Showing posts with label нийтлэл. Show all posts
Showing posts with label нийтлэл. Show all posts

Thursday, March 24, 2022

Чанчуны тэмдэглэл

 

    Дахиад л ганцаараа Буянт Ухаагийн гаалиар гарч Бээжингийн зүг нисэв. 2019 оны аравдугаар сарын 17-ны үдээс өмнөхөн хөөрсөн  онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд өдөр дунд газардаж орой 18,35-д Чанчун нисэх орон нутгийн онгоцыг хүлээнгээ бум бужигнасан нисэх буудлаар хоол хош хөөцөлдөж бас тэмдэглэл бичиж цаг нөхцөөв. 

    Орон нутгийн онгоц. Манайхаар бол хөдөө явах нислэг. Бидний төсөөллөөс хавьгүй өөр. Олон улсын нислэг аятай том онгоц дүүрэн хүнтэй дорно зүгийг чиглэн явав. Харанхуйд газардах тул дэргэд суусан залуугаас газрын баримжаа авчих санаатай буудал энэ тэрээ лавласан ч Хонгконоос тэмцээнд оролцохоор ирж яваа гадаад хүн болж таарснаар дахиад л бүхний учрыг өөрөө олох ерөөлд унав. Tripadvisor аппаас авсан зурагтаа найдан такси барихаар төлөвлөн “Longjia”олон улсын нисэх буудалд буутал хоёр гоё охин нэрийг минь бичсэн пайз барин угтлаа. Охин ч гэж дээ нэг нь тус сургуулийн гадаад харилцааны ажилтан, 40 гаруй настай профессор байлаа. Yао Ziru үнэхээр оворгүйн дээр маш залуу стильтэй тул охин гэж харсан нь миний буруу биш байсан. Нөгөөх нь харин түүний магистрант. Профессортоо гар хөлийн үзүүрт нь зарагдаж яваа аж. Тэд намайг Шэратон буудалд хүргэж өглөө.




Үйлийн үрийн ерөөлөөр БНХАУ-ын Чанчун хотын Зүүн хойдийн Багшийн их сургуулийн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн урилгаар “Зүүн хойд Азийн Хэвлэл мэдээллийн одоо ба ирээдүй: Солилцоо, хамтын ажиллагаа ба инноваци” сэдэвт Зүүн хойд Азийн олон улсын симпозиумд оролцох боломж тохиосон юм. Гэмгүй надад хилс хэрэг тохож нус нулимсыг үзсэн хүн энэ сургууль руу намайг санал болгосон юм. Би тухайн үед буруутнуудад гомдож сүйд бололгүй амьдралд байдаг л нэг  гэнэ сэрэггүй тохиол гэж бодсон ч дараа намайг баярлуулах ийм завшаан тохиосон учир үйлийн үр гэж бодогдсон бөлгөө.

Сэтгүүл зүйн түүхийн хичээл дээр Гирин мужийн захиргаанаас хэвлэн гаргасан “Монгол үгийн бодорол”  сэтгүүлийн тухайн наянтаа заасны эцэст энэ мужид очиж үзэх хувь тохиожээ. Чанчун хот бол Жилин /Гирин/мужийн  7.5  сая хүн амтай, машин үйлдвэрлэлээр тэргүүлдэг, бас их сургуулийн  хот юм.

Эрдэмтэд Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлэг ба урлагийн өөрчлөлт, кино урлаг, уран зохиол, соёл гэх мэт олон салбарын асуудалд анхаарлаа төвлөрүүлжээ. 

Хурлыг Хятадын Коммунист намын Төв хороо, Жилин мужийн хорооны Суртал нэвтрүүлгийн хэлтэсийн орлогч дарга,  Зүүн хойд багшийн их сургуулийн дэд ерөнхийлөгч нар нээж үг хэлсэн. Учир нь энэ хурлыг Зүүн хойдын Багшийн их сургууль болон тус хэлтэсийн дэмжлэгээр зохион байгуулсан юм.


Симпозиум үндсэн илтгэлүүд, хавсралт илтгэлүүд, Үндэсний хэвлэл мэдээллийн туршилтын сургалтын төвийг үзүүлэх гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Нээлтийн ёслолын дараа Өмнөд Солонгос дахь Пусан кино, телевизийн хөтөлбөрийн үзэсгэлэнгийн Зохион байгуулах хорооны гүйцэтгэх дарга Хуан Йиван, миний бие, Хятадын Урлагийн академийн профессор, доктор багш Жиа Лэйлэй, Миссуригийн Их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн Нийгмийн дэвшилтэт судалгааны төвийн захирал асан Сун Жиганг,  Тайванийн Куньшанийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, профессор Ви Жунжие зэрэг найман судлаач үндсэн илтгэлийг тавьж, өнөөгийн хэвлэл мэдээллийн боловсрол болоод Зүүн хойд Ази дахь энэ салбарын талаарх шинэ судалгаа, туршлагыг танилцуулав. Үдээс хойш Хятад улс даяар нэр хүндтэй их, дээд сургуулиудын есөн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид Хятадын хэвлэл мэдээллийн өнөөгийн ба ирээдүйн талаар илтгэл тавьж, Зүүн хойд Азийн хэвлэл мэдээллийн харилцааны хэлбэр, орчин үеийн асуудлуудын талаар хэлэлцсэн юм.  

    Хятадын Урлагийн Академийн судлаач Жиа Лэйлэй “Энэхүү академик симпозиум Зүүн хойд Азийн гео соёлыг нэгтгэсэн бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой юм” гэсэн бол захирал Жан Вэндонг “Энэхүү симпиозиум Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны талбарыг улам өргөжүүлж, сургалт судалгаагааг ахиулах ач холбогдолтой” гэж онцолсон юм.


