Wednesday, October 23, 2013

Дэлхийн эрдэмтэд хамтран ажиллахын илүүд үзэж байна

2013 оны 06 дугаар сар
Өөрийгөө удирдан зохицуулдаг институт буюу олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны байгууллагууд бий болж байна.  Шинжлэх ухааны энэхүү хэлбэр нь ихэнхдээ төрийн захиргааны байгууллагын хяналтаас гадуур хүрээгээ тэлж, улс орнуудын хоорондох судалгааны хамтын ажиллагаагаар дамжин глобалчлагдаж байна.
Шинжлэх ухааны судалгааны бүтээл, ном хэвлэлүүдэд дэлхийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа хурдацтай нэмэгдэж байгааг онцолжээ. 2011 оны 3 сард Эзэн Хааны Нийгэмлэгийн Мэдлэг, Сүлжээ, Үндэстэн  өгүүлэлд тэмдэглэснээр 15 жилийн өмнө олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бүх нийтлэлүүдийн дөрөвний нэг орчим нь олон улсын хамтын бүтээлүүд байсан бол өдгөө гуравны нэгээс илүү нь байна. Хэдийгээр харилцаа холбооны технологи үүнд нөлөөлсөн боловч дийлэнхдээ хамтын ажиллагааны үндсэн хөдөлгөгч хүч нь мэргэжил нэгтнүүдээсээ хамгийн шилдэгтэй нь хамтран ажиллахыг зорьсон эрдэмтэд байна гэж Эзэн Хааны Нийгэмлэг үзэж байна. Хамтын ажиллагаанд ихэнхдээ  хувь хүний хүсэл сонирхол нөлөөлдөг.
Түүнчлэн шинийг сэдэх шинжлэх ухааны таатай нөхцөлүүд нь заавал үндэсний нийгэм-улс төрийн онцлог, тухайлбал чөлөөт ардчилсан, нээлттэй нийгэмд илүү бүрддэг ажээ.
Дэлхийн шинжлэх ухааны төлөв. Эрчимтэй глобалчлагдаж буй дэлхий дээр олон засгийн газар шинжлэх ухаан, шинэ санаачлага үндэсний өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой хэмээн мэдлэгийн эдийн засгийн хөгжилд гол анхаарал хандуулж ирсэн. Энэ ч үүднээс олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа нээлттэй үр дүн, түрүү үеийн, тухайлбалг арван долоо, арван наймдугаар зууны Европ дахь мэргэжил нэгтнүүдийн дүгнэлт дээр үндэслэж универсал мэдлэг, чөлөөт шинжлэх ухаан гэсэн  хэлбэртэй болж байнаТиймээс дэлхийн шинжлэх ухаан, ялангуяа Баруунд өнгөрсөн зууны дунд үеэс хойш эрчимжиж ирсэн засгийн газрын үндэсний үзлийн хэлбэрээр тодорхойлогдож ирэв (цэрэг, эдийн засгийн өрсөлдөх чадвар гэх мэт үндэсний бодлогын үүднээс шинжлэх ухааныг бэхжүүлж, эрчимтэй зохицуулж, илтээр санхүүжүүлдэг). Дэлхийн Хоёрдугаар дайнаас өмнөх 100 гаруй жилд Европын эзэнт гүрнүүд анагаах ухаан, цэрэг зэвсэг, шинээр эзэлсэн газар нутагтаа засаг захиргааны дэвшилтэд зохион байгуулалтыг хийхдээ шинжлэх ухааныг ашиглаж байв.
 “Колонийн шинжлэх ухааны энэхүү эртний дэд бүтэц нь колонийн өрсөлдөөнийг харуулдаг төдийгүй засгийн газраас удирддаг, өрсөлдөөн бүхий дэлхийн шинжлэх ухааны эхлэлийг тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын засгийн газруудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн юм. 1945 оноос хойш их шинжлэх ухаан гэгддэг байсан сансар огторгуй, цэрэг зэвсгийн судалгаанд зориулан физикийн шинжлэх ухаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ажээ.  
1950-иад онд Европын Партиклийн Физикийн Лабораторийг (CERN) Женевт байгуулсан нь Европын засгийн газруудын хамтын ажиллагааны эхэн үеийн жишээ юм. 1974 онд байгуулагдсан Европын Шинжлэх Ухааны Сан үүнийг өргөжүүлж, харин глобал шинжлэх ухааны хөтөлбөр эхэлсэн нь ЮНЕСКО юм.
Хувийн бизнесийн салбар ч мөн адил их шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Үндэстэн дамнасан корпорациуд, ялангуяа биотехнологи, эмийн компаниуд олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг ивээн тэтгэж байсан юм. Гэхдээ ийм хамтын ажиллагаа нь бүрэн нээлттэй бус, оюуны өмчийн зохицуулалтын хэлбэрээр хамгаалагдаж, арилжааны талыг эрхэмлэдэгээрээ онцлог. Мөн сүүлийн 20 гаруй жилд их сургууль, олон нийтийн сайн сайхны төлөө бүтээлээ зориулах ашгийн бус этгээдүүдийн глобал хамтын ажиллагаа үлэмж хүрээгээ тэлсэн.
