хүний нутгийн маньд жигшил  төрүүлнө. Зээрийг ан авлах аргаар бус зугаа цэнгэлээ болгон, айж цуцтал нь элдэж хөөн, амь тавиагүй байхад биеийг нь хутгаар сийчиж, ганц удаа гал нээхэд олон амьтдыг хөнөөх цэрэг, дайны зориулалттай буугаар устгаж байгаа сэтгэл сэртхийлгэм дүр зургийг олж харав.  Дорнын талд зэрлэг хядаан болж байгааг ингэж мэдэж сэтгэл шимшрэв.   Хэрэв сэтгүүлч дээрх сурвалжлагыг бичээгүй бол цагаан зээрийн хядлага цагаандаа гарсаныг хэзээ ч мэдэхгүй байх байжээ.
 Манай ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Улаанбаатар хот дотроо л эргэлддэг бол "Өдрийн сонин"-д газар нутгийн хувьд хязгааргүй байдаггүй.  Тэгээд ч  байгаль хамгаалах үйлсийг хөхиүлэн дэмждэг учир уншигчдын мэдээллийн мөрөөр сэтгүүлч Э.Хүрэлбаатар Хэнтий, Сүхбаатар аймгуудын бүх сумд, Дорнодын баруун зүгийн сумдаар явж, энэхүү сурвалжлагыг бичжээ.  Томилолт бүхний цаана асуудал бий.  Үүнийг шийдэх, эс шийдэхийг сэтгүүлчийн ур чадвар мэддэг.  Хэрхэснийг одоо авч үзье.
 “Үүр дөнгөж хаяарч байхад Асгатын уулын баруун мөрөөр урагш даван давхилаа. Тэртээд гурван машины гэрэл тод харагдаж хоорондоо сүлжилдэн давхилдахыг хараад хамт явсан жолооч ах “За нөгөө хэдэн цагаан зээрийг чинь хядаж байна даа. Гурван талаас нь шахаж байгаад л буудаж байгаа бололтой” гэдэг юм байна. Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү сайтар харлаа. Үнэхээр л нэг амьтан хөөгөөд байгаа нь тодорхой болов.”  гэж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын сурвалжлага эхэлж байна.
Ороо бусгаа өнөөдрийн нийгэмд сэтгүүлч өөрийн сонссон, дуулсан зүйлээ баримт болгон олон нийтийг төөрөгдүүлэх нь элбэг болсон үед сэтгүүлч үйл явдлын халуун мөрөөр ороод гэрч баатрын үгээр ийнхүү өгүүлж байгаа нь уншууртай нийтлэл гэдгийг илэрхийлнэ.  
Цагаан зээр гэдэг “Улаан ном”-ын амьтан. Дэлхийд нэн ховор. Биологичид дэлхийн цагаан зээрний дөрөвний нэг нь Монголд байна гэсэн барагцаа тоог хэлжээ. Зээр харин зүүн аймагт л олноороо байдаг аж. Харин хуулийн дагуу агнахыг хоригложээ. Гэтэл хууль цаазыг үл тоосон, зүрх сэтгэлгүй хот, хөдөөгийн иргэд, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн зээрийн махны ченжүүд, уул уурхайн компаниуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиуд, цэргийн анги, ан авд хорхойсох араатан гэмээр нөхдүүд зээрийн сүргийг хичнээн харгис хэрцгий, хайр найргүйгээр хядаж буй талаар сэтгүүлч эрэн сурвалжлага хийжээ.  
Байгаль хамгаалах гэдэг бол зөвхөн байгаль хамгаалагчдын үйл хэрэг биш. Бүх нийтийн хэрэг. Эх орныхоо бахархал, үнэт өв болсон зэрлэг ан амьтдыг бид бүгд  хамгаалах хэрэгтэй гэсэн үнэтэй санааг уншигчдад ойлгуулахыг хичээжээ.