    “Зураг авахуулах” ажил хурлын хөтөлбөр тусгайлан зоогдсон байсан. Хятадын кинонд гардагтай адил настай зурагчин цагаан хоолой барьсан туслахын хамтаар зогсож суухыг командалж мэргэжлийн зураг авсан. Дараа үзэхэд хуйлж ороогоод хайрцганд хийгээд бэлэгний уутанд хийжээ. Хятадад болсон томоохон арга хэмжээнд ингэдгийг оролцож үзсэн хүмүүс бүгд мэднэ дээ. Үнэхээр л  албан ёсны, чанар сайтай гэрэл зураг түүх болон үлдэнэ гэдгийг тэд сайн мэддэг. 

Энэ тэрийн тухай        

      75  жилийн түүхтэй Northeast Normal University /NENU/ буюу Зүүн хойдийн Багшийн их сургууль сургууль философи, эдийн засаг, хууль эрх зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, уран зохиол, түүх, шинжлэх ухаан, инженерчлэл, хөдөө аж ахуй, менежмент, урлаг зэрэг салбаруудыг багтаасан, 23 салбар сургуультай. 2 кампустай. 26.000 оюутантай.       

       Харин 1960 оноос сууриа тавьсан  Хэвлэл мэдээллийн шинжлэх ухааны сургууль /School of Media Science/ нь радио, телевизийн сэтгүүлч, хөтлөгч, сэтгүүлч, зар сурталчилгааны ажилтан, дижитал медиагийн технологи гэсэн 5 чиглэлээр бакалаврын, мөн кино, драм, сэтгүүл зүйн чиглэлээр магистр, докторын түвшний сургалт явуулдаг. 1000 гаруй суралцагчтай. Хамгийн сүүлд байгуулагдсан тэнхим бол 2015 онд байгуулагдсан Дижатал медиа технологийн тэнхим байлаа. Сайхан байгуулагдсан хэдий ч Дижитал медиа технологийн болоод Хиймэл оюун ухааны аппликэйшны лабораторитой. Жилин мужийн технологийн иннновацийн нэг платформ, “Jingcai Online” дижитал медиагийн  сургалтын дадлага хийх сүлжээний платформтой ажээ.  

       Дөрвөн давхар байшингийн 4000 метр кв талбайд 40 сая юаны хөрөнгө оруулалтаар сургалтын лаборатори байгуулжээ. Гэрэл зургийн лаборатори 1, 2, 3 гэхчилэнгээр хагас өдөр үзээд үзээд барагдахгүй төв байна. 

    

    Хурлын дараа өдрөөс магистрантуудад хичээл заах урилга авсан юм. Хичээлээ Монголынхоо мэдээллээр баяжуулахаар интернэтээр хайлт хийв. Гадныхан Улаанбаатарын биднийг морь унаж хичээлдээ очдог шахуу төсөөлдөг учир сошиал медиагаар залуусын авч тавиад байдаг их хотын зургийг олчих санаатай хайсан боловч царай муутай хоёр, гурван зургаас хэтрээгүй юм. Ер нь л Монголын талаарх, Чингис хааны зураг гээд зураг хөрөг бараг олж чадаагүй. Сэтгүүл зүй магистрантуудад ч Монголын талаар төдийлөн мэдлэг байгаагүй. Тэр бүү хэл  өөрийн амьдардаг хот, хүн ам гээд ерөнхий мэдлэг тааруу байсан. Харин тэдний дэргэд бид бүгдээрээ газар зүй, нийгэм улс төрийн өргөн мэдлэгтэй санагдсан. Хагас сарынхаа цалинтай дүйх хөлсийг нэг цагийн хичээл заагаад авсан минь бас л сонин сайхан байлаа. 

        Хуралд ирсэн 17 профессорын дунд би ганцаараа эмэгтэй. Монголд хамаг л ажилд эмэгтэйчүүд зүтгэж байдгийн нэг л жишээ энэ байх гэж бодогдсон. Гэхдээ профессорууд маань хаа очиж залуухан эмэгтэй туслахуудтай юм билээ. Олон сайхан хүмүүстэй танилцаж, дуулж хуурдсан сайхан өдрүүд байлаа.
    Эхний өдрийн орой Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн сургуулийн захирал, ноён Wendong Zhang биднийг буудлын доорх ресторанд танилцах зоогонд урьсан юм. Дугариг хятад ширээн дээр төрөл бүрийн хоол ирнэ. Хятадын соёл бол хүндэтгэсэн зочноо хоолоор л дайлдаг гэдгийг өмнө жил Хөх хотод явахдаа бүр илүү мэдсэн юм. Гаднаас ирсэн зочид танилцаж  хятад дарга хундаганы үг хэлэв.
    Надад харин Хятад улсын дайллага цайллаганы соёл ихэд таалагдсан шүү. Угталт, үдэлтийн цайллаганы дэг хоорондоо бас ялгаатай.