Түүнчлэн шинжлэх ухаанд нээлттэй эх үүсвэр хөгжиж эхэлжээ. Харвард гэх мэтийн их сургууль, судалгааны байгууллагууд судалгааны өгүүллүүдээ цахим хуудсандаа үнэгүй тавих нь түгээмэл болсон учир шалтгаанаа хамтын ажиллагааны шинэ горимыг дэмжих ажиллагаа хэмээн тайлбарлаж байна. Эндээс өмнө үед үүссэн нийтийн сайн сайхны төлөөх шинжлэх ухааны санааг харж болно. Энэ нь энэрэнгүй үзлээрээ онцлог бус харин үндэсний хил хязгаараас давж хамтран ажилласан үед хамгийн сайн, шинэ санаачлага гардаг гэж эрдэмтэд итгэдэг. Мөн төрөөс удирдаагүй, дэлхий нийтийн сонирхолд хөтлөгдсөн энэ хандлага тэдний шинжлэх ухааны хувийн хүсэл сонирхолд хамгийн зөв нөлөөлдөг гэдэг санаагаараа онцлог. Үүнд  харилцаа холбооны технологид гарсан сүүлийн үеийн дэвшил ихээхэн нөлөөлж байна. Энэ нь ихэнх судлаачдын хувьд шинжлэх ухааны үндэсний үзлээс дэлхий нийтийн сүлжээтэй, илүү хувь хүнд суурилсан шинжлэх ухааны хүчирхэг бааз суурь руу шилжих алхам хийж буйгаараа онцлог.
Шинжлэх ухаан сүлжээ болох нь. Шинжлэх ухааны норматив систем нь цаг хугацаа орон зайг дамжин өөрийгөө зохицуулдаг, хамтран ажилладагаараа онцлог. Үүнийг сүлжээ гэсэн ухагдахуунаар нэрлэж болох бөгөөд эдгээр нь засгийн газрын хяналтаас гадуур юм. Өнөөгийн глобалчлалын эринд шинжлэх ухаан дангаараа ийм шинж чанарыг агуулдаггүй. Дэвшилтэт харилцаа холбооны технологид суурилж дэлхийн өнцөг булан бүрт буй өөр хоорондоо холбоотой олон сүлжээнүүдийн эргэн тойронд дэлхий өөрийгөө шинээр бүтээж байгаа болохоор үүнийг нийгмийн зохицуулалтын нийтлэг хэлбэрийн хөгжил гэж ойлгож болно. Сүлжээ гэдэг нь харилцан ашигтайгаар хамтран ажиллах, тухайлбал, зах зээл дээр бараа материал солилцох, санаа бодлоо солилцох, нэг хэлтэй байх гэх мэт боломжтой байдлаар бие биетэйгээ холбогдсон өөр хоорондоо холбоотой бүлэг хүмүүс юм. Стандарт, нормууд нь тэрхүү сүлжээ хэрхэн ажилууллах арга замыг тодорхойлдог.
Дэлхийн шинжлэх ухааныг нийгмийн сүлжээ гэж үзэж болно. Энэ нь түүний явах чиглэлийг төвөөс буюу засгийн газраас төлөвлөдөггүй, харин эрдэмтдийн бие биеэсээ хамааралтай, олон норматив шийдвэрүүдийн үр дүн юм.
Нийгмийн сүлжээний ойлголт нь хувь хүмүүс бусадтай хамтран ажиллах хэлбэрүүдийг эрэлхийлж, хамтран ажиллах тухай бөгөөд үүнийг тодорхой стандарт дээр тулгуурладаг. Стандарт байхгүй бол харилцаа байхгүй юм. Гишүүнчлэлийн ба зохицуулах стандартууд бий. Сүлжээнд нэгдэхийн тулд сүлжээнд ажиллахад заавал шаардлагатай биш байсан ч тэдгээр стандартуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Жишээ нь, шинжлэх ухааны байгууллагууд өргөдөл гаргагчдаас хамгийн олон иш татсан тодорхой ном хэвлэлүүдийг шаарддаг. Гэхдээ ихэнхдээ дээрх хоёр төрлийн стандартыг хооронд нь ялгахад амар биш. Жишээ нь, сүлжээний гишүүн болохын зэрэгцээ эрдэмтнээр ажиллах чадвартай байх шаардлагатай байдаг. Тэгэхээр шинжлэх ухааны хэм хэмжээ нь гишүүнчлэл болон зохицуулагч стандартын аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг. Гол түлхүүр нь сүлжээнд нэвтрэхийг гол зорилгоо гэж харан, сүлжээний стандартыг хүлээн зөвшөөрөх нь сүлжээтэй зохицох, сүлжээнд нэгдэх боломжийг  олгож байна гэж харах явдал юм. Энэ утгаараа гишүүнчлэлийн болон зохицуулагч стандартын аль аль нь сүлжээнд ач холбогдолтой.
Өнөөгийн глобалчлалын эрин үед ялангуяа зарим сүлжээнүүд бусдаасаа илүү байдаг нь тэдгээрийн стандарт илүү өндөр түвшинд байгаа гэсэн үг юм. Ийм тохиолдолд хэрэв сүлжээнд нэвтрэхийг хүсч байвал тэрхүү сүлжээний стандартыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй. Хүмүүс тухайн сүлжээний стандарт өөрт нь ашигтай гэдэгт итгэж байгаагаас үл хамааран  хүчирхэг сүлжээнд нэгдэхийг хичээдэг. Тэд тухайн сүлжээний гишүүн болсон бусад хүмүүсээс шалтгаалж сүлжээнд нэгддэг. Ийн дотоод шалтгаанаас гэхээсээ илүү гадаад шалтгаанаар нэгддэг байна.