Энэ сурвалжлага өдөр тутмын завгүй амьдралаасаа өндийж чадахгүй байгаа уншигчдад үнэн бодит мэдээлэл хүргэж, асуудлыг ил гаргаж тавихаасаа гадна олон асуудал хөнджээ. Үүнд, төр захиргааны байгууллагын хүмүүс төсвийн мөнгөө хэмнэж өөртөө халааслах болсон тухай, Улаанбаатар хот руу зээрийн мах зөөж борлуулдаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихсон тухай, сандал ширээний асуудлыг чухалчилдаг аймгийн удирдлагуудын увайгүй төрх, орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэвэл нэн зохих асуудалтайгаа эвлэрчихсэн байгаа буруу тогтолцооны тухай, Монголын хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг эзэнгүй төрийн эмгэнэлтэй байдлыг харуулжээ.
Сэтгүүл зүй нотлон үзүүлдэг учир баримт бол маш үнэ цэнэтэй. Ийм баримтыг хэвлэлийн хурал, буух эзэнтэй үйл явдлаас бус хээр талаас цуглуулна гэдэг амар зүйл биш.  Хаана очих, хэнтэй уулзах нь тодорхой бус байдаг юм. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд.
“Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” эрэн сурвалжлага сэтгүүлчийн арваад өдрийн эрлийн үр дүнд дөрвөн хэсгээс бүрдэж, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Ан агнуурын тухай хууль зэрэг бичгийн эх сурвалжууд, мөн 15 эх сурвалжтай уулзаж ажиглалт,  дүгнэлтийг хийсэн байна. 15 гэсэн тоо байгаа боловч уулзаж мэдээлэл авсан хүний үүнээс олон гэдэг нь нийтлэлийн агуулгаас тод харагдана. Ийнхүү нийтлэлд цагаан зээрийн талаар олон эх сурвалжийн яриаг оруулсан нь тухайн асуудлыг өнгөц биш лав судласныг харуулна.  
Аман эх сурвалжуудын нэгээс бусад нь хаалттай буюу нууц эх сурвалжууд байна.  Хууль бус үйлдлийн талаарх энэхүү сурвалжлагад үүнээс өөр арга байхгүй гэдэг нь тодорхой юм.
Мөн сайн нийтлэл бүтээхийн үндэс нь эх сурвалжийг зөв сонгож, маш нямбай хариуцлагатай хандах явдал байдаг. Нийтлэлийн хувь заяа ямар эх сурвалж сонгож авсанаас, түүний үнэн бодитой, баталгаатай эсэхээс шууд шалтгаалдаг онцлогтой. Э.Хүрэлбаатар гурван мянган хоньтой айлын эзэд, оторлож яваа гурван зуун адуутай компаний захирал, нутгийн иргэд, анчид, махны наймаачид, олон жил хилийн цэрэгт ажилласан бэлтгэл хурандаа, зээрийн махны сүлжээний эзэд, цагдаа зэрэг эх сурвалжуудыг сонгож асуудлаа харуулжээ. Эх сурвалжийн сонголт сайн байгаагаас гадна, анхдагч, олон талын, итгэлтэй эх үүсвэрийг ашиглах ёстой байдаг сэтгүүл зүйн шаардлагыг сайн хангасан нь дээрх баримтаас харагдана.  
 Сурвалжлагад итгэл үнэмшил, уран сайхны дүрслэл шингээж өгдөг. Сурвалжлага амаргүй зүйл гэдгийн учир энд оршино.
Дээрх эх сурвалжуудын баримт мэдээллээс гадна сэтгүүлч цагаан зээрийн анчдын халуун мөрөөр орж Асгатын уул, Шивэртийн өврийн хөндий, Дарьганга сумын хойхно гэхчилэн зээр агнаж байсан 6 удаагийн тохиолдлыг өөрийн биеэр үзэж баримт болгон ашигласан нь уншигчид итгэл үнэмшил муутай санагдах боловч хаана очвол хэргийн мөрөөр орох, хэнтэй уулзвал баттай мэдээлэл өгөхийг мэддэг туршлагатай сэтгүүлчийн, ажлын зөв зохион байгуулалт, ухаалаг нарийн мэдрэмжээр энэ бүгдийг үзэж харсан нь гарцаагүй юм. Үүнийг л сэтгүүлчийн ур чадвар хэмээн ойлголтод багтаадаг.