    Үдэлтийн цайллага мөн л нөгөө танхимдаа дугуй ширээний ард болсон. Дарга дахиад үг хэлсэн. Гэхдээ завсарлагатайгаар ойрхон ойрхон гурван удаа хундаганы үг хэлсэн. Түүний дараа зочид бид ээлж дараагаар хундаганы үг хэлэв. Бүгд хэлэх ёстой аж. Харин сүүлийн хүн үгээ хэлээд дуусмагц бүгд суудлаасаа босч тэнд байсан хүмүүсээс дотночилж уулзаж ярилцах хүмүүстэйгээ “хувийн” яриа хийж, талархлын хундага тулгах юм билээ. Ажиглаад байхад тэр уулзалтад ирсэн бүхий л хүнтэй тойрч яриа өрнүүлэх юм. Ингэхдээ хоёр гурваараа бөөгнөрч ярьж харагдана. Босоо хүлээн авалт шиг.  Манайд ч гэсэн олон хүн идэж уухад эхэндээ нэлээд дэгтэй, нийтийн яриа ярьж байснаа жаахан халмагцаа хэсэг хэсгээрээ хажууд байгаа хүмүүстэйгээ яриа өрнүүлдэг. Нийтийн яриагаа үргэлжлүүлье гэж хэчнээн уриалсан ч тун удалгүй “бүлгийн” яриа болдог. Монголд хүлээн авалтууд 10 хүнээр нэг ширээ засаад тэр орой зөвхөн тэр аравтайгаа “ноцолдсоор” гарч оддог. Иймэрхүү зохион байгуулалт хоол унд идэж уух гэж ирсэн аятай л болдог тул  арга хэмжээнд ирсэн бусадтай төдийлөн уулзаж учрах боломж байдаггүй. Харин Хятадуудын дэг үүнийг албажуулсан нь манайхаар бол суугаа болон босоо хүлээн авалтыг хослуулсан маягтай болжээ. 

    Хятадад явахдаа нэг сайн мэдэрдэг зүйл бол амттан. Хятадын ямар ч супермаркетаар ороход амттаны лангуу хоёр, үсрээд л 4 метр байдаг. Манайд хэдэн арван нэрийн шоколад хэдэн арван төрөлтэй байдаг. Тэгвэл тэнд ганц хоёрхон шоколад, чихэр үзэгдэнэ. Манай “Оргил”, “Номин”-гийн зөвхөн чихрийн лангуу л гэхэд бараг 10 метр байдаг. Тэгвэл энд бүх амттан ердаа хэдхэн алхамын лангуунд байдаг. Жимс ногоо харин түлхүү харагдана. Үүнийг тэр хурал дээр ч харлаа. Дугай ширээний хэлэлцүүлгийн үеэр ширээнд дээр мандарин, улаан лооль тавьсан нь надад их содон харагдсан.  

    Чанчунь Хятадын аварга хотуудын нэг адил. Маш том, олон хүнтэй, байшин барилгууд ч гадны надад ижилхэн л харагдана. Бас дэлгүүр хоршоонд нь төдийлөн ялгаа байхгүй. Мэдээж Азийн хамгийн том хиймэл ойн парк, кино парк гээд үзэж харах юм нь барагдахгүй их.




Friday, December 30, 2016

Бидний мэдэх пингвиний Шинэ Зеланд

Цэнгэлдэхэд баярын нээлт эхэлж байхад наадмын бөх маапаантай, АСЕМ аягүй гоё болохыг төсөөлөх ч үгүй дэлхий дэлэгнэсэн Монголоос Шинэ Зеландын цас мөсгүй өвлийг зорин нисэв ээ.
Хонгконгоор дамжсан нислэг баруун өмнөд Номхон далайг чиглэхдээ шөнө дунд таарсаныг хэлэх үү автобуснаас долоон дор сэгсчих онгоц түшгүүртэй. Олон цаг онгоцоор нисэх үнэндээ оюутан байхдаа өч төчнөөн явсан Алтайн тэндрийн автобуснаас  нэг их дээргүй санагдана.  
Харин Шинэ Зеланд  надад үлгэрт гардаг хэзээд мөнх ногооноороо байдаг бурхан бумын орон шиг санагдав. Өвөл нь нов ногоон, намдуу тайван аж. “Зун ирсэн бол бүр гоё” гэх танилын үг ойлгомжтой.  

Окланд хот онгоцны цонхоор зах хязгаар нь үл харагдах их далайн дунд үзэгдэнэ. Төвдөө өндөр байшин барилгууд,  зах хэсгээрээ намхан хаусууд эзэлсэн ногоон арал. Статистик мэдээнээс харвал манайхтай зарим зүйлээрээ төстэй. Энэ улс 4 сая гаруй хүн амтай, 40 сая гаруй малтай. Хөдөө аж ахуйн орон гэдэг имижтэй ч орчин цагт технологийн хөгжлөөрөө тэргүүлж буй орон юм. 
Үзэсгэлэнт байгаль, таатай уур амьсгалтай учир жуулчлахад тааламжтай байдлаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Байгалийн хоёр улиралтай энэ улс зуны 12 дугаар сардаа жуулчдын хөлд дарагддаг байна. Гэхдээ манайх шиг үзэсгэлэнт байгаль, үзүүштэй зүйлс нь хамаг юмнаасаа хол, хөдөө хээр байдаггүй байна. Хот суурин нь жуулчдыг татах үзэсгэлэнт газраа дагаад хөгжсөн тул нэн таатай гэсэн үг. Их Британий колони байсан энэ улсын албан ёсны хэл нь англи бас маори. Тийм учир хаягийг хоёр хэлээрээ зэрэг бичнэ. Энэ улсын нийслэл нь Веллингтон боловч  хамгийн том хот нь Окланд юм. Мөн л манай нийслэлийн дайтай хүн ам оршин сууна.