Хэдийгээр стандартын ойлголтыг хэм хэмжээнээс илүү албан ёсны хэв загвар гэдгээр нь онцолдог боловч энд стандартыг илүү өргөн хүрээнд, албан ёсны шатлан захирах ёс байхгүй үед бие даасан хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэлийг зохицуулдаг зан байдлын хэм хэмжээ хэмээн үзнэ. Энэ утгаараа нийгмийн харилцааны асуудал болж байгаа юм. Албан ёсны шатлан захирах ёс байхгүй үед хүмүүст бие биетэйгээ харилцах боломж олгоход тэдгээр нь нэн шаардлагатай. Ийм стандарт байхгүй бол сүлжээ буюу харилцаа байхгүй.
Зарим хэм хэмжээ, стандарт, хэв загвар дэлхий даяар хүчирхэгжиж байна.  Зарим  тохиолдолд тэдгээр нь өрсөлдөгч сүлжээнүүд болон норматив стандартуудыг давж амжилтад хүрдэг. Үүний жишээ нь, одоогийн нягтлан бодох бүртгэлийн стандартууд, хорьдугаар зууны эхний хагаст мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг зохицуулах хэрэгсэл болсон Алтны стандарт, дээд боловсролд нео-либералчлалтай холбоотой олон туршлагууд болон Хэвлэлийн шинэ менежмент.
Стандарт болон түүнтэй төстэй норматив тогтолцоонууд сүүлийн арав гаруй жилд технологийн болон харилцаа холбооны шаардлагын улмаас дэлхий нийтийн нийгмийн хамтын ажиллагааг бий болгоход тусалж байна. Нэг сүлжээ олон хэрэглэгчидтэй болох тусам түүнд элсэхийг  хүсэгчид олширдог байна.
Социологич Роберт Мертон (1942/1996) шинжлэх ухааныг нийгмийн институт гэдгээр нь судалсан анхны эрдэмтдийн нэг гэдгээрээ алдартай. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, хуримтлагдсан мэдлэг багтах боловч түүнээс ч илүү харилцан үйлчилж буй хувь хүмүүс, хэм хэмжээ стандартыг тогтоож буй сүлжээ чухал. Эдгээр хэм хэмжээ нь юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүйг тогтоосон зарчим болон ямар үйлдэл сайн, аль нь шаардлагагүйг нь тодорхойлсон дүрэм юм. Эрдэмтэд зөв зан байдлын талаар тохиролцсон үзэл бодол бүхий ёс суртахуунтай нийгмийг байгуулдаг.
Хувь хүний эрх чөлөө, институтын бие даасан байдал, шинжлэх ухааны нөхцөл болон либерал ардчилалын гол үнэт зүйлийн системийг бүрдүүлдэг олон ургалч, өөрөө өөрийгөө зохицуулах системийн бусад хэлбэр нь өндөр чанартай шинжлэх ухааны бүтээлийг бүтээх үүрэгтэй.
Зах зээл болон төрийн аль аль нь хэтэрхий төвөгтэй, зааварласан шинжтэй болбол өөрөө өөрийгөө зохицуулах төгс системд заналхийлж болзошгүй. Арилжааны зорилготой оюуны өмч-ийн үүрэг энд нилээд хязгаарлагдмал юм. Эргэлзээгүй дэлхийн шинжлэх ухаан дэлхий даяарх эрдэмтдийн нийгмийн зохицуулалтыг хэрэгжүүлдэг түгээмэл иж бүрэн стандартад үндэслэдэг. Эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх явцдаа шинжлэх ухааны стандарт, түүнтэй  холбоотой глобалчлагдаж буй дүрэм журмыг дагаж, явцдаа түүнийг улам сайжруулан  өөрчилдөг.
Шинжлэх ухаан засаглалаас  илүү нийгмийн харилцаа болох нь.  Улс үндэстэний ард ихэнхдээ дэлхийн шинжлэх ухаан байдаг. Дээд боловсолын салбарын глобал их сургуулийн зэрэглэл, сургалтын нэр хүнд гэх мэт ангилал нь дээд боловсрол дахь уламжлалт судалгааны байр суурийг хадгалж, баталгаажуулж байна.
Тиймээс шинжлэх ухааны бүрэн эрхийг эрдэмтдийн хамтын, өөрийгөө удирддаг нийгэмлэг тодорхойлдог. Хамгийн үр дүнтэй бөгөөд амжилттай ажиллах шинжлэх ухааны байгууллагыг байгуулахын тулд мэргэжлийн сайн стандарт гаргаж өгдөг.
Удаан хугацаанд хамт ажиллаж буй хүмүүсээс илүү мэргэжил нэгтэй боловч, бие биеэ огт танихгүй хүмүүсийн хамтран ажиллаж буй сүлжээ хамгийн ихээр шинэ санаачлага гаргадаг байна. Интернетээр дамжуулан тогтоосон сулхан холбоо харилцаа шинэ, илүү задгай мэдлэгийг авчирдаг.  
Гэхдээ харилцаа холбоо сул сүлжээнд ч шинжлэх ухааны нийгмийн үнэт зүйлийг баримтлах гэх мэт  гэх мэт зөв хандлагыг баримтлах шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь ойр дотно нийгмийн харилцаанаас илүү мэргэжлийн харилцаан дээр үндэслэсэн  итгэлцэл юм. Харилцаа нь яриа, хэлэлцүүлэг хийх ажилд суурилсан байдаг. Сүлжээ нь сайн дурын хамтын үйл ажиллагаа юм.