Мөн зарим уншигчийн хувьд энэ сурвалжлагаас цус үнэртэж байгаа ч “Үхэж амжаагүй зээрийн хүзүүг нужигнатал нь хуга дараад машиныхаа тэвш лүү шидэлнэ... Амьдаараа гэдсээ хүү татуулж толгойгоо тасдуулан унах цагаан зээр”,  “Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж. Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага шиг сэг болтлоо буудуулсан цагаан зээр хөндий талаар дүүрсэн гэлтэй.” гэх мэтээр цагаан зээрийг цусан мөр таттал нь хядаж байгааг нэгдүгээр хэсэгт гурван удаа, хоёрдугаар хэсэгт зургаан удаа, гуравдугаар хэсэгт хоёр удаа буюу нийт арван нэгэн удаа дүрсэлж оруулсан нь уншигчдад бодит үнэнийг ойлгуулах зорилготой.
Ийнхүү сэтгүүлч үйл явдалд биеэр оролцож,  ажиглагч, гэрч болсны үндсэн дээр  тухайн цаг мөчийн онцлог шинжийг нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал дүрслэн үзүүлдэг, түүний гэрч, оролцогчдын сэтгэгдэл, санал бодол болон өөрийн ажиглалтад тулгуурлан бичдэг сурвалжлага хэмээх төрлийг сонгон авсан нь нүдээ олж, Хялганат талыг донсолгосон их хядлага нүдэнд үзэгдэж, буун дуу чихэнд сонсогдож байна.  Сурвалжлага бол нэг ёсны эрэл юм. Зохиогчийн ч, уншигчийн ч хувьд ийм юм.
Монгол орны ан амьтныг хамгаалах чиглэлээр бичсэн энэхүү цуврал сурвалжлага  цаг хугацааны дарааллыг хадгалан бичдэг нийтлэлийн бүтцийг сонгон өгүүлжээ. Сурвалжлагын зохиомж нь гол төлөв үйл явдал болж өнгөрсөн дэс дараалалтай тохирч байдаг ба олон хоногийн эрлийн дүнг ийм бүтцээр өгөх нь уншигчдад цэгцтэй ойлголт өгөхөд дөхөм болжээ.
 “Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд амар амгалангийн орон гэлтэй.  Бүх зүйлс амар амгалан ч цагаан зээр аль нэг газар хядуулж байгаа даа гэж бодогдох нь хэцүү” хэмээх сэтгэлээ чилээсэн зохиогчийн бодол  нь сэтгүүлч уран бүтээлдээ зүрх сэтгэлээ хэрхэн шингээн туурвидаг болохыг харж болохоор байна. Нөгөө талаас сэтгүүлч үйл явдал болж байгаа газарт биеэрээ байх, нүдээрээ үзэх нь хангалттай биш. Харин үйл явдалд идэвхтэй оролцож байж уншигчдыг байлдан дагуулах чадалтай, амьд, сонирхолтой сурвалжлагыг бичиж чаддагийн жишээ болно.  
Нийтлэл багагүй хүч хөдөлмөрөөр бүтдэг. Хөндсөн сэдэв, хийсэн сурвалжлага олон нийтэд хүргэж, дамжуулаад орхилгүй үр дүнд хүргэхийг “Өдрийн сонин” чухалчилдаг байна. Энэ дагуу дээрх нийтлэлийн дараахан бусад хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа мэдээ­лэл өгөхөөр БОНХАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Амьтны эрх хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн албан тушаалтнуудын үг, цагдаагийн мэдээлэл, төрийн албаны тайлан мэдээллүүдээс үзвэл цагаан зээрийг ийнхүү хууль бусаар агнадаг явдал олон жилийн өмнөөс газар авсныг холбогдох хүмүүс нь мэддэг, үүнийг таслан зогсоох талаар юу ч  хийгээгүй байсан нь харагддаг.  Тухайлбал, МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамханд Цагаан зээрийн хууль бус ан олон жил үргэлжилсэн. Ган гачиг, зуд турхан, халдварт өвчин зэргээс үүдэн тоо толгой нь эрс багассан учраас үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглочихсон. Харин ахуйн зориулалтаар цөөн тооны зээр агнах зөвшөөрлийг харьяа яамнаас олгож байна. МХЕГ-аас хууль ангийн шалгалтыг жил бүр хийдэг гэжээ. Эндээс үзвэл хууль бусаар агнадгийг олон жилийн өмнөөс мэддэг ч дорвитой арга хэмжээ авч байгаагүй гэдгийг баталж болох ба тэр бүү хэл Сурвалжлагаас харж байхад цагаан зээр бүхий бүс нутагт өвлийн эхэн үед хяналт шалгалтаа идэвхжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өчигдөр Сүхбаатар аймгийн төвөөс 20 орчим км зайд 50 гаруй цагаан зээр хууль бусаар агнасан байхыг илрүүллээ. гэж хэлснээс нь үзвэл ажлаа ч яаж хийхээ мэдэлгүй өдий хүрчээ.  