Хоноглох буудал маань хотын зүрхэнд байсан тул автобуснаас буугаад хэд алхахдаа “Энэ хэний улс вэ” гэж гайхан бодов. Хар шар, Ази, Европ, Араб энэ тэр. Хүн ам нь голдуу Европ гаралтай гэсэн яалаа? Уугуул маоричууд нь аль юм бол гэсэн шүү юм бодов. Дараа нь бодохнээ Окландын технологийн их сургууль нь хотын төвдөө байрладаг учир тэнд суралцдаг 4000 орчим гадаад оюутан олон өнгөөр хөлхөлдөж байсан нь тэр юмсанж.
Энэ улсын үндэсний бэлэг тэмдэг бол зөвхөн Шинэ Зеланд улсад байдаг киви шувуу. Байгалиасаа далавчгүй энэ шувуу нь урт хошуутай, хошууныхаа төгсгөлд хамартай бөгөөд үргэлж юм хайж явдаг өвөрмөц амьтан юм. Шинэ зеландчуудыг кивичүүд гэнэ. Хотын гудамжаараа хар өвөл тэдний зарим нь хөл нүцгэн алхаж явах юм.
Өндөр хөгжилтэй орон учир өртөг өндөр. Тэнд шоппинг хийхэд тохиромжтой биш. Ойролцоо орших Австралийн брэнд агг буюу бидний мэддэг “UGG” гутлыг харин хямд авч болно.
Оршин суугчдын тооноос үзэхэд л том хот биш гэдэг нь мэдэгдэнэ. Төвөөсөө хэд алхаад л хамаг юмандаа хүрчихнэ. Sky цамхаг, Harbour гүүр, Silo парк гэх алдартай газрууд хоорондоо тун ойрхон учир төдөлгүй хүрчихнэ.
Энэ хотод Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс болно. Хурлын тов 1895 онд үндэслэгдсэн Окландын технологийн их сургууль дээр 2016 оны 7 дугаар сарын  14-16-нд  гэж зарлагдсан юм. Энэ сургууль 30 мянга орчим оюутантай. Түүнээс 4000 нь дэлхийн 90 гаруй орноос ирсэн гадаад оюутнууд. 16 сургуулиас бүрдэх энэ их сургууль эрэмбээрээ дэлхийн топ 500 сургуулийн нэгт багтдаг бол Шинэ Зеландад хоёрдугаар байрт жагсдаг.

Хурал албан ёсоор powhiri  ёслолоор Окландын технологийн их сургуулийн Paul Reeves-ийн нэрэмжит байранд эхлэв. Энэ сургуулийн ажилтан, оюутнууд ийн маори үндэсний бүжиг, дуугаар зочдодоо мэндчилсэн юм. Нүцгэн шахуу,  бүдүүн маори эр  гартаа жадархуу зүйл барин чанга дуугаар хашхиран эвсэлтэй нь аргагүй бүжнэ.

Хуралд 43 орны 220 гаруй төлөөлөгч ирж гурван өдрийн турш сэтгүүл зүйн боловсрол болон даяаршсан хэвлэл мэдээллийн анхаарал татаж, эргэлзээ төрүүлсэн түвэгтэй асуудлыг хэлэлцэж, өөрсдийн судалгаагаа танилцуулж, залуу сэтгүүлчдэд зааж буй  арга туршлагаа  хуваалцав. 4-р конгресст 16 панел, 10 синдикат хэлэлцүүлэг, 46 салбар илтгэлийн хуралдаан, 4 постер илтгэл, 2 семинар болон сэтгүүл зүй, сэтгүүл зүйн боловсролын асуудлаар арга хэмжээнүүд болов.  Зохион байгуулагчдын зүгээс алс хол Монгол болон Африкийн Гана улсын төлөөлөгч ирж илтгэл тавьж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ жилийн хурлын сэдэв бол “Сэтгүүл зүйн боловсрол дахь адил төстэй тал ба нэгдмэл байдал”. Өдгөө цагт сэтгүүл зүй уламжлалт хэрэгслээс мультимедиа сторителлин руу шилжиж, их сургуулиуд ч академик  шинэчлэлтийн дагуу сэтгүүл зүйн хөтөлбөрүүдээ өөрчилж буй түүхэн үйл явц өрнөж байна. Ийм цагт судлаачид  сэтгүүл зүйн сургалтын хамгийн сайн туршлагуудаа туйлын дээд академик орчинд хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцэв.
Дижитал платформ нь сэтгүүл зүйн мэдээлэл боловсруулах, түгээх үйл ажиллагааг өөрчилж байна. Технологийн маш хурдтай өөрчлөлт сэтгүүл зүйн сургуулиудад шахалт үзүүлж, тэднийг сургалтын арга барилаа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Тухайлбал, сэтгүүл зүйн багш нар оюутнууддаа гар утсаар мэдээлэл түгээх, түүнд зориулж мэдээлэл цуглуулах, боловсруулах  талаар заах хэрэгтэй байна. Энэ зорилгодоо  хүрэхийн тулд агуулгаа нийцүүлэх, улмаар заах арга барил, сургалтын хөтөлбөрөө үр ашигтайгаар шинэчлэх хэрэгтэй байгааг судлаачид онцлож байлаа.   


Сошиал медиагийн уугуул иргэд болох энэ цагийн залуус багш нараасаа ч илүү мэдлэгтэй учир оюутнуудад сошиал медиаг мэдээлэл цуглуулах, түгээхэд хэрхэн ашиглах талаар заах нь их сургуулиудын өмнө томоохон асуудал болоод байна.  Тэд нарт хэрхэн үр ашигтай сайн заах талаар болоод өрсөлдөөн ихтэй дижитал эринд баримтыг шалгах, эх сурвалжыг хамгаалах, сэтгүүл зүйн зайны сургалтыг явуулах, XXI зууны сэтгүүл зүйн ёс зүйн асуудал гээд бүхий л асуудлыг хэлэлцэж байсан юм.                
Судлаачид, сэтгүүл зүйн багш нар хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэхэд  оруулж буй хувь нэмрээ үргэлжлүүлэх мэссэжтэйгээр хурлыг өндөрлөв. “Энэ бол хүний эрхийн үндэс гэдгийг хэзээд батлах хэрэгтэй юм” хэмээн  Европын сэтгүүл зүйн сургалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор  Nico Drok хуралд оролцогчдод захиж хэлсэн юм.