Дэлхийн шинжлэх ухаан нь тодорхой төсөл буюу хэд хэдэн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний бүтээмжид анхаарал хандуулсан, харьцангуй чөлөөтэй, харилцаа холбоо сул, алсын зайнаас технологийн тусламжтайгаар харилцдаг судлаачдын хамтын ажиллагаагаар тодорхойлогдож байна.
Олон төрлийн хүчирхэг загварууд заримдаа бодлогын зорилтод сөргөөр нөлөөлөх тохиолдол гардаг. Хэвлэлийн шинэ менежмент болон арилжааны  байгууллагууд судалгааг бизнесээ өргөжүүлэх зорилгоор ашигладаг.  Гэвч тэдний судалгаа төдий л алсын хараатай байж чаддаггүй бөгөөд эрдэмтдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж байдаг. Гэтэл эрдэмтдийн хүсэл сонирхол, авьяас чадвар, бүтээлч байдал нь  өндөр чанар бүхий шинэчлэлийг бий болгож байдаг. Ялангуяа тэд олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилласан тохиолдолд илүү бүтээлч байдаг ажээ.
Хятад улс болон Дорнод Азийн бусад орнуудын байгалийн шинжлэх ухаан болон инженерийн салбарт хийх судалгаа шинжилгээний ажил нэмэгдэж буй нь эдгээр салбар дахь нийгэм-улс төрийн хязгаарлалт арай бага байгаатай холбоотой гэж үзэж байна. Хятад улс сүүлийн арван жилийн хугацаанд судалгаа шинжилгээнд оруулах хөрөнгө оруулалтаа зургаа дахин нэмж, эрдэмтийн тоогоо мөн хоёр дахин нэмэгдүүлжээ. Олон улсын хэмжээнд ишлэл авсан эрдэм шинжилгээний ажлын тоо бага багаар нэмэгдэж байгаа. Хятадын нэг жилд гаргах эрдэм шинжилгээний материал болон цахим тооцоолох чадавхийг АНУ л гүйцэж байна.
Орчин цагт улс орнуудын нийгэм, улс төрийн систем эрдэмтдийг хамтран ажиллахад саад болохгүй байна. Дэлхийн эрдэмтэд шинжлэх ухааны сүлжээгээ өөрсдөө хянаж зохицуулдаг.  Үндэсний улс төрийн нөхцөл байдал болон шинжлэх ухааны судалгаа, хамтын ажиллагааны хоорондын холбоо нь сул байдаг. Улс төрийн систем нь хяналтад байдаг улс орнуудын шинжлэх ухаанд ямар ч зүйл саад учруулахгүй бөгөөд тэдгээр орнуудад ирээдүйтэй, хамгийн сайн их сургууль, хамгийн сайн судалгааны байгууллагууд байдаг.

Улс төрчид улс орны ирээдүйд тустай, үр дүнтэй, зөв замыг  эрж хайхад нөлөө бүхий эрдэмтдийн сүлжээг чиглүүлдэг. Ингэхдээ эрдэмтдийн эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ, өөрийн зохицуулалтыг хязгаарладаггүй юм. Ийм тохиолдолд  тэд шинэ зүйлийг амжилттай сэдэж, бүтээдэг байна. Эрдэмтэн судлаачид өөрийн хил хязгаараар хязгаарлагдахгүй дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллахыг илүүд үзэж байна. 

Friday, May 3, 2013

Ногоон хөгжилд сэтгүүлчдийн өргөх дуу хоолой


Байгаль, экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэргүүлэх салбар болгоход сэтгүүлчид сэтгэл санаагаа чилээн энэ салбар руу нийтлэл, нэвтрүүлгээ чиглүүлж байгааг сайшаах нь зүйтэй. Ийм нийтлэлийн тоонд ”Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Э.Зоригтийн 2012 оны 5 дугаар сард бичиж нийтлүүлсэн “Монгол Улс дэлхийн зүрх болж чадах уу” тэмдэглэлийг дурдаж болно.
Залуу сэтүүлч Э.Зоригтийн ногоон эдийн засгийн талаар “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ-ын тэргүүн, “Эко-Ази” дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэнтэй ярилцсан “Өнөөдөр би ажилдаа нийтийн тээврээр ирсэн”, нарын эрчим хүчний ашиглалтын тухай “Нар дэлхий хоёр”, салхины эрчим хүч ашиглалтын асуудлыг хөндсөн  “Салхитай Монгол” зэрэг ярилцлага, нийтлэлүүдийг  уншиж байв. Эдгээрээс бид “Монгол Улс дэлхийн зүрх болж чадах уу” тэмдэглэлийг илүүтэй сонирхсон тухайгаа дээр дурьдсан билээ.
Э.Зоригт энэхүү нийтлэлдээ эрчим хүчний тогтвортой хөгжлийг хангахын тулд манай орон сэргээгдэх эрчим хүчний байгальд ээлтэй шавхагдашгүй нөөцүүдийг ухаалгаар ашиглаж ирээдүйд Монгол Улс дэлхийн зүрх боломжтой тухай өгүүлжээ.
Чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байдаг Монгол улс  цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг тухай, их ачааллын үед хойд хөршөөсөө эрчим хүч импортолдог гэхчилэнгээр  өөрийн орны эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдлыг эхлэл хэсэгтээ өгүүлсэн бол “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?” дэд гарчиг дор 2008 оноос  хойш дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчийг түлхүү ашиглах болж, нийт эрчим хүчний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан байна. Энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ба Японы Фүкү-шимагийн ослын дараахан  дэлхийн улс орнууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээ илэрхийлж байгаа дэлхий дахины хандлагыг багцлан өгүүлжээ. Ийнхүү дэлхий дахины чиг хандлагыг өгүүлэх нь ач холбогдолтой. Учир нь нийтлэлд аливаа асуудлыг түүхэн талаас нь авч үзэх, дэлхийн тэргүүний орнуудын туршлагыг өгүүлэх нь тухайн юмс үзэгдлийг  хэтийн хандлага, хөгжлийн зөв голдиролыг тогтооход тустай билээ.
“Улстөрждөг ус” удаах дэд гарчигт  манай улс өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний өсөлтөө шийдэхийн тулд их хүчин чадлын усан цахилгаан станцын ажлыг яаравчлах ёстой ч энэ ажил улс төржөөд хэрэгждэггүй тухай асуудлыг олон баримтаар уншигчдад хэлжээ.
Нарын эрчим хүчний ашиглалтын тухай “Нар дэлхий хоёр”, салхины эрчим хүчний талаар  “Салхитай Монгол” гэсэн хоёр нийтлэлд өгүүлсэн санаагаа нэгтгэн нар, салхи түүнээс гадна усны нөөцөө ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг Монгол улсын бодлогын хэмжээнд авч үзэхийг салбарын бодлого боловсруулагчдад зөвлөмж саналыг дээрх нийтлэл дэвшүүлсэн юм.  Үүнийгээ Эрчим хүчний зохицуулах хороо­ны дарга Т.Цэрэнпүрэвийн хэлсэн “Өөрийн улсад тохирсон эрчим хүчний тогтвортой хөгжлийг бий болгохын тулд бид дэлхийн эрчим хүчний чиг хандлага,улс орныхоо бодлого, стратеги, хөгжлийн загвартаа тулгуурлан хэрэгжүүлэх эрчим хүчний шинэ бодлого гаргах хэрэгтэй” гэсэн үгээр бататгажээ.
Монголд сэргээгдэх эрчим хүч ашиглах ямар хэрэгцээ шаардлага байгааг сэтгүүлч дараах санаа, баримтуудаар нотолжээ. Үүнд,
1.    Байгальд ээлтэй, хүн ардын эрүүл мэнд амь насанд аюулгүй байх үүднээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зайлшгүй буюу Фукушимагийн атомын цахилгаан станцаар жишээ болгон нотолсон бол
2.    Нөгөө талаас монгол орны эрчим хүчний хэрэглээ 2020 онд 1128 мВт-д хүрэх төлөвтэй бөгөөд энэ хугацаанд ТЭЦV ашиглалтад орох хэдий ч хурдтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй юм байна.” гэдэг баримтаар харуулсан.
“Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсад томоохон боломж бий бөгөөд сэргээгдэх эрчим хүчний судалгаа, үйлдвэрлэл, ашиглах үйл ажиллагаанд асар их ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол улс Сэргээгдэх эрчим хүчийг 2006-2020 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлаад гаргасныг уншигчид мэдэх буй за.
Төр нь ийнхүү бодлогоо тодорхойлсон үед нүүрс түлдэг, эсвэл Орос улсаас экспортоор эрчим хүчээ аваад сууж байгаа Монгол оронд  нар, салхи, ус гэсэн эрчим хүчний шавхагдашгүй нөөцөө нэн даруй ажил хэрэг болгох боломж байна гэж салбарынханд төдийгүй олон нийтэд сануулан хэлснээр энэ нийтлэлийн ач холбогдол тодорхойлогдоно.  Жилийн 230-260 хоногт нь нартай байдаг, Монголын хээр болон цөлөрхөг хээрийн бүсэд салхи ихтэй байдаг гэдэг статистик баримтууд эрчим хүчний шавхагдашгүй их нөөц бий гэдгийг харуулдаг.
Сэтгүүлч нийтлэлдээ Эрчим хүчний зохицуулах хороо­ны дарга Т.Цэрэнпүрэв, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт зэрэг албаны эх сурвалжуудыг ашиглаж мэдээллээ илүү үнэ цэнтэй болгосноос гадна баялаг мэдээлэл, судалгаа ашиглажээ. Монголын  эрчим хүчний асар их нөөцийг графикаас харуулсан байна.  Одоо хэрэгжиж буй “Ньюком” группын 50 мВт-ын анхны “Салхит” салхин станц, 2000 оноос хойш хэрэгжсэн “100.000 нарны гэрэл” төсөл зэргийг жишээгээр дурьдаж бизнес эрхлэгчид мөн санаа оноо өгчээ.  

Энэ салбарт ашиг өгөх “Монголын эрчим хүчний салбарыг бизнес гэж үзээд гаднын болоод дотоодын хувийн хэвшлийнхнийг оруулж ирүүлэн өрсөлдөөн бий болгох; цэвэр эрчим хүчний экспорт­логч  орон болох; манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбар түүхий нүүрснээс нэгэнт хэт хараат байгаа учир түүхий ийм цахилгаан станцад байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх; Хэрэглэгчдийн эрчим хүч­ний зохистой хэрэглээ, тэдний үзэл бодол, эрчим хүчинд хандах хандлагыг өөр шатанд аваачих хэрэгтэй” гэсэн дөрвөн тодорхой санааг сэтгүүлч дэвшүүлэн хэлсэн нь энэ нийтлэлийн бас нэг давуу тал. Ингэхдээ амьдралд хэрэгжих боломжгүй, сэтгүүлчийн сэтгэл хөөрлөөр хийсэн санал биш халуун тогоон дотор нь буцалж байгаа мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлажээ.