Мөн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч хошууч Д.Баярсүрэн "Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ан агнуурын хууль тогтоомжийг зөрчсөн  140 гаруй далд гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин цагаан зээрийн хууль бус ангийн хэрэг бүртгэгдээгүй. Зүүн гурван аймгуудад орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж байгаа” гэжээ. Зуу зуугаар нь хядаж байгаа зээрийн нэг ч хэрэг цагаад бүртгэгдээгүй гэхээр үнэхээр хачирхалтай санагдана. Тэд өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж чадалгүй тэр өдрийг хүргэжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Харин энэхүү нийтлэлийн дараа л ЦЕГ-аас энэ хэргийн араас мөрдөж эхэлсэн бол МХЕГ-ын дарга зүүн гурван аймагт хяналт шалгалтаа сайжруулж, шалган нэвтрүүлэх цэг байгуулахыг аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд үүрэгдэж, зүүн гурван аймагт ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагч нарт тусгай үүрэг өгчээ.
Сэтгүүл зүй арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй болохын илрэл энэ бөгөөд “Балдорж” шагнал нүдээ олсныг энэ баримт харуулна. Нэг өдрийн дотор, нэг сарын дотор бүх зүйл эмхэндээ орж цэгцрэхгүй ч хэчнээн мянгаар тоологдох зээрийн бүлээн амийг аварсан нь харин үнэн билээ. Сэтгэл оюунаа чилээж, ур ухаанаа дайчлан байж бичсэн сэтгүүлчийн нийтлэл ийн үр дүнд хүрчээ.
            Сурвалжлага олонд хүрч, үр дүнгээ өгсөн нь бодитой зүйл. Гэвч өсөж яваа залуу сэтгүүлчид хожмын бүтээлүүдэд нь тус болохуйц хоёр үг хэлэх нь илүүц биш байх хэмээн найдна.  Нийтлэл эхнээсээ уншигчийг татаж, сонирхол төрүүлэх авч сүүл хэсэгтээ санаа, баримт давхцаж нуршсан хэсгүүд харагдана. Жишээлбэл, “Уул уурхайн компаниуд, цэрэг, хорих ангийнхан цагаан зээр хядсан хэвээрээ байгаа гэв” дэд гарчигт өгүүлэгдсэн санаа “Хорих, цэргийн анги, заставын складанд зээрийн мах тэвхийтэл хураачихсан байгаа” гарчиг дорх агуулгатай утгын хувьд адилхан байна.  Үүний оронд өгүүлэгдээгүй шинэ баримтыг дээд хэсэгт шингээсэн бол зүгээр байв. Үүнийг Монголын ХМХ-үүд цөөн хүний хүчээр их ажил хийлгэдэг учир сэтгүүлчийн ажлын норм, ачаалал их, сэтгүүлчийн шуурхай ажиллагаа зэрэгтэй холбон цайруулж болох талтай.