Дараагийн 5 дахь хурал 2019 онд Францын Paris-Dauphine Их сургууль дээр болно. Тус сургуулийн захирал Pascal Guenee  оролцогчдыг англи, франц, араб зэрэг өөр хэлээр илтгэх боломж олгоход хүчин чармайлт гаргана гэв. Дэлхийн сэтгүүл зүйн боловсролын 4-р конгресс сэтгүүл зүйн ирээдүйг тун өөдрөгөөр харж хурлаа өндөрлөлөө.

Монголчуудын толгойд пингвин л гэж буудаг Шинэ Зеланд орон шинэ туршлага, шинэ соёл, шинэ танил, шинэ дурсамжийг надад өгөв. Харин намайг пингвин үзүүлэх гээд байсан хүмүүсийн "хүслийг" л биелүүлж чадсангүй.
Үргэлжлэл бий

Monday, December 30, 2013

Хувь заяаг ололцсон он жилүүд

Тэмдэглэл 



Мэргэжил сонгож, их, дээд сургуульд элсэн суралцахыг хувь заяаны сонголт гэж би боддог. Хүмүүс ямарваа зүйлийг хийх гээд хүч хүрэхгүй, эсвэл шантарч буцахдаа амь биш, заяа биш гэлцдэг. Тэгвэл дунд сургуулиа дүүргээд мэргэжлээ сонгох нь амь биш ч заяа юм. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй санагддаг.  10 зун дараалан орон нутагт элсэлтийн ажил хийхдээ ойлгосон зүйл энэ.

Багш зунжин амардаг. Зүгээр суух дургүй, бас  хөдөө гадаа тэнэх дуртай миний анхаарлыг Монголын их дээдд сургуулиудын консорциум \МИДСК\-аас орон нутагт зохион байгуулдаг оюутан  элсүүлэх ажил ихээхэн татаж байв.  2003 оны хавар захиралдаа орон нутагт явуулахыг хүсэхэд “энэ жил доктороо хамгаал, дараа жилээс болно биз” гэлээ. Захирлын хэлсэн дагуу л бүгд болж, дараа жил нь Баян-Өлгий аймагт томилогдов.

Эхний жил комиссын нарийн бичгийн даргаар сонгогдож билээ. Нисч явсан онгоцонд эвдрэл гарч замдаа Тосонцэнгэлд Идэр голын эрэг дээр Хөвсгөлийн онгоц засварчин, сэлбэг авчрахыг хүлээж өдөржин байгаад үдээс хойхно нисэв. “Та нар азтай хүмүүс”  гэж орон нутгийн нисэх буудлынхны хэлсэн үг настай даргын даралтыг ихэсгэсэн тул анхны жилээ даргын үүрэг гүйцэтгэгч хийсэн юм. "Улаан" Баян-Өлгийд ардчилсан намынхан анх удаа ялалтаа тэмдэглэж байсан тэртээ он жилүүдээс хойш 9 жил комисс ахалжээ.

Эхний үед элсэлтийн шалгалтыг орон нутагт авдаг байсан учир шалгалтаа авч, сурагчдыг дүнгээр нь эрэмбэлээд хуваариа олгоход 10 орчим хоног ажилладаг байв. Дийлэнх өдөр нь нойргүй явна. Хар дагуулсан хүнд хүчир ажил болохоор хүмүүс халгах, эсвэл нэг, хоёр удаа яваад дахин явах эрхгүй болох тохиолдол ч бий. Харин МИДСК надад 10 жил итгэл хүлээлгэснийг араасаа айхтар хэл ам дагуулж, яршиг түвэг хаа хаанаа удсангүй өдий хүрсэн болохоор тэгээ биз гэж боддог. 