Судлаачийн зүгээс зөвлөн сануулах зүйл нэг, хоёр байгааг хэлэхийг хүсч байна. Эхний хэсэгт өгүүлэгдсэн  Монгол Улс цахилгаан ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортолсоор ирсэн  тухай санаа хойно давтагдсан. Нийтлэлийн хэмжээ том биш байхад эхний хэсэгт өгүүлсэн санаагаа дараа дэлгэрэнгүй давтан өгүүлэх шаардлагагүй юм.
Мөн өнөөдөр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зөв гэдэг нь нэгэн тодорхой болсон учир сэтгүүлч энэ тухай ярих биш сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх  бодлого, засгийн газрын бодит дэмжлэг тааруухан байгаа хийгээд  сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилт хангалтгүй,  удаашралтай байгааг ул суурьтай гарган бичсэн бол нийтлэл илүү сайн болох байв.

Сэтгүүлчээс санаа авах уу? \“Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлд хийсэн шүүмж\



Монголчууд өнөөдөр хөгжлийн ганц гарцыг уул уурхай хэмээн харж, хэн хүнгүй тийш хошуурч буй энэ үед “Үндэсний тойм” сэтгүүлийн сэтгүүлч Д.Батбаяр нийтлэлээ  аялал жуулчлалын салбарын өмнө  тулгамдаад  байгаа асуудалд зориулжээ. Нэгэн цагт Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбараар тодорхойлогдож байхдаа аялал жуулчлалын салбарынхан сэтгүүлчийн хэлснээр “юм юмтай” байсан бол эдүгээ энэ салбарынхан  тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлох цаг ирээд байна. Ийм үед сэтгүүлч Д.Батбаярын энэхүү нийтлэл ач холбогдолтой юм.
Уг сурвалжилсан тэмдэглэлд “Донжгүй Монгол”, “”Нийгмийн хонгор”, “Хэрмэлүүд”, “Төр ба пенис”, ”Харших уу, хорших уу?” гэсэн таван дэд гарчиг дор сэтгүүлч хэлэх гэсэн санаагаа багцлан өгүүлжээ. “Донжгүй Монгол” эхний дэд гарчиг дор цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд гадаад сурталчилгааны асуудалд хамтран, гадаад сурталчилгааг сайн хийх ёстой гэсэн санааг Лондонд болсон Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа – “World travel market 2012”- (WTM)-т Монгол тур операторууд улс орноо төлөөлөн хэрхэн оролцсон тухай жишээгээр сонирхолтой өгүүлжээ.
Төр нь бодлогогүй, яам нь хариуцлагагүй учраас хэн дуртай нь Монголоос аялал жуулчлалаар мөнгө хийдгийг “Нийгмийн хонгор” хэмээдэг энгэр задгай хүүхэнтэй зүйрлэж  “Нийгмийн хонгор” хоёр дахь дэд хэсэгт хэлэв. Үүнийг “Active adventure Mongolia” компанийн ерөнхий менежер Б.Энхбаатарын  “Монголд аялал жуулчлалын бизнес хобби болчихлоо”, мөн сэтгүүлчийн “Монголын аялал жуулчлал машинтай хүн ажилдаа явах замдаа халтуур хийдэгтэй адил болжээ” гэсэн онож хэлсэн өгүүлбэрээр баталжээ.
 “Хэрмэлүүд”,  “Төр ба пенис”  гэдэн удаах дэд гарчгуудад үүргэвчтэй аялагч, тэдний байгальд үзүүлдэг сөрөг тал, төрөөс хэрхэн зохицуулж болох хувилбарыг дэвшүүлсэн ба төр, холбогдох яамнаас ачлал жуулчлалын талаар төдийлөн дорвитой арга хэмжээ авахгүй, тодорхой ажил хийхгүй байгаа шүүмжилжээ. Ийнхүү дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Зүүн Азийн орнуудад чиглэгдэж, ингэснээр манай руу ч урсгал нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм байна гэсэн олон нийтийн төсөөлөл  явцгүй болохыг дээрх санаа баталжээ.
Харин нийтлэлийн сүүлийн “Харших уу, хорших уу?”  дэд гарчигт уул уурхайн нөлөөгөөр Монголын аялал жуулчлалын ашиг эрс буурч, дөнгөн данган амиа зогоох хэмжээнд хүрсэн энэ үед зөв гарц нь  аялал жуулчлалыг уул уурхайтай хорших бүрэн боломж бий гэдгийг  өгүүлжээ.