           Мөн сурвалжлагч албаны хүмүүстэй уулзаж ярилцаагүй учир эх сурвалжийн тэнцвэрт байдал алдагдсан байна. Эх сурвалжийн түвшинг тэнцвэртэй барихын тулд уг асуудалд мэргэжилтний, сонирхлын болон үр дагавар хүртэгсдийн төлөөллөөс үг сонссон бол сурвалжлага илүү болох байв. Нийтлэлийн эхний хэсэгт “Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт аравдугаар сараас арванхоёрдугаар сарын нэгнийг хүртэл хоёр сарын хугацаатай цагаан зээрийн хууль бус антай тэмцэх аян эхлүүлсэн байна. Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан хамтраад хөдөө орон нутгаар явсан гэх мэдээлэл байна. Цагаан зээр агнаад баригдсан 70 гарсан өвгөнөөс эхлээд хэд хэдэн хүнд торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг нутгийн иргэд ярьж байв. Гэхдээ хууль хяналтынхан хоногийнхоо хоолыг залгуулахын төлөө хоёр зээр унагачихсан хэдэн хүнд л арга хэмжээ авсан байх юм. Харин үй олноор нь хүйс тэмтэрч байгаа нэг ч хүнийг барьж чадаагүй гэнэ” гэсэн тодорхой эх сурвалжгүй, дам ярианы шинжтэй зүйл дээр дүгнэлт өгөн бичжээ. Өнөөгийн манай сэтгүүл зүйд түгээмэл оршин байгаа олсон мэдээллээ өөр эх сурвалжаар баталгаажуулдаггүйн жишээ энэ нийтлэлд бас ажиглагдаж байна. Хоёр байгууллага хамтарч шалгалт хийгээд иймхэн үр дүнтэй байсан гэхэд эргэлэзх хүмүүс олон гарна.
Мөн нийтлэлийн төгсгөл хэсэгт “БОНХЯ-ны мэргэжилтнүүд цагаан зээр хоол хүнсэндээ хэрэглэж байсан уул уурхайн хэд хэдэн кампанийг илрүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд машиндаа 15 зээр агнаж явсан Дорнод аймгийн иргэн Б-д 15 сая төгрөгийн торгууль тавьжээ”, “Өнгөрсөн аравдугаар сард манай улсын иргэд Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Зүүн хатавчийн боомтоор хууль бусаар их хэмжээний зээрийн эвэр гаргаж байгаад баригдсан. Хятадын хилчдэд Монголын хилээр орж ирсэн хүнд даацын магинд шалгалт хийхэд 1.43 тонн цагаан зээрийн эвэр гарч ирсэн байна зэрэг баримтуудын эх сурвалж нь мөн л бүрхэг юм. Аливаа мэдээллийн зайлшгүй байх үндсэн мөн чанар нь бодит үнэн байдал. Үүнийг зөвхөн баримтууд биш эх сурвалж тодорхойлж чаддаг. Учир нь баримт хэчнээн бодитой байлаа ч үйл явдал, үзэгдлийн тухай бүрэн төгс үзүүлж, хангалттай мэдээлэл өгч чадахгүй. Үүнийг сэтгүүлч хойшид бодолцох нь зүй юм.
            Дахин нэг анхаарах зүйл бол сэтгүүлч хэтэрхий нэг талыг барьж зүүн гурван аймгийн иргэд бүгд зээрийг хөнөөхийг хүсдэг мэтээр өгүүлсэн нь мэдээллийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ. Сэтгүүлчид нэрээ нууцлан мэдээлэл өгсөн Дарьганга сумын малчинтай адил  үзэл бодолтой, зээрийн сүргийг өмгөөлөх чинхүү хүсэлтэй хүн ч бас цөөнгүй байж болохыг сэтгүүлч бодоогүй мэт санагдлаа.
Нийтлэлийн гарчиг эх бичвэрийн агуулгатай зөрчилдсөн логик алдаатай байна. Эх бичвэрт нийслэл хот, Өмнөговь зэрэг бусад аймгуудаас ч хүмүүс ирж зээрийг агнаж байгаа талаар өгүүлжээ.  Жишээлбэл, “Дорнодын мэнэрсэн шаргал талд бид цагаан зээрийн мах хот руу оруулж худалдаалдаг сүлжээний эзэдтэй тааралдлаа. Битүү тэвштэй урт ачааны машин, бага оврын “жийп” уначихсан явж байв. Тэдэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Өөрсдийгөө хотоос явж байгаа гэж танилцуулав” гэх маягийн баримтууд хэд хэд бий.  