Нутгийн аялгуу

ХИС-ийн буянаар Монгол орныг бараг тойрчээ. Аз болоход өмнө үзсэн аймгууд руу томилогдоогүй учир бүгдэд шахуу очжээ. Аймаг бүрийн аяз аялгуу өөрийн гэсэн хэмнэлтэй. Баруун аймгийнхан огцом түргэн ааштай, их өндөр дуутай, шаламгай хүмүүс байдаг бол харин зүүн аймгийнхан намдуу тайван. Дархан-Уул, Орхоныхон хот газрын хүмүүсийн хэт сэргэлэн, залирхаг ааш гаргана. Хөвсгөлийнхөн Дэлгэрдалай, Гүнмөрөн гэсэн усны нэртэй бол Сүхбаатар аймгийнхан Цагаан, Улаан, Бор гэсэн өнгөний нэртэй. Нэг удаа   Бор эгчийн  гуйлтыг биелүүлж,  “Шар ахаа, таныг Бор эгч дуудаж байна” гэж хэлэхэд өөрийн эрхгүй л инээд хүрч билээ.
 Орон нутгийн ХМХ-ийн үйл ажиллагааг өөрийн эрхгүй анхаарна. Зарим аймгийнхан юмны туханд хүрэлгүй камер, микрофон барьж дайрч орж ирнэ. Мэргэжлийн хүн учир сэтгүүлчдээс жийрхэх тал гарахгүй. Тэд харин камераас айхгүй намайг гайхна. Хүнтэй зөв мэндэлж, олигтой асуулт асууж чадахгүй байж  сэтгүүлч нэрэндээ хэтэрхий итгэж хөмсгөө зангидан чухал царайлах залуусыг харах тоолондоо намар нөгөө хэддээ энэ тухай орой руу нь ортол хэлж өгөх юмсан гэж бодно.   
2009 онд Хөвсгөлд ажиллаж явахад тэнд амарч явсан нагац ах маань залгаж,
-          Чи энэ Хөвсгөлийн телевизээр гарч байх шиг байх юм. Гэтэл чамайг Д.Даваадорж гээд л гаргаж байна гэж билээ.
Нэрийн хуудсыг минь ядаж монгол талаар нь эргүүлж харалгүй овог нэр хоёрыг андуурсан нь тэр. Мэдлэггүй гэхэд хаашаа, шуурхай гэхэд хаашаа. Тэгээд л хичээлд хэрэглэгдэх жишээ болон үлдэж.
2010 онд Говь-Алтай аймагт очиход аймгийн Тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн ”Зэрэглээт Алтай” телевиз ру утасдаж,
-Хотоос Элсэлтийн комисс иржээ. Танай телевиз ярилцлага хийж хүмүүст мэдээлэл хүргээч гэв. Гэтэл өмнөөс нь
-          35000 төгрөг гэх дуулдана
-          Тэгвэл ярилцлагаа больё, багахаан мэдээлэл өгье гэхэд цаанаас нь,
-          Тэгсэн ч гэсэн 35000 гэв
Орон нутгийг ХМХ ийм мэдээллийг үнэгүй цацах ёстой. Хуваарь олгох ажиллагаа бол яг энэ цагт аймаг оронд болж байгаа чухал явдлуудын нэг. 18 сумаас эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулаад ирчихсэн, хэзээ, хаана, хэрхэн болохыг мэдэхийг хүсч байдаг.
Надад хэлэх үг олдсонгүй. Элсэлт болох сургуулийг хүүхдүүд мэдэж байгаа юм чинь мэдээллээ цонхон дээрээ сайн наая л гэлээ. Энэ бол Монголын ХМХ-ийн хэвшмэл болсон дүр төрх. Орон нутагт зах зээл бага, рекламын захиалагч цөөн тул тэдний санхүүгийн байдал хүнд л дээ. Гэхдээ л би хэд хэдэн аймгаар явахдаа ийм байдалтай нүүр тулж байгаагүй юм. Тэр бүү хэл Хөвсгөлийн телевиз бол элсэлтийн явцыг шууд дамжуулна. 