Нийтлэлийн гол агуулгыг багцалж үзвэл, Монголын аялал жуулчлалын салбар уул уурхайн салбартаа дарагдаж,  төрийн бодлогоо дутагдсанаас болж уналтад орсныг энэ салбарын мэргэжилтнүүд,  болон бусад баримтуудаар нотлон өгүүлжээ. Эдгээр асуудлыг сөхөхийн өмнө сэтгүүлч аялал жуулчлалын салбарын өнөөгийн өнгө төрхийг “Нийгмийн хонгор” гэсэн дэд гарчиг дор эх сурвалж, өөрийн гярхай ажиглалтын үндсэн дээр энгийн бөгөөд ойлгомжтойгоор өгүүлжээ. “Хэн дуртай нь ээлжийн амралтаараа хэдэн төгрөг хийдэг энэ талбар...”, “Ерөөс Монголын аялал жуулчлалын салбар хэн хүн хоноод өнгөрдөг зам гудсын ганц бие хүүхэн шиг болоод зогсохгүй Зуун айлын барилгын зах дээр зогсох “Би чадна” гэдэг хүмүүсээр дүүрчээ”, “Гадаадын нэг нөхөр (trac header) Монголын компаниар дамжуулалгүй нутгийнхаа хэдэн хүнийг цуглуулж аялачихаад гараад явчихна. Монголд ирээд ганц нэг жолоочтой холбоо тогтоож, оюутан охин хөтчөөрөө аваад л гүйцээ.” гэхчилэнгээр хэлэхийн сацуу “Эндээс харвал нэгэн цагт тэргүүлж явсан энэ салбар жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ давжаарсан байна” гэсэн нэг өгүүлбэрээр дүгнэсэн нь хэн хүний толгойд тодорхой төсөөлөл буухуйц оновчтой болжээ
Нийтлэлийн үнэ цэнэ сэтгүүлчийн дэвшүүлсэн тавьсан шинэ санаа, түүнийг хэрэгжүүлэх арга замыг санал болгосноор тодорхойлогддог билээ. Тэгвэл “Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлд сэтгүүлчийн нийтлэлдээ дэвшүүлсэн тавьсан асуудал бол нэгэнт Монгол улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, аялал жуулчлал уналтад орсон энэ нөхцөлд аялал жуулчлалыг уул уурхайтай хоршуулан хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг гаргажээ.  Үүнийгээ ч төр засгийнханд сонордуулж “Эмзэгхэн бүтэцтэй энэ засгийн газрын хувь заяаг бид шийдэхгүй, гэхдээ аялал жуулчлалын салбарыг бодлогын хувьд уул уурхайтай холбох болсон санагдав.” гэж өгүүлснээ  Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индрагийн  “Аялал жуулчлал 16 дэд хэсгээс бүрэлддэг тул бүх салбартай зохицож ажиллах боломжтой”,  “Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр аялал жуулчлалыг уул уурхайтай хорших бүрэн боломжтой гэж үздэг аж. Дэлхийд уул уурхайгаар тэргүүлэгч олон орон тусгай сонирхлын аялал хөгжүүлдэг гэж тэрбээр ярилаа. Ухаан нь, Оюутолгой дээр жуулчид очоод газрын гүнээс хүдэр олборлох болон хэрхэн боловсруулдгийг үзүүлээд эцэст нь тэндээс гарсан зэсээр урласан бүтээгдэхүүн худалдаж авсан ч болох гэнэ” гэсэн мэргэжлийн эх сурвалжуудыг яриагаар дэвшүүлсэн асуудлаа боломжтой гэдгээ баталжээ. Дээрх санаа нийтлэлийг эхлүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхийг зарласан тухай,  Mongolia expedition компанийн захирал С.Алдархишиг “Монгол улс тэр чигтээ тусгай сонирхлын зах зээл” гэсэн санаатай нэг шугаманд очжээ.
Сэтгүүлч Д.Батбаярын нийтлэлд бодлогын чанартай эдгээр асуудлаас гадна тус салбарыг хариуцдаг төрийн түшмэд, салбарынханд нь үнэ цэнэтэй байх санааг өгүүлжээ. Тухайлбал, Монгол улсыг гадаад оронд сурталчлахдаа өөрийн онцлог, имижийг илэрхийлж чадахуйц уриа үгтэй, түүнийгээ тодорхой төлөвлөгөө, зорилготойгоор кампанит ажил болгон дэлхийн хүмүүсийн тархинд хийж өгөх нь чухал байдгийг салбарынханд анхааруулсан байна. Жуулчдыг татна гэдэг бол бизнесийн хуулийн нэг адил улс орныг “худалдах” тухай асуудал тул аялал жуулчлалын байгууллага, холбоод бүр өөрийн дураар уриа үг хэлэх биш бодлогын чанартай уриатай байх хэрэгтэй гэсэн сэтгүүлч Д.Батбаярын үг бол үр өгөөжтай, практикт даруй нэвтрүүлэх санаа мөн юм. Сэтгүүлч мөн  үүргэвчтэй жуулчдыг ад үзэх биш  тодорхой бодлого барих, тухайлбал, гадны улс орнууд гаднаас авах жуулчдынхаа 30 хувиас хэтрүүлэхгүй бодлого баримталдаг байна гэх буюу эсвэл Монголд ирэх жуулчин бүхэнд заавал Монголын тур оператороор дамжин орж ирэх гэх мэт хэдхэн шаардлага тавьчихад л цэгцрэх асуудал гэнэ.” гэхчилэнгээр санаа оноогоо өгүүлжээ.
Барууны сэтгүүл зүйн үнэр ханхлуулсан тус нийтлэл баримт, жишээгээр баялаг болжээ. Монголын  сонин хэвлэлийн талбайд  эх сурвалжийн урт урт яриаг нэг дор оруулсан, өөрөөр хэлбэл эх сурвалжийн өгүүлсэн зүйлд бодитой хандаж сонголт боловсруулалт хийгээгүй хэтэрхий нуршуу өгүүлдэг практик бий. Харин барууны сэтгүүл зүйд сэтгүүлчийн нийтлэл цомхон, олон эх сурвалжтай, сэтгүүлч өөрөө дүгнэлт хийхээсээ өмнө  холбогдох эх сурвалж, мэргэжилтнүүдийн үзэл бодолд ач холбогдол өгдөг. Дээрх өнгө аяс “Аялал жуулчлал амь тавих уу” нийтлэлээс харагдаж байна.