Мөн зээр хядаж байна гэж хичнээн дахин  өгүүлж байвч үүнээс үүсч болох сөрөг үр дагаврыг төдийлөн авч үзээгүй. Мөн цагаан зээр нь байгаль экологид ямар ашиг тустай, яагаад тэднийг хайрлан хамгаалах ёстойг хэлсэнгүй. Зээр ямар ч хор нөлөөгүй амьтан гэдгийг “Бурхан энэ дэлхий дээр ямар ч гам зэмгүй амьдардаг амьтаныг бий болгохоор олон сар жил бодсон гэнэ. Тэгж тэгж цагаан зээрийг ямар ч гэм зэмгүй бусдад хор хөнөөлгүй амьтан болгож бүтээсэн гэдэг. Цагаан зээр хоёр өвс тааралдвал нэгийг нь нэг өвс тааралдвал талын нь идчихээд явдаг гэм зэмгүй амьтан” хэмээн домог яриагаар жишээ татан батлахыг оролджээ. Үүний оронд шинжлэх ухааны үндэслэлтэй баримтыг дурьдсан бол илүү бүтээлч болох байв. Тухайлбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн онгон дагшин газрын экосистемийг тэнцвэртэй хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болох тухай, үргэлж нүүдэллэж амьдардаг учраас туурайгаараа хялганы үр тараадаг болох тухай, зээр газрын чийг, шороог  тэнцвэржүүлдэг учир цөлжсөн газар эерэг нөлөөтэй байдаг гэхчилэн өгүүлсэн бол илүү өгөөж нь илүү байна. Мөн цагаан зээр шүлхий өвчин тусдаг ч тараадаг биш болохыг Дэлхийн амьтдын эрүүл мэндийн холбоо мэдэгдсэн тухай ч хэлж болно.  
 Нийтлэл бүхэлдээ албаны сүржин үгээр биш энгийн найруулгаар буусан ч   Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага шиг сэг болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй.”, Та төрийн байгууллага цагаан зээрийн мах иддэг гэж байна.”, “Бид буусан айлаасаа хөдлөөд баруун энгэр дээр гартал өглөөний чоно авлахаар ирсэн хоёр “Жийп”-тэй залуус зээр элдэж байлаа.”,   “Тэвш дүүрэн амьд байхдаа гэдсээ хүү татуулан толгой, дөрвөн шийрээ тасдуулсан зээрээр дүүрчээ.” зэрэг ярианы болхи найруулга мэр сэр үзэгдэнэ.
            Дээр дурдсан дульхан хэсгүүд мэдээж энэ нийтлэлийн нийгэмд үзүүлсэн үр нөлөөний хувьд жижиг зүйл. Тэгээд ч сэтгүүлчийнхээ бүтээлийг хянан үздэг харьяалагддаг албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, редакторын үүрэг төдийлөн харагдсангүй.  Өмнөх үед залуу сэтгүүлчдээ зааж сургадаг, чиглүүлэх ажлыг ахмад туршлагатай сэтгүүлчид төвөгшөөхгүй хийж, үүргээ гэж үздэг байсан бол өнөөдөр энэ уламжлал үгүй болсныг сэргээх цаг болсныг онцлон дурьдмаар байна.
Эцэст нь тэмдэглэхэд, сэтгүүлч Э.Хүрэлбаатараас мэргэжлийн сэтгүүлчийн амьд, бүтээлч шинж чанар ханхийж байна.  Тэрээр сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагналын долоо дахь жилийн шилдэгийг шилдэгээр шалгарсан “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатар  10 гаруй жил сэтгүүлчээр ажиллахдаа Монгол орныхоо бүх л аймаг, сумдаар явж нийгмийг тэр чигт нь донсолгож байсан олон халуун үйл явдлыг цаг алдалгүй газар дээрээс нь сурвалжлан хүргэж байсан юм.