Хүүхэд эцэг эхийнхээ нурууг харж өсдөг

Ийм Япон ардын үг байдгийг саяхан сонслоо. Эцэг эхээс хүүхдийн хувь заяа, амьдрал шалтгаалдаг гэдгийг би жил ирэх тусам ойлгодог.
Аймаг орондоо өндөр алба хашдаг хүмүүс андашгүй. Хүүхдүүд нь ихэнхдээ сайн суралцаж, ЭМШУИС, СЭЗДС, МУИС-ийн эдийн засгийн анги сонгоно.  Аав ээж нь аятайхан цэвэрхэн хэрнээ ихэд тохируулж хувцасласан байдал, цэгцтэй яриа хөөрөө, өнгөлөг царай зүс гээд түүний нийгмийн байдлыг илэрхийлэх зүйлс дээр сурлагатай, сайн хуваарь сонгож байгаа  өөртөө итгэлтэй хүүхэд нь түүний  имижийг тодотгодог. Харин тааруухан сурлагатай, доожоо муутай хүүхдийн эцэг эх мөн тийм л байна, ихэнхдээ.
Гэхдээ эцэг эх ядруу айлын хүүхэд бүр муу бишээ. Олон бүлгүүдийн эхний тавд жагсдаг хөдөөний хөөрхөн бор хүүхдүүд бий. Бүлэг бүрийн эхэнд дуудахад татгалзаж байгаа хэлээд ихэмсэгдүү гарч одно.  Узелиэр аль олон зарлагдаж байгаа хүүхэд хуваарь олголтын хэдэн өдрөөр барахгүй, тэр төгсөгчдийн дунд од болон насаараа яригддаг.
Хэдэн жилийн өмнө Дорнод аймгийн Баян-Уул сумын дунд суруулийг төгссөн хүүгийн тухай яриа одоо хэр нь хуучраагүй байна лээ.  Өсгий нь элэгдээд бараг газар хүрчихсэн 1500 төгрөгийн үнэтэй резинэн углааш өмссөн ээжийгээ дагуулж орж ирсэн хүү 800 оноо авч бүлгийн нэгд зогсож байсан учир МУИС-ийн хуваарь авахад ээж нь дургүйцэж сургалтын төлбөрийн мөнгө байхгүй гээд хуваарийг болиулжээ. Тэр үед Баян-Уул сумын сургуулийн захирал Энхбарс байж таараад, “Энэ сумын дарга миний шавь юм. Би түүнд хэлж чамайг сургуульд  явуулна. Хуваариа ав” гэж хэлээд сургуульд явуулсан түүхийг Дорнод аймгийн Боловсролын салбарынхан бахархан ярьж байна билээ. 
Үнэндээ ч ард түмний амьдрал хэцүүхэн гэдгийг хөдөө очоод л мэдэрдэг. Сургууль сонгохдоо төлбөрийг асуух хүмүүс цөөнгүй. Зарим нь төлбөрөөс хамаарч хуваарь сонголт хийдэг гэсэн үг.
Элсэгчид аав ээжийгээ, ах дүүгээ, багшаа, найз нараа дагуулан ирж хуваариа сонгодог.  Ээжийн эсвэл аавын залуужуулсан хувилбар  орж ирнэ. Насны зөрүүтэй хоёр ижилхэн хүн орж ирэх их сонин. Надад сайхан, дулаан мэдрэмж төрүүлдэг болохоор  хуваариа сонгоод гаран гартал нь дагуулан хардаг.
Дийлэнхдээ ээжүүд л хүүхдээ дагуулан орж ирнэ. Тэгсэн хэрнээ аав руу нь ямар хуваарь сонгохыг утсаар асуудаг ч олигтой хариулт өгч сонсогддоггүй юм. Бодоход ээж завгүй аав завтай баймаар.
Ээжээрээ овоглосон хүүхдүүд олон. Ээж охин хоёр ямар мэргэжил сонгохоо шивнэлдэж ярилцана. Ийм хүүхдүүд цаанаа  л нэг итгэлгүй, насандаа баймгүй хэрсүү, бусдаас дутуу гэдгээ  үргэлж мэдэрч, хамгаалж өмгөөлөх аавгүй болохоор харц дальдирах нь цаанаа л өрөвдөлтэй.    Харин элэг бүтэн хүүхдүүд онгироо, аархуу, хэний ч өмнө бардам зогсдог.
Хуваарь сонгоход багш их үүрэгтэй. Багш нарыг хоёр ангилж болмоор. Эхнийх нь үнэхээр мэдлэгтэй, орчин цагийн мэдээлэл сайтай багш нар байна. Тэд шавь нартаа сайн зөвлөдөг. Харин хоёр дахь ангилалын багш нар их мэдэмхий. Тэд мэргэжлийн талаар төдий сайн мэдлэггүй ч ямар хуваарь сонгохыг нь зөвлөдөгггүй, харин зааж өгнө. Өмнөөс нь харамсах үе ч гарна. Гэхдээ тэд надад биш, багшдаа итгэхийг нь мэдэж байгаа учир дуугүй байсан нь дээр байдаг юм.
Олон жилийн туршлага заримдаа тааруухан хуваарь сонгохыг болиулж дөнгөнө. Өнөөх хүүхэд өөрийнхөө хүссэн ангиа сонгоод талархах  хамгийн гоё. Нүд нь гялалзаад л баярласнаа илэрхийлдэг. Энэ өдрүүдээс авдаг хамгийн сайхан мэдрэмж тэр.
Аймаг харгалзахгүй байдаг нэг сонин үзэгдэл Монголчуудын үндсэн зан аашийг илтгэдэг. Хуваарь сонгуулж буй зааланд хүүхдүүд онооны дарааллаар ар араасаа зогсдог юм. Энэ жил Дорнод аймагт 16 дугаар бүлгээс хуваарь сонгох гэж буй нэг охин хуваариа сонгож чадахгүй эргэлзэж байх үед арын хүүхдийн ээж,
-          Ашгүй, миний охины мөрөөддөг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  Сэтгүүлчийн ангийн хуваарь байж байна гэтэл өнөөх хуваариа сонгож чадахгүй байсан охин
-          Би энэ сэтгүүлчийн ангийг авъя гэв
Арын охин уйлж, би ч харамссан юм.
-          Чи итгэлтэй байна уу? Чи сэтгүүлч болох юмуу гэж намайг асуухад, ялсан баатрын дүрээр
-          Би чадна гээд инээмсэглэж билээ.
Ийм сонголттой би бараг зуун удаа таарч байгаа юм. Тийм учир арын хүүхдүүдийг чимээгүй байхыг байнга анхааруулдаг. Хүний юм амттай байдаг юм, манайханд
Зарим охид хувь заяагаа сэтгэл хөдлөлөөрөө л шийдэж орхино. МУБИС-ын бага ангийн багш, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн хуваарь олон байдаг учир эхэнд тийм хуваарь сонгосон охин ангийнхаа охиныг
-          Зулаа чи энэ хуваарийг авчих.  Хоёулаа нэг ангид сурья гэхэд нөгөөх нь хөөрөөд л сонгох орхино. Ингээд л тухайн мөчийн сэтгэл хөөрлөөр хувь заяагаа шийдчих нь тэр.
Увс аймагт хуваарь сонгуулж байхад тавдугаар бүлгээс хуваарь сонгож байсан нэг хүү ШУТИС-ийн үлдсэн есөн хуваарийг дээрээс эхлэн  хоёр удаа тоолов. Чи хуваариа сонгохгүй юуг нь тоолоод байдаг юм гэсэнд
-          Эгчээ одоохон. Би бингодож байгаа юмаа. 28 гэсэн тоо таарсан хуваарийг авах гэж байгаа юм гэж билээ.
Үлдсэн хуваарьт түүний сонгосон хуваарь байгаагүй, Тэгээд ч  Гидромеханик инженер, Дулааны процессын автоматжуулалт, Инженерийн процесын загварчлал,  Метал судлал, технологи, Хүнсний биотехнологи гэсэн хэдэн ангид элсэн хэн болохоо мэдэхгүй, дагаж яваад зөвлөх ээж аав ч байхгүй болохоор нээрээ ч мэргэн сонголт ч байсан байж мэдэхээр байв, дараа бодоход.
Хүүхдүүд хүссэн хуваариаа авч чадахгүй үедээ үйлна, уурлана. Янз янзын л авир гаргана. Тэр бүхэнд эцэг, эх хүүхдийнхээ өмнө гэмшингүй царай гаргаж аргадна. Энэ хавар Дорнод аймагт түүхийн хичээл дээр 473 оноо авсан хүүхэд СУИС-ийн Түүх, музейн арга зүйн ангийг аваад ээжийгээ цохиж аваад баахан уйлж билээ. 
 - Миний дүү хичээлээ давтахгүй дээ гэтэл ээж нь охиноо өмөөрч
- Уг нь хичээлдээ сайн хүүхэд байгаа юмаа. Шалгалтан дээрээ л азгүйтчихсэн юм гэлээ.
Нээрээ азгүйтээ юу гэтэл бусад оноонууд ч барагхан юм харагдав. Эхийн сэтгэл гэж.