Монголын сэтгүүлчдийн өдрийн нормт ажил  их байдгаас нэг нийтлэлд төдийлөн их цаг зарцуулж чаддаггүй. Ийм яаруу сандруу нөхцөлд нэг,  сайндаа л хоёр эх сурвалжаас мэдээлэл авч нийтлэлээ бичдэг. Тэгвэл сэтгүүлч Батбаяр нийтлэлдээ Mongolia expedition компанийн захирал С.Алдархишиг, Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад, Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра, Active adventure Mongolia компанийн Ерөнхий менежер Б.Энхбаатар, Аялал жуулчлал тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр, Уулын хөтөчдийн холбооны тэргүүн Г.Өсөхбаяр, Монголын хөтөч тайлбарлагчдын холбооны ажилтан А.Батбаяр нарын энэхүү салбарын дүр төрх, өнөөгийн нөхцөлийг тод томруунаар тодорхойлж чадах төрийн албан тушаалтан, хувийн сектор, холбоодын тэргүүн гэсэн эх сурвалжуудтай уулзаж ярилцжээ.
Дээрх эх сурвалжуудаас мэдээлэл авахын зэрэгцээ сэдвийн дагуу нэлээдгүй эрэл хайгуул хийж холбогдох нийтлэл, тайлан, тоо баримтыг судалсан нь дараах баримтуудаас харагдана. “2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Horseback Mongolia компанийн франц захирал Силван Рэкура хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа жилдээ нэг сая ам.долларын эргэлттэй гэжээ.”, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэдэн арван тэрбумын төслүүд ярьж байна. Харин хувийн хэвшлийнхэн тэднээс одоохондоо зохицуулалт, журам их томдоо л бодлого хүлээж сууна. Аялал жуулчлалын хуулийн “Засгийн газрын бүрэн эрх” хэсэг буюу 14.1.2 нь “Аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” гэсэн заалттай. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээллээр өнгөрсөн жил 626 993 аянчин Монголд ирсэн, улсын бүртгэлээр энэ зах зээл дээр одоо 650 гаруй аж ахуй нэгж байгаа тухай, албаны эх сурвалжууд аялал жуулчлал ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлж байна гэдэг ч Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын тооцоогоор 3-4 хувьтай гарчээ зэрэг баримтууд нийтлэлийг илүү үнэмшилтэй, бодитой болгожээ.
Нийтлэл бүхэлдээ энгийн, ойлгомжтой хэл найруулгаар бичигдсэн. “Гэтэл морьтон Монголын уриа баймаар The first horseman - ийг Казахстан эзэмшчихээд урамтай нь аргагүй домбордож суув.”, “С.Алдаржавхлан “Дараагийн засгийн газар байгуулагдвал бид Уул уурхайн яамтай нийлэх сонирхол байна” гэж тоглоомгүй хэллээ.” Өгүүлбэрүүд дэх урамтай нь аргагүй, тоглоомгүй хэллээ гэсэн үгс нийтлэлийн санааг хүч нэмэгдүүлэхээс гадна амьд болгож байна.
Унших явцад сэтгүүлч хувийн салбарынханы үгэнд илүү анхаарал хандуулж хэтэрхий нэг талыг барьсан буюу мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан мэт санагдана. “Б.Индра “Үзэсгэлэн худалдаа хаа болж байгаагаас үл шалтгаалаад 10 сая орчим төгрөг л төрөөс гаргадаг. Бусдыг нь хувийн хэвшлүүд өөрсдөө төлдөг” гээд “2020 он гэхэд жилдээ нэг сая жуулчин авъя гэвэл зөвхөн маркетингийн зардлыг таван тэрбум төгрөг болгох хэрэгтэй” гэсэн юм” гэсэн  хоёр өгүүлбэрээр Монголын төр аялал жуулчлалын сурталчилгаанд мөнгө зарцуулдаггүй гэсэн ойлголт төрнө. Гэтэл улсын төсвөөс аялал жуулчлалын салбарт жилд дунджаар 150-200 сая төгрөгийн санхүүжилт өгч үүнийг Монгол орныг гадаадад сурталчлах төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулдаг. Мөн 2011 онд ХБНГУ-ын Берлин хотноо болсон ITB-2011 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс  Соёлын түнш орноор оролцож, аялал жуулчлалын салбарын түүхэнд анх удаа төрөөс 500 сая төгрөгийг гадаад сурталчилгаанд зарцуулсан нь гэх баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан байх юм.  
Мөн нийтлэлээс бүхэлдээ аялал жуулчлал уналтад орсон мэтээр ойлгогдож байна. Гэтэл сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 32,5 хувиар нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болоод байна гэсэн статистикийг төрийн байгууллагууд түгээжээ. Энэчлэн сэтгүүлч хангалттай баримт сэлт цуглуулаагүй, эргэлзээтэй асуудлыг хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулаагүй сул тал ажиглагдаж байгааг дурьдах нь зөв болов уу.
Нийтлэлийн үр нөлөөг авч үзвэл, төрд,  “Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхээ урам зоригтой зарласан Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд, тус салбарынхан бодлого баригчдад хувийн секторынхоны дуу хоолойг илүү тодорхой дамжуулж,  төр энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэх, хувийн салбартаа хэрхэн анхаарал тавихыг хэлж өгснөөрөө энэ нийтлэл  практик нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.