 Хөвчийн харыг хаа таарсан газар нь өчиггүй бууд”,  “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэж урссаар ОХУ-ын хил давжээ”, “Дэлгэр суманд алт гарч газар газрын нинжа нар цуглажээ” сурвалжлага, мөн Өмнөговь аймагт согтуу залуу машин унаж яваад айлын гэр дайрч дөрвөн хүний аминд хүрсэн тухай, дархан цаазат Хустайн нуруунд хууль бусаар арван гурван буга агнасан тухай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас палеонтологийн хосгүй үнэт олдворын хулгайчдын сүлжээг илрүүлсэн тухай, гурван сая дахь иргэний тухай болон арван жилийн гурван хүү төрийн цагдааг буудаж амь насыг нь хороосноос Булан суманд зарласан онц байдлын тухай гэхчилэн олон даацтай, уншууртай сурвалжлага бэлтгэсэн юм.  Эдгээр сэтгүүлчийн хөдөлмөр, ур ухаан шингэсэн, нийтэд хүрсэн олон бүтээлүүд, өнөөдрийн шүүмжийн чичрэх ч үгүй бууны ам, чилмэрэх ч үгүй анчны сэтгэлийг харуулсан “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал сурвалжлага Энхбаатарын Хүрэлбаатарыг энэ цагийн сурвалжлагын шилдэг төлөөллүүдийн нэг мөн болохыг түвэггүй батална буй за. Түүнийг “Балдорж” ийн тунхаглаж чадсанд энэ шагналын үнэ цэнэ оршино.
Сэтгүүл зүйн шилдэг дээд бүтээлд олгодог  босго өндөртэй, хатуу шалгууртай энэ шагнал “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээл төдийгүй түүний өмнө нь хийсэн олон томилолтуудад ч мөн хамаарах нь эргэлзээгүй.   
Сүүлийн үед мэдээлэл цуглуулах, олж авах арга, боломж нэмэгдсэнээс цонхоороо амьдралыг харж, уран үгс хэлхдэг сэтгүүлчид олон болжээ. Ийм цагт замын унаанд дайгдан хөдөө гадаа томилолт өвөртлөн, эхлэл төгсгөл нь мэдрэгдэхгүй байгаа сургийг уйгагүй эрэл сурлаар нийтлэл болгон босгохоор явдаг залуугийн хөдөлмөр  бусдад үлгэр болохоор байна.  Сэтгүүл зүйд сэтгэлээ зориулах залуус ийм байгаасай. Ингэж ч боддог учраас сэтгүүл зүйн багш нар тэдний араас  Монголын сэтгүүл зүйг залгамжлах оюутан залууст “Балдорж”-ийн шагналт нийтлэлүүдийг Сэтгүүлчийн ур чадвар, Практик сэтгүүл зүйг зэрэг хичээлийн хүрээнд уншуулж, судлуулдаг юм. Монголын сэтгүүл зүйд домог болсон, сургалтын өргөн хэрэглэгдэхүүн болдог Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” зэрэг шилдэг бүтээлийн жагсаалтын орчин цагт “Балдорж” шагналтнуудын бүтээл шинэчилж байна. Энэ бол тус шагналын бас нэгэн үр шим.
Мөн манай тэнхмийн хамт олон “Балдорж” шагналаас суралцаж сэтгүүл зүйгээр суралцдаг нийт оюутнуудын дунд Сэтгүүл зүйн оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулаад байна. Энэ наадамд оролцдог, бүтээл нь шалгарсан, мэргэжилдээ хайртай, салбартаа хэлэх үг, явах орон зай байгаа гэдгээ мэдсэн тэр залуучууд “Балдорж” шагналын дараагийн эзэд байх болно.  Үүний баталгаа бол “Алтан үзэг”-ийн анхны Шилдэгийн шилдэг шагналын эзэн болсон Ж.Тэгшжаргал энэ наадмын Гран приг авсан явдал билээ.

Жилээс жилд улам өргөжиж байгаа “Балдорж” шагнал сэтгүүл зүйд ямар шинэ төрөл гарч, хандлага аль зүг руу явж байгаа, ямар шинэ сэтгүүлч төрөн гарч байгааг харах боломж өгдөг. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн шилдгийг шалгаруулахаас илүү Монголын сэтгүүл зүйд шинэ жишиг, шалгуур тогтоодог том арга хэмжээ болжээ.