Хүний сайн нь

“Аливаа зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулбал тэр зүйл үр дүнд хүрэх нь гарцаагүй” гэдэгт би итгэдэг. Энэ 10 жилийн хугацаанд жилийн 15-20 хоногийг энэ ажилд зарцуулжээ. Мэдээж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан болохоор олон хүнтэй танилцаж, олон зүйлд суралцаж, тэр хэрээр ухаан сууж, юмны наадах цаадахыг эргэцүүлж амьдралаас авах ёстойгоо авсан байж таараа.
Энэ ажлын хамгийн халгамаар зүйл нь шинэ хүмүүстэй танилцах. Тэдний ааш аягийг олж ажлаа аятайхан амжуулах. Бараа зүсийг  нь хараагүй, зан аашийг нь мэдэхгүй хүмүүстэй богино хугацаанд хамтарч ажиллах хэцүү. Жинхэнэ хүний ая эвийг олох хэрэг гарна. Ямар ч хүнтэй зөөлөн, аяар нь харьцахад арга нь олдоно. Энэ хэдэн жил ийм л тактик барьж ирж. Арайхийж хүнийхээ түлхүүрийг олоход ажил дуусч байдаг сан. Энэ миний амьдралдаа олж авсан хамгийн сайн туршлага.
Зарим аймгийн Боловсролын газрынхан хотын комиссыг хөөж туусан, хамтарч ажиллахгүй гээд тамга тэмдгээ аваад зугтсан гэж дуулддаг. Эл явдал ихэнхдээ биднээс л болно. 
2006 онд Хөвсгөл аймагт хамтран ажилласан Төмөрбаатар даргатай Боловсролын газрынхан үнэхээр сайхан хамт олон байж билээ. Ховд, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн дарга нарын голч төв байдлаас их зүйл сурсан. Хөвсгөлийн Мэргэжлийн хяналтын байцаагч Оюун-Эрдэнэ эгчтэй хоёр удаа хамтран ажиллахад их түшиг болж билээ. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Ч.Биндэръяа, 14 дүгээр сургуулийн захирал А.Сэлэнгэбаатар, Дархан-Уул аймгийн байцаагч Амарсанаа гээд донжтой, мэдрэмжтэй сайхан хувцасладаг, эмэгтэй хүний намба төрх ийм л байдаг байх гэж харсан хүн бүхэн бодмоор тийм эмэгтэйчүүдтэй таарснаа аз хэмээн найз хүүхнүүддээ сайрхан ярьдаг.
Би бушуу туулай. Гэрээсээ гарангуут хурдхан харих юмсан гэж бодно. Бас жаргалын удаан, зовлонгийн түргэн нь гэж хэл ам ихтэй ажлыг хурдхан дуусгахыг л хүснэ. Бас хүүхдүүдийн догдолсон сэтгэл, тэднээс ч илүү ирээдүйд нь санаа зовон байгаа эцэг эхчүүд нүдэнд харагддаг. Өөрөө хөдөөнийх ч болоод тэр үү, хөдөөний хүмүүст арай л элгэмсүү.  Хүүхдээ аятайхан сургуулийн бараа харуулчих санаатай  хөдөөнөө мал ахуй, сүү саалиа орхиод хамаатан садныдаа ирсэн эцэг эхчүүд хэд хоног халуун халж, бороонд шавшуулан узель чагнан өглөө найман цагаас шөнө дөл хүртэл гадаа зогсдог. Аймгийн төвд байх айлгүй хүмүүс нь буудалд байцгаана.  Хөдөөнийхний амьдрал ахуй юу билээ дээ. Ингээд л хүний өмнөөс санаа зовох өвчтэй болохоороо нэг хоногийн өмнө ч дуусгах юмсан эж бас бодно.
МИДСК намайг олон жилийн туршлагатай хэмээн олон хүүхэдтэй том аймагт томилно. Ховд, Увс, Дархан, Орхон, Дорнод гэсэн аймгуудийг хоёр өдөр хагастай л “дуудна”.  Нийцтэй сайхан аашгүй болохоороо олон хүн ажиллуулах дургүй. Зарим комиссыхныг харахад орон нутгаас олон хүн дайчилж, хэтэрхий олон хоног ажиллаж байгаа харагддаг. Хүний олноор биш,   сайн зохион байгуулахаас хамаарах юм шиг санагддаг ч тайландаа энэ тухай бичихээс залхуурсаар өдий хүрчээ. Элсэлтийн шалгалт дууссаны дараа аймаг болгон “Чи их хурдан ажиллах юм. Ноднингийн комисс тэд хоног, уржнангийн комисс төд хоног ажилласан юм” гэдэг үгийг ёс юм шиг хэлдэг.   Би ч сонсох дуртай байдаг юм.

 Баян-Өлгий - Сүхбаатар - Хөвсгөл - Ховд - Увс - Хөвсгөл - Говь-Алтай - Орхон - Дархан-Уул - Дорнод